Мөн өнөөдрийн хурлаар 2016 он гарснаас хойш Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийг хамран тархсан мал, амьтны гоц халдварт хонины цэцэг өвчний талаар мэдээлэл хийлээ.Уг өвчин нь 2013 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд бүртгэгдсэнээс хойш 2015 оны 1 дүгээр сард Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гарч, өвчний тархалт газар авсаар ийнхүү 5 аймгийн 24 суманд давхардсан тоогоор 47 удаагийн тохиолдол оношлогдож, 1431 малыг зааврын дагуу устгасан.
Он гарснаас хойш Сүхбаатар, Төв аймагт 19 мянган тун вакцин хүргэх ажлыг зохион байгуулсан байна. Одоогоор вакцины болон үйлдвэрлэх түүхий эдийн нөөц бүрэн дуусаад байгаа аж.
Хурлын төгсгөлд МУ-ын Шадар сайд Ц.Оюунбаатар, Мал эмнэлэг, үржлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарт хандан зудын гамшиг, мал, амьтны гоц халдварт шүлхий, хонины цэцэг зэрэг өвчний улмаас хорогдсон болон зориудаар устгасан малын сэг зэмийг устгах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх арга хэмжээг аймаг, нийслэлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран тухай бүр шуурхай зохион байгуулж, шаардлагатай эм, биобэлдмэл, бодисоор хангаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо.