Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 25-нд Алтайн салбар уулсаар, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-16 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Нууруудын хөндий болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дүгээр хороо, “Налайх АЗЗА” ХХК-ийн агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 17:25 цагт очиход тус компанийн 12х30 метрийн хэмжээтэй агуулахын хана шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “1 дүгээр ферм”-ийн /аймгийн төвөөс хойд зүгт 125 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 3 км-т/ 1 дүгээр гудамжны 1 тоотод Иргэн О-ы үнээний ферм шатаж байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 11:19 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дэх Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 11:27 цагт очиход иргэн О-ийн 7х11 метрийн хэмжээтэй үнээний ферм шатаж байсныг 4 цаг 8 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Хувийн байрны 8 дүгээр гудамжны 1 тоотод Иргэн Х-ын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 13:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 13:08 цагт очиход иргэн Х-ын “Соната-7” загварын суудлын автомашины бүхээг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн 21 дүгээр зуун хорооллолд иргэн Ж-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 03:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 03:39 цагт хүрэлцэн очиход иргэн Ж-ын 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

3.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Үер – Уруйн үер: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1, 2, 3 дугаар багуудад 06.22-ны өдрийн 14:55-15:20 цагт аадар бороо орсны улмаас 11 гэр, 2 орон сууц, 2 байгууллагын зоорийн давхар уруйн үерт автсан тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 16:10 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, тус сумын мэргэжлийн ангийн ажилтнууд 06.22-ны өдрийн 16:20 цагаас уруйн үерт автсан 4 гэрийг нүүлгэн шилжүүлж, орон сууц болон байгууллагуудын зоорийн давхрын усыг мотопомпоор соруулж, ус зайлуулах 60 метр шуудуу татаж, 3 айлын эд хогшил, бичиг баримтыг гэрээс нь гарган иргэдэд хүлээлгэн өгсөн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Увс аймгийн Ховд сумын Ховд багийн сумын төвд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т/ 06.14-ний өдрийн 11:00 цагийн орчим иргэн Л /46 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ сураггүй болсон тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн тасагт 06.17-ны өдрийн 14:15 цагт мэдэгдэж, 06.17-06.21-ний өдрүүдэд тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “Ховд” голын хөвөөгөөр 30 км-т явган болон мотоциклтой, “Ховд” сумын төвөөс “Бэлчир” гэдэг газар хүртэл 20 км-т мотоциклоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 06.22-ны өдрийн 22:15 цагт очиж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 06.23-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top