Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүсэж, нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 10-15 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Говь-Алтайн нуруу, Хангайн нурууны өвөр бэл, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 27-29 градус дулаан байна. Оройдоо эрс сэрүүснэ.

Төлөв байдал: 29, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-р сарын 01, 02-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 29-нөөс ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран-Уулын Задгайд иргэн М-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 09:48 цагт хүлээн авсан.Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 9 км замыг туулан 10:01 цагт очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр)сумын 1 дүгээр багийн “Залуус” хорооллын 12 дугаар гудамжинд иргэн Ч-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 11:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 12:04 цагт очиход иргэн Ч-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Богдхаан” амралт явах замд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 14:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 14:59 цагт очиход иргэн Аийн “Тоёота Ист” загварын суудлын автомашин, иргэн Ц-ийн “Тоёота Акуа” загварын суудлын автомашины буфер, гэрэл галд хайрагдаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Баянбулаг” зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 01:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 01:24 цагт, хүч нэмэгдүүлж Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 18.5 км замыг туулан 01:34 цагт очиход иргэн Д-ийн 5×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Сайханы саравч”, “Чингисийн өвөлжөө” гэдэг газар Иргэн М нь охин А-гийн хамт мориор “Туул” голыг гаталж байхад морь нь живсэн бөгөөд голын арал дээр байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 12:43 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн завьт эргүүлийн алба хаагчид 13:05 цагт очиход Хан-Уул дүүргийн харьяат иргэн М /30 настай, эрэгтэй/, А /4 настай, эмэгтэй/ нар голын арал дээр байсныг аврах завь ашиглан гаргаж, А-гтус дүүргийн Яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Баянцагаан даваа”-ны орчим “Туул” голыг 2 иргэн гаталж чадахгүй байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн завьт эргүүлийн алба хаагчид 14:12 цагт очиход Баянзүрх дүүргийн харьяат иргэн М /48 настай, эрэгтэй/, С /43 настай, эмэгтэй/ нар “Туул” голын арал дээр байсныг аврах завь ашиглан гаргаж, аюулгүй бүсэд гаргасан.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ багийн “Баянцагаан-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 177 км-т, сумын төвөөс хойд зүгт 27 км-т/ 06.27-ны өдрийн 17:00 цагийн орчим “Хэрлэн” голд 1 хүн осолдсон тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 27 км замыг туулан 18:30 цагт очиход  Баянзүрх дүүргийн харьяат иргэн Т/31 настай, эрэгтэй/ “Хэрлэн” голд осолдсоныг “Баянцагаан-Уул” гэдэг газраас “Хошуу бургас” гэдэг газар хүртэл 8 км-т голын сав дагуу явганаар болон автомашинтай самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 23:30 цагт түр зогсоосон.  06.28-ны өдрийн 04:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Хүч нэмэгдүүлж Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 06.27-ны өдрийн 20:20 цагт хөдөлгөөн үйлдэж, 06.28-ны өдрийн 04:45 цагт очиж, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын орчим “Туул” голыг морьтой хүн гатлах гэж явж байгаад живсэн тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 18:49 цагт хүлээн авсан.Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11 км замыг туулан 18:20 цагт очиход Биокомбинатын модон гүүрнээс зүүн тийш 400 метрт Хан-Уул дүүргийн харьяат Ө /17 настай, эрэгтэй/ “Туул” голыг морьтой гатлах үедээ осолдсон тул осолдсон газраас 3 км-т завиар урсаж, 3-6 метрийн гүнд 15 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. 06.28-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Хар хошуу”-ны орчим “Туул” голд автомашинтай 3 хүн живж байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан 22:57 очиход Сүхбаатар дүүргийн харьяат иргэн П /26 настай, эрэгтэй/-ийн “Приус 20” загварын суудлын автомашинтай Баянзүрх дүүргийн харьяат иргэн Б /26 настай, эмэгтэй/, Н /24 настай, эмэгтэй/ нар “Туул” голд живж байсныг аврах завь ашиглан гаргаж, иргэн М-д хүлээлгэн өгсөн.

Өндрөөс унах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 51Д байрны дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 22:43 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км замыг туулан 22:57 цагт очиход Сэлэнгэ аймгийн харьяат Х/29 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/ тус байрны дээврээс зүүгдсэн байсныг аюулгүй буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top