Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс  6-11 м/с, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор 11-16 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 32-37 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи өмнөөс 5-10 м/с. өдөртөө 31-33 градус дулаан байна.

Төлөв байдал:  28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн зүүн хагаст, 7 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 28-нд нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-нд нутгийн зүүн хагаст аагим халуун байх боловч 29-нөөс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багийн 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 11:25 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 11:28 цагт очиход иргэн Г-ын 5 ханатай гэр шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны “Монлаа”-ны 14 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 15:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 15:06 цагт очиход иргэн З-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны “Хангай”-н 17 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 15:47 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 15:56 цагт очиход иргэн П-ийн 5 ханатай гэр, 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 3х7 метрийн хэмжээтэй гражын дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны “Мандал-Овоо”-гийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 17:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 18:06 цагт очиход иргэн Х-ын 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.  

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хөхөө багийн Хөвөн хорооллын “Задгай”-д байшин шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн О-ын 7х8 метрийн хэмжээтэй байшин шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 06.27-ны өдрийн 00:27 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит багийн “Задгай”-д Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 04:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 04:13 цагт очиход иргэн Б-ын 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан. 

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн Өвөр хужирт гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 32 км-т, Ө-48°37”48”, У-100°15”36”/ 06.27-ны өдрийн 00:44 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 00:52 цагт ООГХ-ээс цахим шуудангаар иүүлсэн. Тус амйгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Автозамын тээврийн осол: Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн “Үзүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/ Ачааны автомашин онхолдсон тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 00:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 10 км зам туулан 01:03 цагт очиход Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд авто замын зорчих хэсэгт Н-ын эзэмшлийн “Волва FM-400″ загварын зүтгүүр замын хажуу руу унасан байсныг татаж босгосон.

Төмөр замын тээврийн осол: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Цагаан тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 214 км-т, сумын төвөөс зүүн зүгт 6 км-т, У-48°96”40,8’”, Ө-105°05”46’”/ 06.22-ны өдөр Орхон суманд 28 мм-ийн усархаг бороо орж төмөр замын ул шороо угаагдаж, төмөр замд гэмтэл гарсны улмаас Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэгний вагон төмөр замаас гарсан тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:45 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 54 км замыг туулан 02:38 цагт очиход “Салхит” өртөөнөөс “Эрдэнэт” өртөөний чиглэл дэх 78 дугаар км-т пк10 3200-2 дугаартай ачааны галт тэрэгний 8 вагон /6 вагон дизел түлш, 1 вагон элс, 1 вагон масло/ замаас гарч унасан, 3 вагоноос түлш гоожиж байсан тул түлшний асгаралтыг зогсоох, юүлэх, сэргээн босгохоор тус аймгийн Салхит сум дахь Улаанбаатар төмөр замын Аврах анги, Сайхан сум дахь Цагдаагийн хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Төмөр замын цагдаагийн тасаг, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны алба хаагчид, Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд ажиллаж байна. Мөн Зам тээврийн хөгжлийн яамны 2 ажилтан болон Улаанбаатар төмөр замын орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг очсон ажиллаж байна. 05.26-ны 06:00 цагийн байдлаар 6 вагоныг босгож, түлш /360 тн/-ийг юүлж дуусгасан бөгөөд 1 вагон техникийн тос /60 тн/-ыг мөн өдрийн 16:10 цагт юүлэн авч 19:10 цагт вагоныг татан босгосон бөгөөд татан босгосон вагонуудыг “Салхит” өртөөнд хүргэсэн. Эвдэрсэн төмөр замыг сэргээн босгож Галт тэрэгний хөдөлгөөнийг хэвийн болгосон.

Усны осол: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны “Байтаг богд” уул гэдэг газар /дүүргээс хойд зүгт 15 км-т/ Зугаалж байсан 3 хүн “Лексүс-470” загварын суудлын автомашинаар “Туул” гол гаталж байгаад живсэн тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан алба хаагчид 15 км зам туулан 13:00 цагт очиход Налайх дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн М /43 настай, эрэгтэй/, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн Х /26 настай, эмэгтэй/ нар эсэн мэнд гарсан байсныг дүүргийн Эрүүл мэндийн төвд, Налайх дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн О /21 настай, эмэгтэй/ автомашинтайгаа живж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн бөгөөд 15:37 цагт “Лексүс-470” загварын  суудлын автомашиныг 6 метрийн гүнээс татан гаргасан.   

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Их-Ам” гэдэг газар Иргэн Ё-нь 06.24-ний өдөр иргэн О-ын малыг тууж гэрт нь хүргэж өгөөд харих замдаа сураггүй болсон тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 22:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан алба хаагчид 06.26-ны өдрийн 09:20 цагаас эхлэн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат иргэн Ё /22 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 14:00 цагт тус хорооны “Хөх давааны-Энгэр” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 5 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Бусад төрлийн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Ногоон дэнжийн “Хар хошуу” гэдэг газар Туул голын усанд хийлдэг завиар зугаалж байсан 2 хүний завь нь хөмөрч голын гүехэн хэсэгт усанд унасан гол гаталж чадахгүй байгаа тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 22:55 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 22 км зам туулан 23:15 цагт очиход Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны харьяат иргэн Б/50 настай, эрэгтэй/, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны харьяат иргэн Ж/50 настай, эрэгтэй/ нарыг голын уснаас эсэн мэнд гаргаж аюулгүй газарт хүргэсэн. 

5.Мэдээлэл:

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн “Омтын шанд” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ 06.24-ний өдрийн 17:00-19:00 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсоны улмаас үер болж 2 айл өрхийн бог мал хорогдсон.  Малчин Ж-ын 22 бог мал, Б-ын 446  бог мал, нийт  бог 468 мал үерт өртөж хорогдсон тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 06.26-ны өдрийн 19:45 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top