Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Архангай, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орж, говийн нутгаар салхитай байлаа. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орно. Нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, тал хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи хойноос 7-12 м/с, сэрүүсэж 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 7 дугаар сарын 01-ний өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, 2, 3-ны өдөр нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 

2.Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Зүүн Алтан-Өлгий”-ийн задгай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 12:46 цагт очиж, иргэн Г-ын 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.      

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багийн 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 12:45 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 12:50 цагт очиж, иргэн Э-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшингийн 4х4 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 34 минут ажиллаж унтраасан.       

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 7 дугаар хэсгийн 3 дугаар гудамжны задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 13:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 13:57 цагт очиж, иргэн Н-ийн 5 ханатай гэр 5 минут ажиллаж унтраасан.      

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Шовголдой гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ 06.28-ны өдрийн 18:00 цагийн орчим аянга бууж, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг мөн өдрийн 18:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 70 км замыг туулан 20:05 цагт очиж, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хамтран ажиллаж, 06.29-ний өдрийн 02:25 цагт түймрийг унтрааж, Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. /Түймэрт урьдчилсан байдлаар 10500 га талбай шатсан/

4.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга – Хүчтэй салхи шуурга: Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн “Борзон” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км-т, сумын төвөөс урд зүгт 50 км-т/ 06.28-ны өдрийн 16:00 цагийн орчим 20-22 м/с хүчтэй түр зуурын хуй салхи үүссэний улмаас 2 өрхийн 2 гэр, 1 чингэлэг нурсан тухай мэдээллийг мөн өдрийн 19:13 цагт хүлээн авсан.  Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 06.28-ны өдөр очиж, нөхцөл байдалтай нь танилцсан. Тус сумын харьяат малчин Б-ын 4 ханатай гэр, 3х6 метрийн хэмжээтэй чингэлэг, малчин А-ийн 4 ханатай гэр тус тус нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Үер – Усанд автсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багт 06.28-ны өдрийн 11:14 цагаас 22:00 цагийн хооронд орсон усархаг борооны улмаас үер бууж, үерийн далан сэтэрч тус баг дахь 13, 36 дугаар байрны орц болон Нисэх багийн 17, 22, 25, 26 дугаар гудамж дахь 5 өрх айл усанд автсан тухай дуудлагыг 06.28-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 5 цаг ажиллаж, тогтсон усыг шуудуй татан урсган, нийт 23 метрийн урттай үерийн даланг сэргээн засварлаж, 2 байрны 2 орцны усыг соруулж аюулгүй болгосон.

  5.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

 Усны осол: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ багийн “Баянцагаан-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 177 км-т, сумын төвөөс хойд зүгт 27 км-т/ 06.27-ны өдрийн 17:00 цагийн орчим “Хэрлэн” голд 8 хүн зугаалж явснаас 1 хүн осолдсон тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Түмэнцогт сум дахь цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 06.28-ны өдрийн 04:45 цагаас мөн өдрийн 21:20 цаг хүртэл нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат Т /31 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 06.28-ны өдрийн байдлаар тус сумын Лхүмбэ багийн “Баянцагаан-Уул” гэдэг газраас зүүн зүгт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Батхаан багийн “Өндөр цэгц” гэдэг газар хүртэл 35 км-т 2 удаа “Хэрлэн голын усаар завьтай урсаж, 3-4 метрийн гүнд 58 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу явганаар болон автомашин, мотоциклтойгоор 35 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:20 цагт түр зогсоосон. 06.29-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын орчим “Туул” голыг морьтой хүн гатлах гэж явж байгаад живсэн тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 18:49 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 06.28-ны өдрийн 08:00 цагаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Ө /17 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:00 цагт тус дүүргийн 12 дугаар хороо, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хойд тал дахь “Туул” голын уснаас цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Хагийн хар нуур” гэдэг газрын чиглэлд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 193 км-т, сумын төвөөс хойд зүгт 110 км-т/ Багануур дүүргийн харьяат 2 хүн самар түүхээр 06.15-ны өдөр “Хагийн хар нуур” гэдэг газрын чиглэлд явсан бөгөөд 06.20-ны өдөр 1 хүн нь гэрлүүгээ буцна гэж яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж өгөх хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 06.28-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн М /47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайхаар 06.28-ны өдрийн 20:14 цагт тус аймгийн Эрдэнэ сумын чиглэлд хөдөлгөөн үйлдсэн. Эрдэнэ суманд очиж мөн өдрийн 22:30 цагт очиж хоноглоод, 06.29-ний өдрийн 06:00 цагт тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар хөдөлсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top