С.Гантулга: Хүний мөрөөдөл ажил мэргэжил байдаг

186481214_304767574478459_7689382581011102914_n.jpg

 “Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа С.Гантулгыг урьлаа. Тэрээр төрийн тусгай албанд 23 жил ажиллаж байгаагаас Онцгой байдлын байгууллагад 17 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад /тухайн үеийн Аврах тусгай анги/-ын отрядын орлогчоор ажлын гараагаа эхэлж байсан.Түүнээс хойш  2006-2008 онд Баянхонгор аймгийн ОБХ-ийн хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, 2008-2012 онд Үндэсний аврах бригадын төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, отрядын дарга,  2012-2016 онд Нийслэлийн ОБГ-т мэргэжилтэн, Баянзүрх дүүргийн ОБХ-т Сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ерөнхий зохицуулагч,  2016-2019 онд ОБЕГ-ийн Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн ерөнхий зохицуулагч, 2019 оноос өнөөг хүртэл Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байна.

-Солонгын 7 өнгөнөөөс өөрийгөө аль өнгөтэй зүйрлэх вэ? Яагаад энэ өнгөтэй зүйрлэх болов?

-Шаргал өнгөтэй зүйрлэнэ. Намуун дөлгөөн, тайван сайхан өнгө. Миний дотоод мөн чанартай их ойрхон өнгө гэж бодож байна. Солонгын 7 өнгө тэнгэрт байж байгаад замхардаг шиг хүний амьдралын муу муухай нь арилж, жаргал, инээд баясал, сайн сайхан нь бидэндээ шингэж үлдэж байгаасай даа л гэж боддог доо.

-Хүний сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу? Яагаад?

-Би ч насаараа Цэргийн байгууллагад ажиллаж байгаа хүн. Анх ардчилал Монголд гарч ирж байхад их сонирхдог байлаа. Тэгэхээр улс төр юм шиг байгаа юм. Одоо ч сонирхоно, Гэхдээ Төрийн тусгай албан хаагчид хуулиар хориотой байдаг учраас хүсэл төдий л  байна даа. /инээв/

-Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Хүн өмнөө том зорилго тавьж, түүнийхээ төлөө тэмцэж чадвал хүсэл мөрөөдөлдөө хүрэх боломжтой гэж боддог. Миний хувьд хүүхэд байхаасаа л цэргийн дарга болно гэж мөрөөддөг байсан. Тиймээс ч 10 жилийн сургуулиа төгсөөд уралдаант шалгалт өгч 38 хүүхдээс оноогоор хоёрт жагсаж, 1986 онд ЦНДС-д ерөнхий цэргийн ангид элсэн орж, байлаа. Түүнээс хойш одоог хүртэл албаараа гоёж байна.  Ер нь хүний мөрөөдөл ажил мэргэжил байдаг.

Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтанд хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол….?

Би удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг миний хийх ёстой ажил, гүйцэтгэх ёстой үүрэг гэж хардаг. Ажилдаа чин сэтгэлээсээ хандсан цагт амжилт ирнэ гэж боддог доо.  

-Магтаал шүүмжлэл хоёрын аль нь таныг хурцалдаг вэ?

-Хоёулаа намайг хурцалдаг. Хүн  өөрийгөө танин мэдэх,  сул талаа давуу тал болгохын төлөө байнга суралцах боломжийг өөртөө олгож байх ёстой. Ямарваа нэгэн асуудлыг 100% хийхэд 90% нь бэлтгэн ажил, 10% нь  гүйцэтгэл байдаг. Бэлтгэлээ муу хангасан ажил давсгүй хоол, сүнсгүй бие л гэсэн үг дээ. Зөв замаа олоод цаашлахад эргээд магтаалд хүрэх үндсэн суурь болно.

-Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?

  Аз жаргал бол хүний дотор ертөнцөд оршдог. Хүн байгаа юмандаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Байгаа болгондоо талархаж, баярлаж, баярлуулж, цааш нь төгөлдөржүүлээд явах нь аз жаргал юм уу даа. Өглөө ажилруугаа яардаг, орой гэрлүүгээ яардаг хүн хамгийн аз жаргалтай байдаг гэдэг үгтэй  санал нэг байдаг.

-Таны бахархал?

 Миний бахархал бол эх орон, ажиллаж байгаа Онцгой байдлын алба, хамт олон минь юм. Цаашлаад аав, ээж, хань, үр хүүхдүүдээрээ бахархаж явдаг. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн хамт олноороо онцгойлон бахархаж ажиллаж амьдарч байна. Манай хамт олон бол үнэхээрийн ажилсаг, эвсэг, хүчирхэг, сайхан хамт олон. Ийм сайхан аавын хүү, ээжийн охидуудыг удирдан, нутаг, ард олныгоо гамшиг осол, гал түймрийн аюулаас авран хамгаалж, урьдчилан сэргийлж зүтгэж яваадаа бахархдаг.

-Таныг цэргийн хүнээс гадна өөрөөр юу гэж тодорхойлж болох вэ?

 Би аав, ээжийн хайртай хүү. Үр хүүхэд, ач зээ нарынхаа эрхэм аав, өвөө. Ханыхаа түшиг тулгуур, найз нөхдийнхөө итгэлт анд, хамт олныхоо нэг эд эс гэж л тодорхойлно доо.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

scroll to top