Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны зургадугаар сарын 30-нд болж коронавирус халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны наймдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа.
Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ аймагт коронавируст халдвар хүн амын дунд тархсан буюу улаан түвшинд байна.
Олон улсад ялангуяа, манай хөрш ОХУ-д коронавируст халдварыг үүсгэгч альфа, бетта, дельта, БНХАУ-д альфа, бетта, гамма хувилбарын вирус бүртгэгдэж байна.
Дэлхийн хэмжээнд болон Монгол Улсад коронавируст халдварын цар тахлын тархалт буурахгүй, нэмэгдэж байгаатай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, эрдэмтдийн зөвлөмж, эрсдэлийн үнэлгээний багийн дүгнэлт зэргийг үндэслэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээлэв.