1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. 14-16 градус дулаан байна.
Төлөв байдал: 7-р сарын 2-нд нутгийн зарим газраар, 3-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 4-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байрны хойд талд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 21:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 21:38 цагт очиж, “Эко” авто угаалгын барилгын хана шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Цагаан-Эрэг” гэдэг газар 3 хүн “Улиастай” голыг явганаар гаталж явахдаа 1 хүн осолдсон тухай дуудлагыг 06.30-ны өдрийн 13:36 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 31 км замыг туулан 14:30 цагт очиж, Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Ц /31 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 15:10 цагт “Улиастай” голоос цогцсыг олж гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Хагийн хар нуур” гэдэг газрын чиглэлд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 193 км-т, сумын төвөөс хойд зүгт 110 км-т/ Багануур дүүргийн харьяат 2 хүн самар түүхээр 06.15-ны өдөр “Хагийн хар нуур” гэдэг газрын чиглэлд явсан бөгөөд 06.20-ны өдөр 1 хүн нь гэрлүүгээ буцна гэж яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж өгөх хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 06.28-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 06.30-ны өдрийн 06:00 цагаас эхлэн иргэн М/47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:38 цагт “Хүлэр” гэдэг газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР