Энэ удаагийн “Онцлох зочин”-оор Нийслэлийн Онцгой байдлын газрын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатыг урилаа. Түүний удирдсан Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс 2019, 2020 онуудад Онцгой байдлын байгууллагын болон Нийслэлийн Онцгой байдлын газрын “Шилдэг хэлтэс”-ээр дараалан шалгарсан, ажил үйлсээрээ тэргүүлэгч хамт олон юм. Хурандаа Л.Чинбатын хувьд тус хэлтэстээ салаан даргаас хэлтсийн дарга хүртэл дэвшин 18 жил ажиллаж байна. Ингээд түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө толилуулья.
-Нэг хэлтэст, өөрөөр хэлбэл нэг газартаа 18 жил тогтвортой ажиллана гэдэг тушаалаар явдаг цэргийн хүний хувьд их онцлог сонсогдож байна л даа. Ингэхэд ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
-Завхан аймгаас ажлын гараагаа эхэлсэн. 1996 онд Батлан хамгаалахын их сургуулиа төгсөөд нийслэлийн гал унтраах 10 дугаар ангид 6 сар дадлага хийсэн. Мөн Нефьт баазын 29 дүгээр ангид нэг сар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дадлага хийгээд, Завхан аймагт нефьтийн гэрээт байцаагчаар томилогдон ажилласан. Ингээд 2000 онд нефьтийн гэрээт байцаагч нар татан буугдсанаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын 50 дугаар ангид салаан захирагчаар томилогдсон. Тэндээсээ Налайхад ирснээр 2004 оноос өнөөдрийг хүртэл Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэстээ салаан даргаас хэлтсийн дарга хүртлээ ажиллаж байна даа.
-Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ажиллаж байсан хүн Гал түймэр унтраах ангид салаан даргаар томилогдоход ялгаа хэр мэдрэгдэв. Мэдээж ажиллах орчин нөхцлийн хувьд тэс өөр байсан байх?
-Мэдээж ялгаа байлгүй яах вэ. Байцаагч бол бүх хариуцлагыг өөрөө л үүрнэ. Хүний өмнөөс хүнд загнуулахгүй, хүн хариуцахгүй.
Гэтэл салаан дарга болоод ирэхээр дор хаяж 10 хүн хариуцаж ажиллах болж байгаа юм. Тэр 10 хүний бэлтгэл, бэлэн байдал гээд бүх зүйлийг хариуцаж, үүрэг чиглэл өгнө гэдэг амаргүй. Нэг ёсондоо тэр салааныхны амьдрал ахуй, нийгмийн асуудал гээд бүгдийг мэддэг байх хэрэгтэй болно. Аавынх нь оронд аав, ээжийнх нь оронд ээж, ахынх нь оронд ах болно. Ингэж л ажиллаж ирсэн.
Түүнчлэн манай анги байрлах Булган аймгийн Хялганат бол нарс ихтэй, ойн түймэр их гардаг газар. Галын байгууллага өмнө нь ой, хээрийн түймэрт явдаггүй байсан юм. Гэтэл намайг Хялганатад томилогдох үед гурван байгууллага нэгдээд ой, хээрийн түймэрт явдаг болчихсон. Өмнө нь обьектын түймэрт л явдаг байсан хүн чинь ойн түймэрт явахад бас л ялгаатай. Ойн түймэр талын түймэр шиг цурав тавьж болохгүй гээд онцлогтой. Тэр үед бид чинь хоол унд гэх ч олигтой юмгүй, бэлэн гоймон халааслаад л явдаг байлаа шүү дээ. Техник, тоног төхөөрөмжийн хувьд ч тааруухан л байсан. Хамгийн удаандаа бүтэн гурван сараар түймэрт явж байсан тохиолдол бий. Долдугаар сарын 4-нд гараад аравдугаар сарын 4-нд бууж ирж байлаа шүү дээ. Одоо бол байгууллага маань хөгжөөд сайхан болж байна.
-Тэгээд Налайхад ирэхэд бас л эрс өөр орчин байсан биз. Томилогдож ирсэн үү, эсвэл?
-Налайхад би өөрийн хүсэлтээр ирсэн. Хот руу орж ажиллая гэсэн хүсэлт гаргаад, төвийн дүүргүүдэд орон тоо байхгүй учир Налайхад ажиллавал ажилла гэснээр Налайхын хэлтэстээ ирсэн. Мэдээж Налайхад ирэхэд шал өөр байсан л даа. Булган бол обьектын түймэр багатай. Гэтэл энд ирэхэд обьектын түймрээс гадна уурхайн осол, ой, хээрийн түймэр, үер, усны дуудлага, малын гоц халдварт өвчин, автын осол гээд… Маш олон чиглэлээр ажиллах хэрэгтэй болсон. Зөвхөн гал түймэрт явдаг байсан бол хүн, малын гоц халдварт өвчний үед яаж ажиллах вэ, уурхайн аваар осол дээр яаж ажиллах вэ, автын ослын үед яах ёстой вэ гээд суралцах зүйлүүд их байсан. Ерөнхийдөө олон зүйлд хөрвөж ажиллах шаардлагатай болчихож байгаа юм.
Тэр дундаа манай Налайх дүүрэг их онцлогтой газар. Төв замын огтлолцол дээр байдаг, аялал жуулчлалын томоохон бүс нутгийг хамардаг учраас бусад дүүргүүдийг бодвол бүх төрлийн гамшиг, ослын дуудлага ихтэй. 2021 он гарсаар зөвхөн усны дуудлага гэхэд таван удаа гарч, 11 хүний амь насыг авран хамгаалж, нэг хүүхэд эндсэнийг эрэн хайх ажиллагаа явуулж, цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
-Налайх дүүрэгт гарсан гамшиг ослын дуудлагын мэдээг харж байхад дандаа хурандаа Л.Чинбатаар ахлуулсан бүлэг ажиллалаа гэсэн байдаг. Тэгэхээр та алба хаагчдадаа өөрийн биеэр үлгэрлэх дуртай хүн юм аа даа?
-Онцгой байдлын байгууллагад ажиллаж байгаа л бол дарга гээд дуудлагад явахгүй байж болохгүй. Өнөөдөр чи дарга болсон бол ямар ч дуудлага дээр очоод аврах ажиллагаагаа удирдан зохион байгуулах чадвартай байх ёстой. Аврагчид л ажиллах ёстой гээд хараад зогсоод байж болохгүй. Аврагч ч гэсэн хүн учраас ядарна. Тийм үед нэг олсных нь үзүүрээс татаад өгчих юмсан, завийг нь жаахан ч гэсэн сэлүүрээд өгчих юмсан гэж боддог. Энэ олон хүний амь нас, аюулгүй байдлыг хариуцаж байгаа учраас гамшиг ослын голомтод ч хамтдаа явж, эрсдэлийг хамтдаа үүрэх хэрэгтэй. Жаргах цагт нь ч хамтаа жаргана л гэж боддог.
-Энэ таны ажилдаа баримталдаг гол зарчим гэж ойлгож болох уу?
-Тийм. Ерөөсөө л жаргах цагтаа хамт олонтойгоо хамтдаа жаргах ёстой. Зовох үедээ ч хамтдаа байх ёстой. Түүнээс биш би дарга гээд хойшоо сууж болохгүй.
-Тийм бол Налайх дүүрэгт ажиллах хугацаанд хэчнээн дуудлагад явсан бол. Таны явсан дуудлагаас сэтгэлээс гарахгүй үлдсэн дуудлага байдаг болов уу?
-Яг төдөн удаагийн дуудлагад явсан гэж тоолж үзээгүй юм байна. Багцаагаар бодоход гурав, дөрвөн мянга гаруй дуудлагад ажилласан байх.
Сэтгэлээс гарахгүй, сэтгэлд юм бодогдуулж үлдсэн хоёр ч дуудлага бий. Нэг нь усны осол, нөгөө нь автын аваар. Усны ослын хувьд хоёулаа хэлгүй залуу хос дөрвөн настай хүүхдээ усанд алдчихсан дуудлага байсан. Хэлгүй учраас юм хэлж чадахгүй, шороо самардаад л орилоод, хуруу гар нь гозолзоод байдаг. Ус руу орчих гээд байдаг. Бид өнөө хүмүүстэйгээ ойлголцож чаддаггүй. Тайвшруулах гэхээр тайвшруулж чаддаггүй. Бас л Тэрэлжид зугаалж яваад, хүүхдээ усанд осолдуулчихсан байсан юм. Үнэхээр сэтгэл шимширч байсан. Надад их эмзэг туссан.
Дараагийн дуудлага нь Сүхбаатар аймгаас Улаанбаатар руу ирж явсан 43 хүний суудалтай автобусны осол. Тэр ослын үеэр эмгэнийх нь гэдэс нь цувчихсан, өвгөн нь толгойг нь тэвэрч суусаар амьсгал татуулахыг харсан. Нулимс нь урсаад л. Яах ч арга байгаагүй. Хүн гэдэг бол… Нэг талдаа тэр хоёрыг харахаар хүний хайр гэдэг агуу юм даа гэмээр. Үнэхээр хэцүү юм билээ.
-Ийм зүйл дээр очиход сэтгэлийн хат шаардагдана. Одоо ч таны хувьд сэтгэлзүйгээ удирдаад сурчихсан байх. Залуу байхад шантрах үе байв уу?
-Байлгүй яах вэ. Ээ мөн хэцүү юм байна. Ингэж яваад дэмий ч юмуу гэж бодогдох үе байна шүү дээ.
Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм болохоор өөрөө өөрийгөө л зөв залж явах ёстой. Тийм болохоор бид чинь малгай дээрх албан соёмбондоо итгэж, бахархаж явдаг даа. Юун дээр ч очсон хүн сүжгээр эдгэж, сэжгээр өвддөг гэдгийг санаж, сэтгэлээсээ л цээрлэхгүй байвал тухайн хүнд янз бүрийн зүйл тохиолдохгүй дээ.
-Тэгвэл таны ажилдаа баримталдаг зарчим хувь амьдралдаа баримталдаг зарчим ижилхэн үү?
-Өө бараг адилхан даа. Амьдрал дээр бол авгайд л загнуулж байна ш дээ/инээв/. Ажил дээрээ бол өөрөө очиж загначихаад… Ер нь бид хэдийгээр айл гэрийн ноён нуруу гэгддэг ч яс юман дээрээ айл гэрийн амьдрал эхнэр хүний ухаан дээр л явж байгаа юм шүү дээ. Сайхан хамт олон, сайн ханийн хүчинд л өдий зэрэгтэй явна. Тиймээс хань, үр хүүхдүүдээ хайртай шүү гэж хэлье.
-Гэргийтэйгээ хэзээ танилцаж байв. Хэзээд найдвартай ар талыг чинь дааж байдаг гэр гийгүүлэгчээ бидэнд танилцуулахгүй юү?
-Хотод амралтаараа ирчихээд явж байхдаа танилцсан юм. Хань минь одоо Налайх дүүргийнхээ цахилгаан холбооны дарга хийдэг. Бид гурван сайхан хүүхэдтэй. Хөдөө ажиллаж байхдаа танилцаж гэр бүл болсон ч хувь тавилангаар гэх юмуу хожим хадмынхаа нутагт ирээд тогтвортой ажиллаж, амьдарч байна даа.
-Таны ярианаас анзаараад байхад ажилдаа түлхүү анхаараад ар гэрээ ханьдаа даатгачихсан юм болов уу гэж санагдах…?
-Ерөнхийдөө би дуудлага ирлээ л бол шөнийн гурав, дөрвөн цагт ч гараад л явчихдаг хүн. Алба хаагчдаа дуудлагад явуулчихаад өнөө хүүхдүүд маань яаж байгаа бол гэж санаа зовж сууснаас өөрөө хажууд нь явж байхад амар байдаг юм. Ядаж байхад дуудлагад явсан хүмүүс чинь заримдаа утсаа авахгүй. Тэгээд яаж байгаа бол гэж шаналж байснаас дэргэд нь явж байсан нь хамаагүй дээр. Энэ байдалд маань гэр бүлийн хүн маань ч дасчихдаг юм билээ. Гэхдээ гэр бүлийнхээ амьдралаас тасраад явчихна гэж юу байх вэ. Гэр орныхоо хоол хүнс, авгай хүүхдийнхээ гутал хувцсыг би өөрөө явж авдаг. Эхнэр маань дэлгүүр хэсдэггүй. Дэлгүүр хэсэх дургүй.
-Тийм үү. Эрчүүд чинь харин дэлгүүр хэсэх дургүй байдаг юм биш үү?
-Би бол дуртай. Гэргийнхээ шинэ жилийн гоёлыг ч би өөрөө яваад авчихдаг. Хүүхдүүдийнхээ хувцас хунарыг ч би авна. Амьдрал баялаг юм хойно хаяа ам мурийх энэ тэр болбол гараад сайхан дэлгүүр хэсээд сэтгэлээ сэргэтэл юм худалдаж аваад ороод ирдэг юм/инээв/.
-Эр хүний хувьд сонирхолтой хобби юм. Өөр сонирхол, хобби бий юү?
-Ерөнхийдөө тэтгэвэртээ гарсан хойноо нэг хашаанд байшин бариад, жимс ногоо тариад тааваараа сайхан амьдрана гэж боддог юм. Мөн загас тэжээх дуртай. Хүүхэд байхаасаа л тэжээж байсан. Миний өрөөний нэг хана тэр чигтээ акварум бий. 40-өөд загас бий.
За ер нь тэгээд би чинь амралтын өдрөө ч гэртээ амраад унтаад байж чаддаггүй ажил руугаа явдаг хүн дээ. Нэг эхлүүлсэн юмаа хийж дуусгахгүй бол сэтгэл тайвширахгүй. Ер нь дарга болно гэдэг нэр нь сайхан ч цаана нь хүлээж байгаа үүрэг хариуцлага их. Бодохгүй ч юм байхгүй. Нэг гал сөнөөгч маань жаахан тиймхэн явж харагдвал “энэ маань одоо яачихсан юм бол. Авгайтайгаа муудчихсан юм болов уу, юу нь болохоо больчихсон юм бол. За эдэндээ нэг тийм юмыг нь олоод өгчих юмсан, хувцас хэрэглэлийг нь нэг сольчих юмсан. Эсвэл нэг өрөөгөө тэгээд засаад янзалчих юмсан” гээд шөнөжин бодож хононо шүү дээ. Тэгээд л өглөө босоод ажил руугаа. Энэ залуусынхаа ажиллах орчинг сайхан болгочих юмсан гэсэн бодолтой зүтгээд л явж байна. Тэгэхээр жимс, ногоо тарих хоббигоо тэтгэвэртээ гараад л хийх байх даа.
-Амралтын өдрөөр ч амгалан тайван гэртээ суухгүй болохоор гэргийдээ зэмлүүлэхгүй байна уу?
-Зэмлэнэ зэмлэнэ. Чи одоо хаашаа юм бэ, наад хүмүүс чинь нэг өдөр ч гэсэн тайван ажил дээрээ байж болохгүй юү. Чи очихоороо хүмүүсийг зүгээр байлгахгүй шүү дээ гэнэ. Гэхдээ энэ чинь бид өөрсдийнхөө л амьдрах, ажиллах орчныг тав тухтай болгож байгаа хэрэг шүү дээ. Ядахнаа залуус маань ажил хийгээд сурчихна. Тэр нь дараа нь өөрсдийнх нь амьдралд хэрэг болно шүү дээ л гэсэн бодолтой явдаг. Бид өнгөрсөн жилүүдэд чамгүй их бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Манайхан нэг алба хаагчдаа 9*6 харьцаатай байшин барьж өгсөн. Өнгөрсөн жилийн 6 сард эхлүүлээд, намрын дунд сарын 17-нд байшинд нь оруулсан. Энэ жил дахиад нэг алба хаагчаа байшинтай болгоё гэж бодож байгаа. Жилд нэг алба хаагчийнхаа нийгмийн асуудлыг боломжоороо шийдээд явья гэсэн бодол байна.
-Иймэрхүү ажил хийхээр зарим хүмүүсийн хувьд дургүйлхэх хандлага гардаг. Танай алба хаагчдын хувьд гайгүй юү?
-Тийм юм байхгүй ээ. Нэг тогоонд буцлаад, мөр зэрэгцээд явж байгаа нэг алба хаагчийнхаа нийгмийн асуудлыг шийдэж өгч байгаа учраас тэр тал дээр бие биедээ цааргалах, ялархах юм байхгүй шүү дээ.
-Тэгэхээр та хамт олноо нэг сэтгэлтэй, нэг цул болгож чаджээ гэсэн үг байх нь, тийм үү?
-Та түрүүнд хэлсэн дээ. Төдийгөөс өдий хүртэл Налайх дүүрэгт 18 жил, арай л удаан ажиллаж уу гэж. 18 жил бүх шат дамжлагаар нь дамжаад ажиллачихсан хүн чинь алба хаагчдынхаа хэн нь ямар байна гэдгийг харцнаас нь л мэднэ шүү дээ. Энэнд ингэж хэлбэл дээр, үүнийг ингээд магтаад өгвөл юм хийнэ гээд. Утасны цаанаас л бараг ямар байгааг нь мэдэж байгаа юм чинь.
-Тэр хэрээрээ алба хаагчдадаа итгэнэ биз?
-Тэгэлгүй яах вэ. Миний хамгийн итгэлтэй хүмүүс. Хамт олондоо итгэхгүй бол өөр хэнд итгэх вэ дээ.
-Хүний амьдралд эргэлтгүй чиг мөрөө олж авах замд олон сонголт байдаг. Цэргийн хүний амьдралаар тууштай явахад чинь нөлөөлөх нөлөөлөл байв уу?
-Аав ээж хоёр маань хоёулаа цэргийн хүмүүс байсан. Аав маань хуучнаар Иргэний хамгаалалтын анхны курсын захирал, хурандаа Луузан гэж хүн байсан юм. Эрдэнэтийн дивизийн улстөрийн хэлтсийн дарга хийж байгаад энд курсын захирлаар томилогдож ирсэн юм. Эрдэнэтэд байхад нь 1000 цэргийн карантин дээр л зуны гурван сарыг өнгөрөөдөг байлаа шүү дээ. Манайх уг нь дөрвөн хүүтэй айл. Тэр дөрвөн банди дундаас цэргийн мэргэжлийг сонгосон нь ганцхан би. Тиймээс аавынхаа цолыг зүүхсэн гэж мөрөөддөг байлаа. Тэгээд тэр хүсэл мөрөөдлийнхөө дагуу энэ албандаа орж ажилласан. Одоо бол энэ албагүй байж чадахгүй, энэ албагүйгээр өөрийгөө төсөөлж чадахгүй, өөр ажил хийх сонирхолгүй болсон байна. Ямар сайндаа хагас, бүтэн сайнаар гэртээ амарч хэвтээд байхгүй, эхнэр хүүхдээ унтаж байхад босоод ажил руугаа явчихаж байх вэ дээ.
-Тэгээд аавынхаа цолонд хүрч, хурандаа цолыг гардаж авах яг тэр мөчид юу бодогдож байв?
-Үнэхээр бахархсан, өөрөөрөө. Эзэн хичээвэл, заяа хичээнэ гэж. Энэ цолонд хүрэхэд миний хамт олон, үе үеийн дарга нар, гэр бүлийн маань дэмжлэг туслалцаа, тэр бүгдийн хэлж ярьж байсан үгс бодогдоод нулимс гарч байсан шүү.
-Дөрвөн хүүгийн дундаас таныг цэргийн мэргэжил сонгоход аав, ээж нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Ээж маань баярлаж байсан. Сургуулиа төгсөөд, Завхан томилогдчихоод нэг удаа ээждээ, “би ер нь таны араас нь гарсан хүүхэд байх. Ах, дүү нарыг гадагшаа явуулчихаад. Намайг болохоор хөдөө авчираад хаячихлаа” гэж хэлж байсан юм. Тэгэхэд ээж маань “Хамгийн сүүлд чи л хожно, харж байгаарай. Наадуул чинь тэтгэвэр ч үгүй, мөнгө ч үгүй нэг юмнууд ирнэ, хараарай” гэсэн. Яг л үнэн байгаа байхгүй юү.
-Дэд ахлагчаас хурандаа хүртлээ ажиллалаа. Би энийг л хийж чадсандаа гэж хэлэх зүйл байгаа л байх даа?
-Хүмүүс Улаанбаатарын есөн дүүргээс Багануур, Багахангай, Налайх дүүргийг алслагдсан хөдөөгийн дүүрэг гээд нэг их тоодоггүй, хаяад байдаг. Тэгэхэд би тэр хөдөөний дүүргийн хэлтсийг 2019, 2020 онд нийслэлийн тэргүүний хэлтэс болгож чадсандаа л бахархаж байна. Хөдөөгийн дүүрэг ямар байдгийг харуулж чадсандаа бахархалтай байгаа. Төвийн дүүргүүд усны дуудлагад бараг явахгүй, аваарын дуудлагад явахгүй. Тэгэхэд хөдөөгийн гурван дүүрэг тэр бүгдэд явдаг. Онцлог нь тэр.
-Одоо тэгвэл үүнийг л хийчих юмсан гэсэн ажлууд байна уу?
-Байна. Ирэх жил манай хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 60 жилийн ой болно. Тиймээс хийж бүтээсэн зүйлтэй байя гээд 60 бүтээлч ажлыг эхлүүлээд явж байна. Нэн түрүүнд спорт заалтай болно. Өнгөрсөн жил бид хэлстийнхээ байрыг барьсан. Бас нэг сэтгэлзүйн өрөөтэй болохоор бэлтгэж байна. Тэр өрөө маань массажны сандалтай, тайван суугаад сонсох дуу хөгжим, сонсдог номтой байхаар бодож төлөвлөөд хийж байна. Онцгой байдлын ерөнхий газрын сэтгэлзүйч, эмч Солонго зураг төслийг нь өгсөн. Аврагчид маань дуудлагад явж ирээд, заавал дуудлагаас ирээд гэлтгүй, ар гэрт нь таагүй байлаа гэхэд ирээд дуртай дуу хөгжмөө сонсоод тайвшраад гарахаар юм хийхээр төлөвлөөд ажиллаж байна гэх мэтээр хийх олон зүйл байна. Байгууллагаа илүү сайхан бэхжүүлмээр байна.
Хэн нэг хүн нэг байгууллагын дарга байж байгаад буухад хойч үе нь нэг тийм дарга байсан юм билээ гэхээс өөр юм мэддэггүй. Үр хүүхдүүд ч аав дарга л байсан гэхээс өөр юм мэддэггүй. Тиймээс би хийж, бүтээсэн юмтай байя, түүхэнд үлдэх юм хийе гэж бодож энэ бүх ажлыг эхлүүлсэн. Энэ цаг үед хамт ажиллаж байгаа алба хаагчдын маань хүүхдүүд ч аав маань энд ажиллаж байхдаа үүнийг бүтээн босгосон юм гэж хожим ярьж байвал сайхан шүү дээ.
Дээрээс нь залуус маань ирээд ажиллахад ажиллах орчин нь тав тухтай, урам зоригтой байхаар байвал сайхан даа. Ер нь тэгээд хийе бүтээе гэсэн сэтгэл байхад юуг ч хийж болно шүү.
-Таны хэлдгээр ажил тань гэр шиг л болсон байгаа. Одоо тэгтэл таныг өөр газар руу гэнэт томилвол яах уу?
-Цэргийн хүн шүү дээ. Тийм тушаал ирвэл явах л болно. Нэгэнт энэ байгууллагад ажиллаж байгаа бол хоноцын сэтгэлтэй байж болохгүй. Ялгаа байхгүй Онцгой байдлын байгууллага дундаа л явна шүү дээ. Та энд хэрэгтэй байна, тэнд оч гэвэл өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх л болно. Итгээд л даатгаж байгаа учраас хүний итгэлийг эвдэж болохгүй. Итгэл гэдэг бол агуу юм.
-Хэр олон найзтай вэ?
-Байлгүй яах вэ. Хамт олон, найз нөхөдтэй байж л өдий зэрэгтэй явна уу гэхээс ганцаараа зүтгээд өдий зэрэгтэй явна гэж байхгүй шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь их үйлсэд амжилт хүсье.
Эх сурвалж: Онцгой мэдээ сонин