Б.Ууганбат: Шинжилгээний цэгүүд хэвийн ажиллаж байна

176168461_2861659627423608_5097242093964039462_n_20210421033119_20210514100559_20210702103352.jpg

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид 19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.015.000 иргэн I тунд, 882.219 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2231 (18.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 16.188 (16 хувь), 16-17 насны 14.272 (42.1 хувь) хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэлээ. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.

1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.

-Eruul.gerege.mn систем ажиллахгүй байгаатай холбоотойгоор шинжилгээний цэгүүд шинжилгээ авахгүй байсан. Одоо шинжилгээ авч байгаа юу?

-Шинжилгээний цэгүүд хэвийн ажиллаж байгаа. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг 09:00-12:00 цагийн хооронд ажиллаж, дараах байршлуудад шинжилгээ авч байна. Үүнд:

  1. Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
  2. Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
  3. Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
  4. Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол
  5. Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.

Нийслэлээс хөдөө, орон нутаг руу зорчиход ямар бичиг баримт бүрдүүлсэн байх шаардлагатай вэ?

-Нийслэлээс хөдөө, орон нутаг руу явах хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаагүй. Иймд вакцины II тунд бүрэн хамрагдаж 14 хоносон гэрчилгээ, сүүлийн дөрвөн сарын дотор өвчлөөд эдгэсэн эмчийн магадалгаатай бол PCR, түргэвчилсэн шинжилгээ өгөх шаардлагагүйгээр зорчиж болно. Харин дархлаажуулалтад огт хамрагдаагүй, вакцины II тунд бүрэн хамрагдаагүй болон вакцины II тунд хамрагдсан ч 14 хоног болоогүй иргэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариуг үзүүлэн зорчих юм. Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсэж байгаатай холбогдуулан зургадугаар сарын 29-ний байдлаар 18 аймгийн 176 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна. Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчино.

-12-15 насны хүүхдийг вакцинд хэрхэн хамруулах вэ?

-Зургадугаар сарын 28-наас эхлэн 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж эхэлсэн. Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ Файзер /Пфайзер БиоНТех компанийн Комирнэти вакцин/ вакцинд хамруулж байгаа. Монгол Улс тодорхой судалгаа хийсэн бөгөөд 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн үйлдвэрлэгч компанийн зөвлөмжийг үндэслэн, 12-15 настай хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулж байна. Дархлаажуулалтын цэгийн байршил, цагийн хуваарийн мэдээллийг Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200, Ковидын нэгдсэн лавлах 119 тусгай дугаараас гадна фэйсбүүкийн “Нийслэлийн мэдээ” пэйж хуудаснаас авах боломжтой юм.

-Ойрын хавьтал болсон бол хаана мэдэгдэх вэ?

-Шинжилгээний хариу эерэг гарсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай дараах утсаар холбогдож, мэдээлэл авах хэрэгтэй.

Сонгинохайрхан дүүрэг 79976000, 70172827, 70172313

Баянгол дүүрэг 89121177

Чингэлтэй дүүрэг 70007105

Сүхбаатар дүүрэг 70003910

Хан-Уул дүүрэг 70043085

Баянзүрх дүүрэг 19001063, 70150065

Налайх дүүрэг 70233464

Багануур дүүрэг 70212903

Багахангай дүүрэг 7049103

Мөн Ковидын нэгдсэн лавлах 119, Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандан тандалт, хариу арга хэмжээг зохицуулах багтай холбогдож болно. Дархлаажуулалтын хувь нэмэгдэж байгаа энэ үед коронавирус халдварыг илрүүлэх шинжилгээний тоог багасгаж, зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах нэн чухал байгаа. Иймээс ЭМЯ-ны хүсэлтээр eruul.gerege.mn шинжилгээний системд PCR шинжилгээг 72 цагийн дотор дахин бүртгэхгүй байх тохиргоо хийсэн. Иймд 72 цаг дотор дахин шинжилгээ өгөх боломжгүй гэсэн үг.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

scroll to top