Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорнод, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Завхан, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 8-13 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, дуу цахилгаантай аадар бороо орно, салхи баруун хойноос 6-11 м/с, 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна.

2.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Дэлгэрэх багийн “Бургасны-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 38 км-т, Ө-45°10”12.0”У-98°29”24.0”/ 07.02-ны өдрийн 22:36 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 22:48 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.  

3.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Үер – Усад автсан: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн 1 дүгээр гудамжинд Цогтцэций сумын нутгаар 07.02-ны өдрийн 08:00-13:00 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас 2 гэр усанд автсан тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 12:22 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч,1 автомашинтай 2 км замыг туулан 12:52 цагт очиход иргэн О-ийн 2 гэр усанд автсан байсныг 5 метрийн урт шуудуу ухаж усыг зайлуулсан. 

 4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Хагийн хар нуур” гэдэг газрын чиглэлд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 193 км-т, сумын төвөөс хойд зүгт 110 км-т/ Багануур дүүргийн харьяат 2 хүн самар түүхээр 06.15-ны өдөр “Хагийн хар нуур” гэдэг газрын чиглэлд явсан бөгөөд 06.20-ны өдөр 1 хүн нь гэрлүүгээ буцна гэж яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж өгөх хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 06.28-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 06.28-ны өдрөөс 07.01-ний өдрийг хүртэл иргэн М /47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний үндсэн дээр 07.02-ны өдрийн 09:00 цагт зогсоосон. 

Усанд суусан: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн “Өрвөл худаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/  Суудлын автомашин тогтоол усанд суусан тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 35 км замыг туулан 00:25 цагт очиход Ханбогд сумаас Номгон багийн чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ын жолоодож явсан “Марк-2” загварын суудлын автомашин усанд суусан байсныг татан гаргасан.   

Бусад төрлийн осол: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн “Задгай”-д Иргэн Б-ийн хашаанд ухсан нүхэнд 1 адуу унасан тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 22:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 26.5 км замыг туулан, 22:17 цагт очиход иргэн Б-ийн хашаанд ухсан 2.5 метрийн гүнтэй нүхэнд адуу унасан байсныг татаж гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top