АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Төв аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд болон зүүн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с. 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 25 дугаар хороо, Одонтын 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 16:33 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагчид 6 км замыг туулан 16:43 цагт очиход иргэн Ё-ийн 4×6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 1 дүгээр хороо, 17 дугаар байрны зоорийн давхрын гараашид автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 20:13 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 20:20 цагт очиход иргэн Б-гийн “ЖЛК-200” Бенз загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. 2 дугаар багийн Баянбулагийн 6 дугаар гудамжинд иргэн Д-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 12:05 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:08 цагт очиж, Д-ын 2х1.5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Орхон аймаг, Баян-Өндөр сум. Наран багийн 66 дугаар гудамжинд иргэн Г-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 13:02 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 13:06 цагт очиж, иргэн Г-ын 8х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан. 

3.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Үер: Баянхонгор аймаг, Баянхонгор сум. Дуурсах багийн 9 дүгээр гудамжинд Баянхонгор сумын нутгаар 07.03-ны өдрийн 09:00 цагаас усархаг бороо орж байгаагийн улмаас 1 гэр усанд автсан тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 17:36 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид 3.8 км замыг туулан 17:55 цагт очиход иргэн С-ийн гэр, хашаа усанд автсан байсныг 600 метр урт шуудуу ухаж усыг зайлуулсан. 

Баянхонгор аймаг, Баянцагаан сум. Жаргалант багийн “Тэмээн чулуу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 239 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ тус суманд 07.03-ны өдрийн 15:00-19:30 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас автомашин уруйн үерт урссан тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 20:43 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 20 км замыг туулан 22:58 цагт очиход Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас Баянхонгор аймгийн Баянцагаан сумын чиглэлд иргэн Б-ийн жолоодож явсан “Субару простер” загварын суудлын автомашин уруйн үерт урсаж жалга руу орсон байсан тул автомашинаас иргэн Б-г гарган авсан. Автомашиныг татан гаргах боломжгүй байсан тул орхисон.

 4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өндрөөс унах: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 3 дугаар хороонд … дугаар байрны 9 давхраас цонхоор хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 17:36 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 17:41 цагт очиход иргэн Х/32 настай, эрэгтэй, цахим тоглоомонд донтсон/ цонхоор үсэрч амиа хорлох оролдлого хийж байсныг аюулгүй буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн. 

Голын усанд суусан: Дархан-Уул аймаг, Шарын гол сум. Санжинт багийн “Шаазгайт”-ын голд автомашин суусан тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:10 цагт очиход иргэн М-ын жолоодож явсан “Приус 20” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ “Шаазгайт”-ын голд суусан байсныг татаж гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top