Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Орхон, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр  баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно, салхи баруун хойноос 5-10 м/с, 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал:  7, 8-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 9-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 9,10-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.05-ны өдрийн 06:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 07:05 цагт очиход иргэн Л-ийн “Мерседес бенз С-230” загварын  суудлын автомашины хөдөлгүүр, иргэн Ё-ийн “Приус-30” загварын  суудлын автомашины баруун урд хаалга, иргэн Д-ийн “Ландкрузер-200” загварын суудлын автомашины зүүн урд хаалга тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Харгант багийн “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.05-ны өдрийн 15:48 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 15:51 цагт очиход иргэн Т-ийн “Верна” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж  унтраасан. 

Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу  багийн “Задгай”-д амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.06-ны өдрийн 03:40 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 03:43 цагт очиж иргэн Б-ын 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.   

3.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

 Үер – Гол, мөрний усны үер: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн “Шанх” гэдэг газар /сумын төвөөс  баруун урд зүгт 18 км-т/ 07.04-ны өдрийн 18:00-19:00 цагийн хооронд аадар бороо орсны улмаас үер бууж “Өлзийт” голын бетонон гүүрний шороон далан сэтэрсэн тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Өвөрхангай “АЗЗА” ХХК-ийн ажилтнууд ажиллаж байна.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хөх толгой багийн “Зөөлхөн” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ Суудлын автомашин онхолдсон хүмүүс нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 16:47 цагт хүлээн авсан. Тус  аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 5 км зам туулан 16:54 цагт очиход Дэлүүн сумаас Хөх толгой багийн “Тал нуур”-ын зуслангийн чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан иргэн Е /24 настай, эрэгтэй/-ын “Акуа” загварын автомашин онхолдсон байсныг татаж босгосон.   

Усны осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Задгай”-д Туул голын эрэг дээр 11 хүн зугаалж байснаас 1 хүн нь Туул голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 20:12 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 37 км замыг туулан 20:58 цагт очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн Н /46 настай, эрэгтэй/ Туул голын усанд живсэн байж болзошгүй байсан тул “Сонгино” амралтаас бетонон гүүр хүртэл 2 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 22:30 цагт түр зогсоосон. 07.06-ны өдрийн 05:00 цагт дахин эхлүүлсэн.   

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт  багийн “Зүр хангай” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд 30 км-т/ 2 хүүхэд Орхон голын эрэг дээр тоголж байгаад 1 хүүхэд нь усанд живсэн тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 02:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Б /11 настай, эрэгтэй/-ыг 05:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07:06 цагт анх осолдсон газраас  зүүн зүгт 8 метрт 2 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт багийн “Бөөрөлжүүт” гэдэг газар  /сумын төвөөс зүүн хойд зүгт 3 км-т/ 07.04-ний өдрийн 23:50 цагт суудлын автомашин голын усанд суусны улмаас  1 хүн автомашинаасаа бууж явганаар гол гаталж яваад живсэн тухай мэдээллийг 07.05-ны өдрийн 09:45 цагт хүлээн авсан.  Тус сумын Цагдаагийн хэсэг, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 3 км зам туулан 07.05-ны өдрийн 00:05 цагт очиход Уянга сумын төвөөс Бөөрөлжүүт багийн чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Ө /37 настай, эрэгтэй/-ийн “Приус-20” загварын суудлын автомашин “Бөөрөлжүүт” голын усанд суусан бөгөөд иргэн П /34 настай, эмэгтэй/ автомашины бүхээгээс бууж явганаар гол гаталж яваад живж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн болно.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д Туул голын усанд 1 хүний цогцос хөвж байгаа тухай дуудлагыг 07.05-ны 15:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 15:15 цагт очиход нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны харьяат иргэн Т /65 настай, эрэгтэй/ Туул голын усанд живж нас барсан тул цогцсыг гарган Хан-Уул дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ 21 иргэн самар түүж явснаас Орхон аймгийн харьяат 1 хүн 09.14-ний өдрийн 17:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагаар Тус аймгийн Онцгой байдлын газар 2020 оны 09.26-ны өдөр хүртэл мөн 10.18-ны өдрөөс 10.26-ны өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоогоод байсныг 2021 оны 06.29-ний өдөр дахин эрэн хайх хүсэлтийг тус аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Л/59 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 05.07-ны өдрийн 14:30 цагт Сэлэнгэ сумын чиглэлд явж 20:20 цагт очиж хоносон. 07.06-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Цас шаварт суусан: Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уужим багийн “Шавар түрүү” гэдэг газар /сумын төвөөс  баруун урд зүгт 75 км-т/ 07.04-ний өдөр усархаг бороо орсны улмаас Орхон гол үерлэж иргэд усанд боогдсон тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 75 км зам туулан 13:40 цагт очиж Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Хужирт сум дахь Төвхөн хийдийн чиглэлд зорчиж явсан 12 зорчигчтой 4 автомашиныг ус гаталгаж өгсөн.   

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Бор-Үзүүр” гэдэг газар /сумын төвөөс  баруун урд зүгт 8 км-т/ 07.04-ний өдөр усархаг бороо орсны улмаас Орхон гол үерлэж зугаалж байсан хүмүүс автомашинтайгаа усанд боогдсон тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 8 км зам туулан 10:10 цагт очиж Орхон голын салаанд зугаалж хоносон 8 хүн, 3 автомашиныг аюулгүй газарт татан гаргасан.    

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Нарийн гол багийн “Нам хөтөлийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 18 км-т/    “Шаргалжуут”-ын голын усанд бага оврын ачааны автомашин суусан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 22:30 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 18 км зам туулан 23:25 цагт очиход Өлзийт сумын “Нарийн голын-Эх” гэдэг газраас Баянхонгор аймгийн чиглэлд бог мал ачин, 4 зорчигчтой зорчиж явсан иргэн М-ын “Бонго-3” загварын автомашин усанд суусан байсныг татан гаргасан. 

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн “Дунд гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 52 км-т/ Онги голын усанд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 23:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 52 км зам туулан 00:40 цагт очиход тус аймгийн Зүүн баян-Улаан сумаас Өвөрхангай аймгийн чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Т-ийн “Субару форестер” загварын суудлын автомашин усанд суусан байсныг татан гаргасан.      

5.Мэдээлэл:

Баянхонгор аймгийн Жаргалант сумын Өлзийт-Өндөр багийн “Хайрханы шил” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 28 км-т/ 07.05-ны өдрийн 13:00 цагт борооны өмнө салхи түр зуур ширүүссэний улмаас 1 айлын гэр нурсан. Иргэн Ж-ийн 4 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх аврах бүлгийн дарга 13:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top