1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Ховд аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 28-30 градус дулаан байна.
Төлөв байдал: 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 9,10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 9,10-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 9 дүгээр гудамжинд мотоцикл шатаж байна гэсэн дуудлагыг 07.06-ны өдрийн 12:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:46 цагт очиход эзэнгүй мотоцикл шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.
3.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Үер – Гол, мөрний усны үер: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн “Шанх” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 18 км-т/ 07.04-ны өдрийн 18:00-19:00 цагийн хооронд аадар бороо орсны улмаас үер бууж “Өлзийт” голын бетонон гүүрийн шороон далан сэтэрсэн тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан. 07.06-ны өдрийн байдлаар “Өвөрхангай АЗЗА” ХХК-ийн ажилтнууд 3.5 метр далан сэтэрч, 2 хоолой эвдэрснийг шороогоор дүүргэлт хийж, үерийн ус зайлуулах хоолойн суурийг бэлтгэн ажиллаж байна.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол – Автозамын тээврийн осол: Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, “Бөмбөрцөг”-ийн ойролцоо ачааны автомашин автозамын зорчих хэсэгт онхолдсон тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 07:50 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын газар, дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, “Сино Хайдро” ХХК-ийн ажилтнууд 2.5 км замыг туулан 08:00 цагт очиход Дорноговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн У-ын жолоодож явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашины тормосны систем ажиллагаагүй болсны улмаас онхолдож, автомашин болон тээвэрлэж явсан 70 тонн цементийг 2 цаг 10 минут ажиллаж автозамын зорчих хэсгийг чөлөөлсөн.
Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн “Тээл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т/ ачааны автомашин онхолдож 1 иргэн автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 08:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 20 км замыг туулан 10:10 цагт очиход Улаанбаатар хотоос Увс аймгийн Тариалан сумын чиглэлд иргэн Э /26 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Фотон” загварын том оврын ачааны автомашин /1 зорчигчтой/-ы тормозны систем ажиллагаагүй болсны улмаас онхолдож, иргэн Д /28 настай, эрэгтэй/-ын гавлын яс цуурсан, хүзүүний 1, 2 дугаар нугалам, бүсэлхийний 2, 3 дугаар үе хугарч гэмтсэн тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн их эмчид хүлээлгэн, иргэн Э автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлж өгсөн.
Усны осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Задгай”-д “Туул” голын эрэг дээр 11 хүн зугаалж байснаас 1 хүн нь Туул голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 20:12 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 37 км замыг туулан 20:58 цагт очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн Н /46 настай, эрэгтэй/-г 07.06-ны өдрийн 05:30 цагаас “Туул” голд 2-3 метрийн гүнд 65 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 12:45 цагт иргэн Н-н цогцсыг /осолдсон газраас 8 км-т/ Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн харалдаа “Туул” голын бургасанд тээглэсэн байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн.
Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ 21 иргэн самар түүж явснаас Орхон аймгийн харьяат 1 хүн 2020.09.14-ний өдрийн 17:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газар 2020 оны 09.14-ний өдрөөс 09.26-ны өдөр хүртэл мөн 10.18-ны өдрөөс 10.26-ны өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоогоод байсныг дахин эрэн хайх хүсэлтийг 2021 оны 06.29-ний өдөр тус аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Л /59 настай, эрэгтэй/-г Тариахтай багийн “Тариахтай давааны Улаан гүүр” гэдэг газраас “Дунд моёод” гэдэг газар хүртэл 13 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 07.07-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут багийн Эрдэнэцогтын гарам гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 6 км-т/Суудлын автомашин “Түйн” голд суусан тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 08:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 09:03 цагт очиход тус аймгийн Эрдэнэцогт сумаас Баянхонгор сумын чиглэлд иргэн А-ийн жолоодож явсан “Ланд круйзер 80” загварын суудлын автомашин /1 зорчигчтой/ “Түйн” голд суусан байсныг аюулгүй газарт татаж гаргасан.
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин багийн “Ганц бургас” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 8 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 32 км-т/ Суудлын автомашин “Түйн” голд суусан гэсэн дуудлагыг 07.06-ны өдрийн 12:31 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 12:32 цагт гарч 8 км замыг туулан 12:41 цагт очиход тус аймгийн Эрдэнэцогт сумаас Баянхонгор сумын чиглэлд иргэн Н-ийн жолоодож явсан “Пажеро” загварын суудлын автомашин /1 зорчигчтой/ “Түйн” голд суусан байсныг аюулгүй газарт татаж гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР