Завхан аймгийн Онцгой байдлын газар нь гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх ажиллагаанд морьд ашиглаж эхэлсэн байна. Тус газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Б.Ядамжавтай ярилцлаа.
–Морьдыг урьдчилан сэргийлэх ажиллагаанд ашиглах санаа хэрхэн төрөв. Морьд яг ямар үүрэг гүйцэтгэж байна?
– 2012 онд ОХУ-ын Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Тува Улс дахь Ерөнхий газарт зохион байгуулагдсан уулзалтын үеэр тус улс дахь МЧС-ын сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус сургалтын төв нь аврах ажиллагаанд морьд ашиглаж байсан. Үүнээс санаа аваад манайд ч мөн урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах ажиллагаанд морьд ашиглаж болох юм байна гэсэн санаа төрсөн.
Аймгийн хэмжээнд тохиолдож байгаа нийт гамшиг, ослын дуудлагын 40 орчим хувь нь иргэд шуурганд төөрөх, сураггүй болох, үер, усны осол болон ой, хээрийн түймрийн дуудлага эзэлдэг. Тухайн ослын дуудлагаар алба хаагчид ажиллахад машин техник явах боломжгүй, ой, хөвч бартаатай замаар дунджаар 5-10 км, тухайн нөхцөл байдлаасаа хамаарч үүнээс хол газар явганаар буюу алхаж очиж үүрэг гүйцэтгэх нь бий. Дээрх ажиллагаануудад морьдыг ашигласнаар цаг хугацаа хэмнэх, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах зэрэг үүрэг гүйцэтгэх нөхцөл сайжирч байна. Нийт дөрвөн морь, эмээл бусад эд хэрэгслийг бэлтгэн, морьдоо тээвэрлэх автомашиныг шийдвэрлэж, тусгайлан тоноглож бэлтгэсэн.
Мөн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл, Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах ангиудад албаны морьтой болгох, морьдыг уулын, усны чиглэлээр сургахаар судалж байна. Түүнчлэн Улсын нөөцийн салбар, цэгүүдээ түшиглэн морины зүчээ барьж тэжээх, тэжээлийг тариалах ажлыг төлөвлөн ажиллаж байна.
Богд, Чигэстэй зэрэг томоохон голын эрэг дагуу иргэдийг үер, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд морин эргүүлийг явуулж байна.
– Тухайлбал энэ хугацаанд морьд эрэн хайх, аврах ямар ажиллагаанд оролцов?
– Өнгөрсөн оны есдүгээр сард Алдархаан сумын Мандаат багийн “Өргөний ар” гэдэг газар тус сумын иргэн 84 настай эрэгтэй малдаа морьтой яваад сураггүй болсон дуудлагаар алба хаагчид хоёр морьтойгоор үүрэг гүйцэтгэж, шөнийн цагаар нийт 9 цаг ажиллаж, тухайн иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүргэж өгсөн. Мөн энэ оны тавдугаар сард Алдархаан сумын Богдын гол багийн Яргайтын ам гэдэг газарт “Ланд 100” маркийн автомашин усанд суусан дуудлагаар алба хаагчид мөн хоёр морьтой ажиллаж, найман хүний амь, нас эд хөрөнгийг авран хамгаалсан зэргийг дурдаж болно.
– Техник технологи хөгжсөн, технологийн эрин зуунд амьдарч байгаа хэдий ч адууг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ашиглаж эхэлсэн нь монгол уламжлал ахуй, соёлоо сэргээх, залуу хойч үедээ таниулахад чухал ач холбогдолтой ажил санаачилжээ гэж харж байна. Бид чинь малаа мориор биш, мотоцикл, машинаар хариулах болж шүү дээ?
– Тантай санал нэг байна.Монголын нүүдлийн соёл, амьдралын хэв маяг, уламжлалт цэргийн урлаг нь адуун дээр үндэслэсэн гэхэд хилсдэхгүй. Монголчуудын нүүдлийн мал аж ахуйд тогтсон соёлыг монгол адуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол хүн, монгол морь дэлхийг эзэлж байсан түүхтэй. Наанадаж адууг унаж, эдлэхэд хазаар, ногт, чөдөр, хударга, эмээл, ташуур зэрэг тоног хэрэгсэл ордог. Тиймээс өнөө цагт морин эрдэнэ хэмээн төрийн сүлдэндээ дээдлэн ирсэн адууны соёлыг залуучууд хойч үедээ таниулах, өвөг дээдсээс уламжлан ирсэн морь таних ухаан, морины тоног хэрэгсэл, уналга ачилганд хэрэглэх арга технологийг залуучуудад зааж сургах, өвлүүлэн үлдээх, хөдөөгийн залуучуудыг мотоцикл бус морио унаж морины соёлоо дээдлэх сэтгэлгээтэй болгох санаа, зорилго бий.
Эх сурвалж: Онцгой мэдээ сонин