Дундговь аймгийн Онцгой байдлын газраас Комиссар Д.Батбаатар агсны ар гэрийнхэнтэй хамтран түүний нэрэмжит шагналыг энэ жилээс эхлэн олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэрийн дагуу шагналыг Сайнцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Ц.Цэнд-Аюушт олголоо.
Ахлах ахлагч Ц.Цэнд-Аюуш нь Онцгой байдлын байгууллагад 6 дахь жилдээ ажиллаж байгаа залуу алба хаагчдын төлөөлөл юм.
Комиссар Д.Батбаатар агсан нь 2007 оны 06 дугаар сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар эх орны даалгавар авч яваад МИ-8 нисдэг тэрэгний ослоор амь эрсэдсэн юм. Амь эрсэдсэн баатарлаг эрсийн гэгээн дурсгалд зориулан үйлс гавьяаг мөнхлөх, залуу хойч үедээ таниулах зорилгоор гэрэлт хөшөө бүхий хүндэтгэлийн талбайг Онцгой байдлын газрын нийт бүрэлдэхүүн өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан өнгөрсөн жил байгуулсан гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.