Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Дархан-Уул, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ, баруун, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж түр зуур 18-20 м/с, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 34-39 градус, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 31-36 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, дуу цахилгаантай аадар бороо орно, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, борооны өмнө түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ, 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.08-ны өдрийн 12:38 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 12:45 цагт очиход иргэн О-ийн 10х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 5х8 метрийн хэмжээтэй гражын дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 16 дугаар байрны зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.08-ны өдрийн 13:22 цагт хүлээн авсан.   Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 13:30 цагт очиход иргэн Г-ийн “Приус-20” загварын автомашин шатсаны улмаас иргэн Ц-ийн “Приус-20” загварын автомашин, иргэн Б-ийн “Приус-41” загварын автомашин, иргэн С-ын “Королла” загварын автомашин, иргэн О-ын “Харриер” загварын автомашин тус тус өртөн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Г /57 настай эрэгтэй/ хүзүү, нурууны хэсэг бага зэрэг түлэгдсэн байсныг НЯТТ-д шилжүүлэн өгсөн.   

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн 14 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.08-ны өдрийн 17:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан, 17:50 цагт очиход иргэн М-ын 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Жаргалант  багийн “Жаргалант-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 41 км-т, Ө-48°32”24.0” У-95°30”36.0”/ 07.08-ны өдрийн 20:00 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөл болсон тухай мэдээллийг 20:10 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн боловч тухайн газар нь Сантмаргац сумаас зүүн хойд зүгт 10 км зайтай тул тус сумын иргэдэд бага мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай мэдээллийг Сантмаргац сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн “Задгай”-д “Хэрлэн” голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байснаас 1 хүүхэд нь живсэн тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 09:32 цагт очиход Т /10 настай, эрэгтэй/ нь “Хэрлэн” голд живсэн тул осолдсон газраас зүүн зүгт 5 дугаар багийн “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл 30 км-т завиар мөн 1.5-2 метрийн гүнд 54 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт түр зогсоосон. 07.09-ний өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны “Хадан хошуу” гэдэг газар  “Туул” голд 1 эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 07.08-ны өдрийн 14:59 цагт хүлээн авсан.Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 27 км зам туулан 15:30 цагт очиж тус дүүргийн 11 хорооны харьяат иргэн Б /62 настай, эрэгтэй/-гийн цогцсыг уснаас гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Хорин нэгийн-Арал” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 48 км-т/  “Эг”-ийн голын эрэг дээр 5 хүн зугаалж байснаас 1 хүн живсэн тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 18:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн П/28 настай, эрэгтэй/ нь “Эг”-ийн голд живсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 20:00 цагт Хутаг-Өндөр сумын чиглэлд явж 195 км зам туулан 23:30 цагт хүрэлцэн очсон. 07.09-ний өдрийн 05:00 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 

Бусад төрлийн осол: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн “Цагаан булангийн хясаа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 45 км-т/ 60 метрийн өндөр хадан хясаан дээрээс 1 хүн өөрийгөө буудаж 20 метрийн өндөр хадан дээр унасан бөгөөд цогцсыг буулгаж өгөх хүсэлтийг тус аймаг дах Цагдаагийн газраас 07.08-ны өдрийн 08:09 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 80 км зам туулан 12:00 цагт очиход тус аймгийн Түнэл сумын харьяат иргэн О /29 настай, эрэгтэй/ нь гэмт хэрэгт холбогдож Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үедээ хадан хясаан дээр гарч өөрийгөө буудан нас барсан тул цогцсыг 20 метр өндөр хаднаас буулгаж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top