Амрах, шантрах эрхгүй завьт эргүүлийнхэн

6-2.jpg

Гал түймэр, үер ус, өндрөөс унах, нурангид дарагдах, авто осол гэх мэт хүмүүний амьдралд учирч болох бүхий л эрсдэлээс иргэдийг аварч, хамгаалах үүрэг хүлээн, эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, шаардлага гарвал амиа золиослоход бэлэн мөрдэстэй баатрууд бол Онцгой байдлын апба. Тэдний нэг эд, эс бопох Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран хийдэг Завьт эргүүлийн ажлын нэг өдрийг сурвалжиллаа.

09:00 – БҮХИЙ Л ЦАГ ХУГАЦААНД БЭЛЭН БАЙДАЛ НЭГТ

Биднийг очиход тэд бэлтгэлээ хэдийн хангачихсан байв. Нийслэлийн Засаг даргын захирамжаар 11 дэх жилдээ зургадугаар сарын 20-ноос есдүгээр сарын 15-ныг хүртэл Завьт эргүүлийг ажиллуулах юм. Өнөөдрийн эргүүлийн бүлгийн ахлагчаар Тэргүүн ахлагч Х.Цогбадрах ажиллана. Мөн ахлах ахлагч Г.Ганбаатар, ахлах ахлагч Г.Гансүх, дэд ахпагч О.Баатархүү, дэд ахлагч Г.Булганбаатар, дэд ахлагч Б.Амгаланбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажиллах ажээ. Тэд жагсаалын талбайд жагсаж, тэргүүн ахлагч Х.Цогбадрах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа өгсний дараа машинд суун хөдлөв. Машины арын бүхээгт бэлэн байдлын бүхий л хэрэгслүүдийг эмх цэгцтэй, өрж тавьсан харагдах бөгөөд үүнд үер, усны аюулгүй байдлын үед ашиглах хөвөгч цагариг, хантааз, аврах олс, саваа, усны хувцас, нүдний шил, хөлийн нэмэлт сэлүүр, бортого, зэрэг багаж хэрэгсэл багтана. Тэдний ажил минут, секундээр хэмжигддэг учир байх ёстой хэрэгслүүд бүхий л цаг хугацаанд бэлэн байх ёстой юм. Учир нь хоногийн 24 цагийн шөнө, өдөр, тэмдэглэлт баяр ялгаагүй дуудлага ирсэн бол бүхий л нөхцөл байдапд бэлэн байх ёстой. “Дараа нь хурааж, янзалчихна” гэдэг үг тэдний үгийн сан, үйлдэлд хэзээ ч байдаггүй. Нийслэлийн аврах ангийн хувьд аврах үйл ажиллагаа гүйцэтгэдэг найман бүлэгтэй бөгөөд 24 цагаар тус бүр хоёр бүлэг ээлжлэн ажилладаг. Өнөөдрийн хувьд тэргүүн ахлагч Х.Цогбадрахаар ахлуулсан бүлэг Баянзүрх дүүргийн Могойн дэнжээс Зайсангийн гүүр хүртэл эргүүлд гарна. Жолооч, дэд ахлагч Б.Амгаланбаатар шаламгайлан машинаа жолоодож, зарим газар тусгай дуут дохио асаасаар, эргүүл эхлэх зорьсон газар буюу Могойт дэнжид шуурхай ирлээ. Завиа буулган, аврах ажиллагааны хувцсаа өмсөж тэргүүн ахлагч Х.Цогбадрах, ахлах ахлагч Г.Гансүх, дэд ахлагч Г.Булганбаатар, дэд ахлагч О.Баатархүү нар завинд суув. Харин ахлах ахлагч Г.Ганбаатар, дэд ахлагч Б.Амгаланбаатар нар албаны машинаар голын эрэг дагуу амрах иргэдэд аюулгүйн дүрэм, зөвлөмжийн хуудсыг тараан үлдлээ.

11:00 – АВРАГЧИЙН СЭТГЭЛЗҮЙ, УР ЧАДВАР МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ТҮВШИНД БАЙХ ЁСТОЙ

Амралтын өдөр дээрээс нь бороо хургүй, нарлаг өдөр тул голын эрэг дагуу амрах иргэд хотоос их иржээ. Тэд энэ жилийн эргүүлээрээ найман том хүн, гурван хүүхдийн амийг аварчээ. Завьт эргүүлийн багийг харсан хүн бүр эелдэгээр инээмсэглэж хүүхдүүд “Тэднийг хараач. Гоё байгаа биз. Ахаа намайг аваад яваач” хэмээн хэлж, шохоорхон харсаар, гараа даллан хоцорно. Тэд амрагч бүрт бага насны хүүхдээ сайн харах, сэрэмжтэй байж, голд сэлэхгүй байхыг анхааруулна. Иргэдийн хувьд амралт, зугаалгаар явах үедээ архи, согтууруулах ундаа хэрэглэх, хүүхдүүддээ хийлдэг гудас, усан дээр хөвдөг жижиг завь хэрэглүүлж аюулд орох нь түгээмэл. Голын хойд талд зургаа, гурван настай охидоо дагуулан явах эмэгтэй хийлдэг завинд суулгаж байхтай таарав. Тэргүүн ахлагч Х.Цогбадрах сэрэмжлүүлсний дараа тэд буцлаа. Үнэхээр л хийлдэг гудас, завь нь иргэдийг голын усанд осолдоход хүргэдэг гол хүчин зүйлийн нэг. Х.Цогбадрахын хувьд тус салбараас төрсөн гурав дахь Үйлчилгээний гавьяат ажилтан юм. Хилийн цэргийн дугаар ангид алба хааж эх орондоо тангараг өргөж, түүнээс хойш амьдралынхаа 17 жилийг бусдын амь, эд хөрөнгийг хамгаалах Онцгой байдлын албанд зориулжээ. Энэ хугацаанд 1000 гаруй хүний амийг аварсан ачтан юм. Эд хөрөнгийг нь хамгаалсан, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн гэвэл тоочоод баршгүй их тоо гарах аж. Даанч түүнд бусдад гайхуулах, сагсуурах зан огт байхгүй. Дүр эсгээгүй бусдын төлөө гэсэн чин сэтгэл, хүнлэг чанартай, ард иргэд, доод цолтой ажилтантайгаа ч хүндэтгэлтэй харьцах нь хайр хүргэм ажээ. Энэ хугацаанд шантарсан үе бишгүй юу хэмээн асуухад “Намайг энэ албанд орж ирэхэд зааж, зөвлөсөн ах нар, хамтрагчдын зааж сургасан олон зүйл бий. Аврах ажиллагаанд оролцох хүний сэтгэлзүй, чадвар гээд бүх зүйл мэргэжлийн өндөр түвшинд балтгэгдсэн байх ёстой. Үүний нэгэн адил би ч бас жилийн хугацаанд чамгүй бэлтгэгдсэн учраас шантрах үе ховор. Гэхдээ хүн л учраас “Яасан хэцүү юм бэ”, “Үүнийг яаж хийнэ ээ” гэж бодож байсан тохиолдол бий. Аврах ажиллагаа бүр өөр өөрийн онцлогтой, аюул дагуулдаг. Гал, үер, өндрөөс ажиллах. Ямар ч барьцгүй, аюултай зүйлүүд гэж хэлж болно. Голын ус, намаг, зэгс ихтэй, гүнзгий, ширүүн урсгалтай учир олон бэрхшээлтэй учирна. Гэхдээ аврах ажиллагаа амжилттай болж, сэтгэл тэнэгэр гэртээ харих шиг сайхан мэдрэмж үгүй. Амжилтгүй болбол үнэхээр хэцүү. Нүдэнд харагдаад л хэрвээ яавал аврах боломжтой байсан бол гэж янз бүрээр бодож, өөрийгөө зэмлэх үе ч бий. Хүний амь аварч, эд хөрөнгийг нь хамгаалсан үед ихэнх хүн сайн, сайхан үгээр ерөөдөг. Тэр урмын үгс л энэ ажилдаа дурлах, шантрахгүй байхад дэм болдог юм шүү дээ” хэмээн ярив. Ийнхүү хөөрөлдөх зуур ч голын эрэг дагуу амарч яваа хүмүүст “Болгоомжтой амраарай. Бага насны хүүхдэдээ хараа, хяналт сайн тавиарай. Гол руу битгий ороорой” гэх зөвлөмжийг өгсөөр явна.

13:00-АМРАГЧИД СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭЖ, БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭ ХЯНАЛТГҮЙ ОРХИДОГ

Сайн аврагч бэлтгэхэд урт хугацааны бэлтгэл, туршлага чухал. Аврах ажиллагаанд олон оролцож, туршлага суусан аврагч тус албаны хамгийн үнэ цэнэтэй хүн. Учир юун гэвэл нэг хүн ажлаа орхилоо гэж бодоход бусад салбар шиг дор бүр нь өөр ажилтнаар сэлгэх боломж хомс. “Урлагт арын хаалга байдаггүй” гэдэг үг хүний амь нас аврах ажилтай тэдэнд ч бас хамаатай. Ур чадвар муу, сайн суралцаагүй байж хэрхэвч болохгүй. Тийм учраас залуу үеэ зөв суурьтай, бүхнийг төгс хийх албагүй ч гэлээ ямар ч нөхцөл байдалд ажиллагаа гүйцэтгэж чаддаг болгох ёстой. Тэднээс завиа сэлүүрдэн явах дэд ахлагч О.Баатархүү, Г.Булганбаатар нар ч шинэ, залуу үеийн төлөөлөл юм. О.Баатархүүгийн хувьд нэг жил, Г.Булганбаатар нь аврагчаар ажиллаад таван сар болжээ. Тэд усанд сэлэх бэлтгэлээ хийхээр завинаас буулаа. Уснаас хүн аврахад ажиллагааны олон арга бий. Ур чадвар дутуу, буруу арга хэрэглэвэл аврагч өөрөө ч амь эрсдэх аюултай. Тэргүүн ахлагч Х.Цогбадрах, ахлах ахлагч Г.Гансүх нар сэлэх, уснаас аврах ажиллагааны заавар, зөвлөгөөг тогтмол өгнө. Бэлтгэл, сургуулилалт хийх явцад ч иргэдийг анхаарч, чих тавина. Амрагчдаас нийтлэг ажиглагдах зүйл нь ихэвчлэн бага насны хүүхэдтэйгээ явдаг аж. Энд тэндгүй ширээ засаж, бөмбөг тоглон, хорхог хийн өдрийг өнгөрөөдөг. Эрэгт байх ихэнх хүн согтууруулах ундаа хэрэглэх нь харагдана.

Ахлах ахлагч Г.Гансүх “Зуны улиралд иргэд гол дээр ирж архи, согтууруулах удаа хэрэглэж хүүхдүүдээ хаана байгааг анзаарах сөхөөгүй болдог. Тогтоол усанд тоглож болох хийлдэг гудас, завьтай нь гол дээр аваад ирнэ. Хүүхдүүд гол руу унагасан бөмбөг, тоглоомоо авах гэж ороод хөл алдах тохиолдоп гардаг. Түүнээс гадна байгальд хогоо хаячихаад яваад өгөх явдал нэн түгээмэл байсан. Гэхдээ сүүлийн үед иргэдийн ухамсар сайжирч, байгальд ээлтэй аялж, зугаапдаг болсон нь ажиглагдаж байгаа” гэв. Зөвхөн хүний амь, эд хөрөнгөөс гадна байгаль, дэлхийтэйгээ зөв харьцах, хамгаалах гээд олон асуудалд анхаарал тавьдаг нь ийнхүү ажиглагдана.

17:00 – УСНЫ ГҮН РҮҮ ШУМБАХ СУРГУУЛИЛАЛТ ХИЙВ

Аюулгүй аялах зөвлөмжөө тарааж, бэлтгэлээ хийж явсаар Баянзүрхийн товчоо орчимд ирлээ. Ахлах ахлагч Г.Ганбаатар, дэд ахлагч Б.Амгаланбаатар нар аюулгүйн зөвлөмжөө өгч дуусжээ. Энд тэд усны гүнд шумбах бэлтгэл хийнэ. Эхлээд дэд ахлагч Г.Булганбаатар шумбах хэрэгслүүдээ бэлдэн, тэргүүн ахлагч Х.Цогбадрах, ахлах ахлагч Г.Ганбаатар нар заавар, зөвлөмж өгөн орууллаа. Энэ нь уснаас эрэн хайх ажиллагаа хийхэд зориулагдсан бэлтгэл юм. Ахлах ахлагч Г.Ганбаатараас аюулгүй байдлын зөвлөмжийн тухай дэлгэрүүлэн лавлахад “Усан доор тусгай дохиогоор харьцана. Бортого бүрэн цэнэгтэй, хангалттай хий байгааг эсэхийг даралтын заалтаар шалган амьсгалын аппарат хэвийн ажиллаж, даралтыг зөв хуваарилан байгаа эсэхийг усанд орохын өмнө шалгана. Бортогоны даралт унах, амьсгал тэжээгч дутуу ажиллах, хийн тохиргоо алдагдах зэрэг гэмтэл гарвал ашиглаж болохгүй. Бортогыг цэнэглэхдээ даралтын дээд хэмжээнд хүрэхгүй, бага зэрэг дутуу цэнэглэх ба ашиглах цаг хугацааг тогтоон, усан доор ажиллах хугацааг тооцож, бортогыг 4-8 минут ажиллуулах хийн нөөцтэй байлгаж дахин цэнэглэх юм. Тоног төхөөрөмжийг гүйцэд шалгах ёстой. Хайхрамжгүй хандаж хэрхэвч болохгүй” гэв.

19:00 – ДӨЧ, ТАВИН ХОНОГ ГЭРТЭЭ ХАРИХГҮЙ ҮЕ Ч БИЙ

Хоёр цаг гаруйн хугацаанд усны гүн руу шумбах бэлтгэл хийсний дараа хувцас, хэрэглэл үүдээ хураан Туулын эргээр дахин тойрч, анхааруулгаа өгсөөр явав. Тэд орой хүртэл эргүүл хийгээд, аюулгүй тайван байсан нөхцөлд анги дээр очиж байрлана. Маргааш дахин Зайсан, Сонсголон чиглэлд эргүүлд гарах юм. “Та нарт амрах цаг байдаггүй юм биш үү” хэмээн асуухад тэргүүн ахлагч Х.Цогбадрах “Энэ албанд ажиллаад зуны дэлгэр цагт ээлжийн амралтаа авч үзээгүй. Зуны улиралд гол усны үер, хавар, намар хуурай өвснөөс үүдсэн гал түймрийн дуудлага их ирнэ. Хохирлыг бүрэн арилгасны дараа л ирэх учир гэр бүлээ хэд хоногоор ч хамаагүй орхиод явна. Дөч, тавин хоногоор гэрийн бараа харахгүй үе ч бий. Хүүхдүүдээ унтсан хойно нь ирээд, унтаж байхад нь ажилдаа явна. Энэ бүхнийг ойлгож, ар гэрээ авч яваа гэр бүлийнхээ хүнд үгээр хэлэмгүй их талархдаг” гэв.

Тэдний ихэнх нь өрхийн тэргүүн, алаг үрийн аав. Үнэхээр л амрах сөхөөгүй ажиллах тэд хэзээ ч энгийн иргэд шиг аялж, амрахгүй. Боломж нь ч даанч хомс аж. Бид болзошгүй эрсдэлээс тэднээр хамгаалуулж болох ч тэдний ард аавынхаа энгэрт эрхлэн, тоглох гэж нүдээ ширгэтэл хүлээх, халуун хоол, цай идүүлэх гэж нойроо хугаслан суух хүний гэргий хүлээж суугааг бодоход сэтгэл өвдөм бас бахархам санагдана. “Цэргийн хүний гэргий түүнээс нэг цол дээр” гэдэг үгийн утга ч энэ байж магадгүй. Учир нь аврах ажиллагаанд явахдаа гэр бүл, үр хүүхдэдээ санаа зовох асуудалгүй арыг нь найдвартай даана гэдэг ч эх орондоо оруулж буй томоохон хувь нэмэр билээ. Агуу бүхэн энгийнээс эхлэлтэй байдаг шиг тэднийг бидний дунд оршдог “супер баатрууд” гэж нэрлэж болох юм. Тэд цааш сэрэмжлүүлгээ тараасаар явлаа.

Г.ЭНХГЭРЭЛ

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

2021.07.09

scroll to top