АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун болон зүүн өмнөд хэсгээр 32-37 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13, 14-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Нутгийн өмнөд хэсгээр халуун байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум. 4 дүгээр багийн Төмөртэй хорооллын 20 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 20:07 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 20:10 цагт очиход иргэн Н-ын 4 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 24 дүгээр хороо, Зүүн салааны Бумбатын 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.10-ны өдрийн 02:00 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 9.5 км замыг туулан 02:12 цагт очиход иргэн Д-ийн 4×6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

3. Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Үер: Архангай аймаг, Ихтамир сум. Бугат багийн “Булаг” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 45 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ 07.09-ний өдрийн 17:00 цагийн орчим мөндөр, аадар бороо орсны улмаас иргэн Б, Б нарын 6 ханатай 2 гэр, 5 ханатай 1 гэр уруйн үерт урссан тухай мэдээллийг 07.09-ний өдрийн 18:14 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд нөхцөл байдалтай танилцахаар явсан тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

Өвөрхангай аймаг, Хужирт сум. Уужим багийн “Бургас” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ 07.09-ний өдрийн 21:20 цагийн орчим аадар бороо орсны улмаас иргэн А, Г-ын 5 ханатай 2 гэр, 4 ханатай 1 гэр уруйн үерт урссан тухай мэдээллийг 07.09-ний өдрийн 21:50 цагт хүлээн авсан.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд нөхцөл байдалтай танилцаж ажилласан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 6 дугаар багийн “Задгай”-д “Хэрлэн” голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байснаас 1 хүүхэд нь живсэн тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 09:32 цагт очиход Т/10 настай, эрэгтэй/ нь “Хэрлэн” голд живсэн тул осолдсон газраас зүүн зүгт 5 дугаар багийн “Улаан-Эрэг” гэдэг газраас “Хадан хошуу” гэдэг газар хүртэл 49 км-т завиар урсаж, 1.5-2 метрийн гүнд 35 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:35 цагт түр зогсоосон. 07.10-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Хонгор багийн “Хорин нэгийн-Арал” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 48 км-т/ “Эг”-ийн голын эрэг дээр 5 хүн зугаалж байснаас 1 хүн живсэн тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 18:49 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн П /28 настай, эрэгтэй/ нь “Эг”-ийн голд живсэн тул 07.09-ний өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг 2 бүлэгт хуваагдаж зохион байгуулсан. 1 дүгээр бүлэг: “Хорин нэгийн-Арал” гэдэг газраас “Хантай багийн төв” гэдэг газар хүртэл 80 км-т завиар урсаж, 3-6 метрийн гүнд 7 удаа шумбаж, 2 дугаар бүлэг: “Хорин нэгийн гарам” гэдэг газраас “Баянгийн-Ар” гэдэг газар хүртэл голын эрэг дагуу 13 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:30 цагт түр зогсоосон. 07.10-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Төв аймаг, Лүн сум. Ногоон хоолой багийн “Үнэгтийн хоолой” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 175 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 55 км-т/ 07.09-ний өдрийн 11:00 цагийн орчим “Туул” голын эрэг дээр 4 хүүхэд тоглож байснаас 1 хүүхэд живсэн тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 12:40 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид мөн өдрийн 14:25 цагт очиход С /15 настай, эрэгтэй/ нь “Туул” голд живсэн тул “Элстэйн гарам” гэдэг газраас “Чулуутын гарам” гэдэг газар хүртэл 12 км-т завиар урсаж, голын эрэг дагуу 8 км-т автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:10 цагт түр зогсоосон. 07.10-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум. Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 111 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 31 км-т/ “Сэлэнгэ” мөрөнд 2 иргэн осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг цагдаагийн байгууллагаас 07.09-ний өдрийн 15:09 цагт хүлээн авсан.

07.04-ний өдөр “Сэлэнгэ” мөрний эрэг дээр 10 иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д/58 настай, эрэгтэй/, Н/50 настай, эмэгтэй/ нар нь “Ниссан Экстрал” загварын суудлын автомашинтай явж байсан бөгөөд сураггүй болсон.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газрын алба хаагчид, алба хаагч, мөн өдрийн 17:50 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:40 цагт иргэн Д-ийн цогцсыг /осолдсон газраас хойд зүгт 1 км-т/ нь “Сүмийн булан” гэдэг газраас олж, тус аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж өгсөн.

Иргэн Н-ийг тус сумын “Суварга-Уул” гэдэг газраас “Орхоны гүүр” гэдэг газар хүртэл 18 км-т завиар урсаж, голын эрэг дагуу 6 км-т автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. 07.10-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Төөрсөн, сураггүй болсон: Өмнөговь аймаг, Гурвантэс сум. Баясах багийн “Гүдгэрийн сайр” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 390 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ тус аймгийн Гурвантэс сумаас “Жавхлант-Орд” ХХК-ийн нүүрсний уурхайн чиглэлд харуул А нь мотоциклтой явахдаа 07.08-ны өдрийн 05:00 цагийн орчим тус компанийн Хамгаалалтын албаны дарга Н-тай утсаар мотоцикл эвдэрсэн, унаа явуулах боломж байна уу гэж ярьснаас хойш сураггүй болсон тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 23:15 цагт хүлээн авсан.

Тус компанийн ажилчид 07.08-ны өдрийн 09:00 цагаас эхлэн харуул А/51 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 10:00 цагт Гурвантэс сумаас зүүн хойд зүгт 12 км-т мотоциклийг нь олсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр, унтраах аврах 67 дугаар ангийн алба хаагчид 07.10-ны өдрийн 06:00 цагт хөдөлгөөн үйлдсэн.

Бусад төрлийн осол: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 26 дугаар хороо, “Сүмбэр-Орд” хороололд бага насны хүүхэд гэртээ цоожлогдсон, хаалгыг онгойлгох шаардлагатай байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 16:55 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 17:05 цагт очиход Г/4 настай, эрэгтэй/ нь гэртээ цоожлогдсон байсныг тагтаар орж хаалгыг нээж, ээжид нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top