Хариуцлагатай аялагч байж, хайртай бүхнээ хамгаалъя

9d4a62240813f6199bb254c46208b5e55a834247.jpg

Цар тахлын жилүүдэд багагүй хохирол амсаж, “хөл дээрээ тогтож ядан дэнжгэнэж”буй салбаруудын нэг бол аялал жуулчлалын салбар юм. Зөвхөн манайд ч биш олон улсын хэмжээнд аялал жуулчлалын зах зээл хумигдаж, уналтад ороод буй юм. Түүнчлэн зарим статистикаар 2023 он хүртэл тус салбар сэргэхгүй гэх таамаг байна.

Манай улсын хувьд сүүлийн хоёр жил гадаадын жуулчдыг хүлээж аваагүй. Харин дотоодын аялагчид өмнөх үеийнхээс харьцсангүй нэмэгдсэн талаар холбогдох байгууллагууд мэдээлээд буй юм. Гэсэн хэдий ч аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн тоо буурчээ. Тодруулбал, 2020 онд тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага 936 болж өмнөх оны мөн үеийнхээс 30 орчим хувиар цөөрсөн байна. Түүнчлэн өнгөрсөн онд тус салбарын орлого 65.8 хувиар буурчээ. Улмаар 88 мянга гаруй алба хаагчийн 95 хувь нь цалингүй, сул зогчээ.

Сүүлийн гурав хоног орон нутагт ирэх иргэдийн тоо эрс өсжээ

Манай улсын аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа улиралын чанартай эрчимждэг. Улмаар дулааны улиралд л хөдөөнөөс хотыг, гадаадаас монголын зорих хөдөлгөөн ихэсдэг. Энэ жил хэдий Ковид19 халдварын тархалт их байгаа ч их хотоос даажих нүүдэл хэдийн эхэлжээ. Улмаар багагүй хугацаанд нам, гүм байсан аялалын баазууд хүний хөлд дарагдсан байна. Тодруулбал, Хөвсгөл нуурын эрэг орчимд 10 орчим мянган жуулчин цугларсан байгаа бол Дорнод аймагт сүүлийн гурав хоногт 5000 орчим аялагч ирсэн байна. Завхан аймагт нэг өдрийн дотор 1000 орчим хүн нэвтэрчээ.

Долоон аймгийн 50 гаруй сум хөл хорио тогтоосон байна

Ковид19-ийг дотооддоо алдаж, халдварын тархалт эрчимжиж байгаа учир зарим аймгийн хэд, хэдэн сум хот, хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаж, хөл хорио тогтоогоод буй юм. Тодруулбал, өнөөдрийн байдлаар долоон аймгийн 50 гаруй сум нийслэл болон бусад аймаг, сумдаас ирэх иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа юм. Тодруулбал, Баянхонгор аймгийн 20 сум энэ сарын 15-ныг хүртэл хөл хорио тогтоогоод буй юм. Мөн Говьсүмбэр аймгийн гурван сум долдугаар сарын 20-ныг хүртэл орох, гарах хөдөлгөөнийг нээхгүй болохоо мэдэгдсэн бол Булган аймгийн Баян-Агт сум тодорхойгүй хугацаанд хөл хорио тогтоожээ. Мөн Дорноговь, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ зэрэг аймгуудын зарим сум гаднаас ирж буй иргэдийг хүлээж авахгүй байгаа аж. Тиймээс аялалд гарахаасаа өмнө очихоор зорьж буй газрынхаа Онцгой комисстой холбоо барьж, хөл хорио тогтоосон эсэхийг нь тодруулах шаардлагатай юм.

Сүүлийн өдрүүдэд үер, усны осол нэмэгджээ

Хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор үер, усны осолд өртөх иргэдийн тоо сүүлийн өдрүүдэд эрс нэмэгджээ. Тодруулбал, наадмын өдрүүдэд /7 дугаар сарын 09-ний өдрөөс/ 15 иргэн усны ослоор амиа алдсан байна. Түүнчлэн бороо, хур элбэг байгаагийн улмаас зам, гүүр үерлэх, эвдэх тохиолдол элбэг байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Цаг агаарын болон үер усны аюулаас болгоомжтой аялахыг холбогдох байгууллагаас сануулаад байна.

“Хүмүүс коронавирусийг мартаж”

Иргэд бие, сэтгэлээ амрааж, аялалд гарах нь зүйтэй ч Ковид19-ийн халдвар эрчимтэй тархаж буй энэ эрсдэлтэй үед халдвар, хамгааллын дэглэмээ баримтлах шаардлагатай юм. Гэвч орон нутагт амарч буй хүмүүсийн олонх нь амны хаалт зүүхгүй, бие биеийнхээ шаардлагыг хүлээж авахгүй байгаа талаар Хөвсгөл аймагт аялж буй иргэн мэдээлсэн юм. Тэрбээр “Хөвсгөлд ирээд нэг хонож байна. Замд бороо ус ихтэй байсан. Улмаар зам, гүүр үерлэсэн байна билээ. Энд бодож байснаас олон хүн ирж. Гэр, сууц олдохгүй байна. Замд хэд, хэдэн удаа түргэвчилсэн шинжилгээ өгсөн ч постоор нэвтэрч байгаа бүх хүн шинжилгээ өгөх боломжгүй учир халдвартай хүн нэвтрэхгүй гэх баталгаа байхгүй. Түүнчлэн Ковид19-ийн илрэх хугацаа нь янз бүх байдаг. Тэгэхээр ер нь хэчнээн хөдөө байгаа ч амны хаалтаа авахгүй, аль болох зай барих хэрэгтэй. Гэхдээ хүмүүс коронавирусийг бүр мартаж орхиж. Айж байгаа ч хүн алга. Бүгд л амны хаалтгүй, энд тэнд олуулаа цугларч, найрлаж байна” гэлээ.

Бид коронавирусийг умартаж болох ч тахал та биднийг отож байгааг санах нь олон эрсдэлээс сэргийлэх юм. Хэрэв халдварын тархалтыг ирэх намраас өмнө хумьж чадахгүй бол хүүхдүүдийн сургууль цэцэрлэг орох хугацаа дахин хойшилж, цар тахалд “тушуулсан” цаг хугацаа удаан үргэлжилнэ. Тиймээс иргэн бүр хариуцлагатай байж, хайртай хүмүүсээ хамгаалъя. 

Эх сурвалж: eagle.mn

scroll to top