АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Төв болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн уулархаг нутгаар 15-17 м/с хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32-37 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Төв аймаг, Эрдэнэ сум. Сумын төвд Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр шатаж байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 22:33 цагт хүлээн авсан.

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 74.5 км замыг туулан 23:30 цагт очиход, тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, гал тогоо, агуулах зэрэг нийт 45×16 метрийн хэмжээтэй 1 давхар барилга шатаж байсныг 4 цаг 25 минут ажиллаж унтраасан.

ААН, байгууллагын өмчид гарсан: Өмнөговь аймаг, Цогтцэций сум (Тавантолгой) Сийрст багийн “2 дахь км” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 105 км-т, сумын төвөөс зүүн зүгт 2 км-т/ дунд оврын автобус шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 04:28 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 04:37 цагт очиход “Таван толгой” ХХК-ийн эзэмшлийн “Хайсе” загварын дунд оврын автобус шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймаг, Шарынгол сум. 2 дугаар багийн Ухаа хошуу 1 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 11:33 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 11:37 цагт очиход иргэн Д-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 9 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум. Жаргалант багийн 11 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 15:13 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:16 цагт очиход иргэн Б-ийн улсын бүртгэлгүй “Корола” загварын суудлын автомашин бүхээг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймаг, Дархан сум. 3 дугаар багийн “Хараа” голын гүүрэн доор автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 21:20 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 21:25 цагт очиход иргэн Г-ын “Приус-10” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймаг, Сайнцагаан сум. 8 дугаар багийн Айрагийн 3 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 23:57 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 00:02 цагт очиж иргэн М-ийн “Лотзе” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Ховд аймаг, Манхан сум. Баянгол багийн “Сүүжийн хотгор” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 55 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ автомашин мөргөлдөж, бүхээгт хүн хавчуулагдсан тухай дуудлагыг цагдаагийн байгууллагаас 07.16-ний өдрийн 01:08 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 01:36 цагт очиход тус аймгийн Манхан сумаас Жаргалант сумын чиглэлд тус аймгийн харьяат С/64 настай, эрэгтэй/ “Соната 6” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ иргэн Ц-ийн жолоодож явсан “Камаз” загварын ачааны автомашин /1 зорчигчтой/ зогсож байх үед араас мөргөж, иргэн О-ийн жолоодож явсан “Приус 30” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/-ыг урдаас нь мөргөсний улмаас иргэн Л /22 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг гаргаж, иргэн З /32 настай, эрэгтэй/, Н/41 настай, эмэгтэй/ нарын хамт тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.

Усны осол: Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум. Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 111 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 31 км-т/ 07.04-ний өдөр “Сэлэнгэ” мөрний эрэг дээр 10 иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д, Н нар “Экстрал” загварын суудлын автомашинтай сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 07.09-ний өдрийн 15:09 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн Н/50 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа.

07.15-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг: “Сүмийн булан” гэдэг газраас “Ноён-Уул” гэдэг газар хүртэл нийт 90 км-т явганаар болон завиар, 2 дугаар бүлэг: “Ноён-Уул” гэдэг газраас “Сүмийн булан” гэдэг газар хүртэл нийт 30 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:20 цагт түр зогсоосон. 

07.16-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Хүч нэмэгдүүлж Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумд мөн өдрийн 22:17 цагт очсон.

Дархан-Уул аймаг, Дархан сум. 1 дүгээр багийн “Алтанхундагын тохой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 18 км-т/ 17 хүн “Хараа” голын эрэгт зугаалж байснаас 1 хүн усанд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 07.11-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн О/21 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа.

07.15-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг: 1 дүгээр багийн “Алтанхундагын тохой” гэдэг газраас “Хараа”, “Орхон гол”-ын бэлчир гэдэг газар хүртэл “Хараа” голын усаар нийт 8 км-т завиар урсаж, 2 дугаар бүлэг: 1 дүгээр багийн “Алтанхундагын тохой” гэдэг газраас “Хар-Усан” тохой гэдэг газар хүртэл 7 км-т завиар урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07.15-ны өдрийн 09:16 цагт иргэн О-ын цогцсыг /осолдсон газраас баруун хойд зүгт 16 км-т/ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хараа” голын “Сэртэнгийн-Ам” гэдэг газарт бургасанд тээглэсэн байсныг олж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл багийн Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн.

Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум. Бор бургас багийн “Бага түргэний хүрхрээ” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 175 км-т, сумын төвөөс урд зүгт 100 км-т/ 12 хүн “Бага түргэний хүрхрээ”-нд зугаалж байснаас 1 хүн хүрхрээн дээрээс /22 метрийн өндөр/ халтирч ус руу унаж, осолдсон тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус байгууллагын ажилтнууд, ар гэрийнхэн нь Орхон аймгийн харьяат иргэн Д/35 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.15-ны өдрийн байдлаар тус сумын Бор бургас багийн “Бага Түргэний хүрхрээ” гэдэг газар 5 метрийн гүнд 12 удаа шумбаж, хүрхрээний орчим 18 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:10 цагт түр зогсоосон. 07.16-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг.12 дугаар хорооны “Задгай”-д 07.12-ны өдөр 6 хүн Туул голын эрэг дээр зугаалж байснаас 1 хүн живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны харьяат иргэн М/19 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа.

07.15-ны өдрийн байдлаар “Нисэхийн хадан хясаа” гэдэг газраас “Шувуун фабрик” гэдэг газар хүртэл 100 км-т завиар, 3.5-4 метрийн гүнд 67 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:34 цагт зогсоосон. 07.16-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Баянхонгор аймаг, Богд сум. Алтай багийн “Их богд-Уул”-ын “Битүүтийн-Эх” гэдэг нууранд /аймгийн төвөөс баруун урд зүгт 210 км-т, сумын төвөөс баруун зүгт 80 км-т/ нуурын эргээр морьтой 4 хүн явж байснаас 1 хүн морьтойгоо живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 23:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн Б/26 настай, эрэгтэй/ нь морьтойгоо нууранд живсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 07.15-ны өдрийн 05:20 цагт Богд сумын чиглэлд явсан. Иргэн Б-ын цогцсыг нуурын эргээс 4 метр, 3 метрийн гүнээс 07.15-ны өдрийн 07:50 цагт иргэд олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн тул бүлэг 08:12 цагт буцсан.

Төв аймаг, Эрдэнэ сум. 1 дүгээр багийн “Улаан загалтай-Уул”-ын харалдаа “Туул” голд автомашины бүхээг дээр 4 хүн байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 06:50 цагт хүлээн авсан.

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 50 км замыг туулан 07:40 цагт очиход Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны харьяат иргэн А нь “Прадо-120” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/-аар “Туул” голыг гаталж явахдаа живсэн бөгөөд иргэн А/52 настай, эрэгтэй/, Т/49 настай, эмэгтэй/, А/10 настай, эмэгтэй/, Б /10 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээг дээр байсныг завиар эсэн мэнд аюулгүй газарт гаргаж, автомашиныг татаж гаргасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 10 дугаар хороо, “Адам Ева” хөшөөний харалдаа “Туул” голын хойд салаанд цогцос хөвж байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 10:05 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км зам туулан 10:25 цагт очиход нэр, хаяг тодорхойгүй, 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцос хөвж байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлж өгсөн.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хороо, Баянцагааны даваа гэдэг газар 7 хүн зугаалж байснаас “Туул” голд хийлдэг гудсан дээр 4 хүн хөвж байгаад гудас нь хөмөрч 1 хүн живсэн тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 11:38 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид тус дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн М/21 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 13:05 цагт иргэн М-ын цогцсыг олж, тус дүүргийн Шүүхийн шинжилгээний тасагт шилжүүлж өгсөн.

Хэнтий аймаг, Баян-Овоо сум. Сүмбэр багийн “Гүрэмын нуур” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн зүгт 1 км-т/ 8 хүн зугаалж байснаас “Гүрэмын нуур”-нд бага насны 3-4 хүүхэд хийлдэг тоглоомон дээр тоглож байгаад 1 хүүхэд живсэн тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны харьяат Д/8 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, “Гүрэмын нуур”-ын 2-2,5 метрийн гүнд 5 удаагийн шумбаж, Д-ий цогцсыг мөн өдрийн 20:00 цагт олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн.

Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Хантай багийн “Нуга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ 13 хүн зугаалж байснаас иргэн Б “Эг”-ийн голд сэрүүцэхээр ороод живсэн тухай дуудлагыг цагдаагийн байгууллагаас 07.15-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь Орхон аймгийн харьяат иргэн Б/23 настай, эрэгтэй/-г 2 бүлэгт хуваагдаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 1 дүгээр бүлэг: Хантай багийн “Нуга” гэдэг газраас “Цэдэнбалын тохой” гэдэг газар хүртэл 8 км-т завиар урсаж, 2 дугаар бүлэг: Хантай багийн Нуга” гэдэг газраас “Цэдэнбалын тохой” гэдэг газар хүртэл 8 км-т голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 07.16-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 

Хэнтий аймаг, Баянхутаг сум. Цантын хоолой багийн “Хаяагийн дэрс” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 32 км-т/ иргэн Г явган “Хэрлэн” голоор үхэр тууж явахдаа живсэн тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 14:42 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид тус аймгийн Дадал сумын харьяат иргэн Г/29 настай, эрэгтэй/-ыг “Хаяагийн дэрс” гэдэг газраас “Хэрлэн” голоор 12 км-т завиар урсаж, голын эрэг дагуу 7 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:35 цагт түр зогсоосон. 07.16-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.  

Төв аймаг, Мөнгөнморьт сум. Жаргалант багийн “Бөөний хадаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 209 км-т, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ 10 хүн зугаалж байснаас иргэн Ш “Хэрлэн” голд ороод живсэн тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 14:59 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны харьяат иргэн Ш/33 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:40 цагт иргэн Ш-ын цогцсыг “Хэрлэн” голын бургасан дунд усны мандал дээр хөвж байсныг олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн.       

Дундговь аймаг, Адаацаг сум. Сүм багийн “Хаяа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 90 км-т, сумын төвөөс урд зүгт 13 км-т/ 4 хүн тогтоол усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид аймгийн Адаацаг сумын харьяат иргэн У /33 настай, эрэгтэй/, Ц/15 настай, эмэгтэй/, С/11 настай, эмэгтэй/, Х/11 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:34 цагт иргэн У, Ц, С, Х нарын цогцсуудыг олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн. 

Улаанбаатар хот, Налайх дүүрэг.6 дугаар хороо, “Их хуралдай” амралтын газрын ойролцоо “Туул” голд 1 хүн живсэн тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 18:49 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 18:57 цагт очиж Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн П /23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 5 км-т завиар урсаж, 10 удаа шумбасан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:15 цагт түр зогсоосон. 07.16-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 13 дугаар хороо, Загас үржүүлгийн хиймэл нууранд 1 хүн живсэн тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 20:34 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Төв аймгийн харьяат иргэн Э /20 настай, эрэгтэй/ нь хийлдэг завиар нуурын усанд зорчиж яваад завь нь холбирч живсэн байсан тул иргэн Э-ийн цогцсыг мөн өдрийн 22:38 цагт 9 метрийн гүнээс олж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлж өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. 4 дүгээр багийн “Сувиллын-Ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 2 км-т/ Бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 22:40 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Цагдаагийн хэлтийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь хамтран Т/3 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 23:20 цагт гэрээс баруун зүгт 400 метрээс эсэн мэнд олж, аавд нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top