1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Архангай, Баян-Өлгий, Булган, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд болон зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 33-38 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 25-27 градус дулаан байна.
Төлөв байдал: 18-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-ний өдөр баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-ны өдөр нутгийн зарим газраар, 21-ний өдөр төвийн нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
2.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Автозамын тээврийн осол: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн “Үнэг толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун урд 45 км-т/ суудлын автомашин замын хажуу руу онхолдож, автомашины бүхээгт 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 17:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд 45 км замыг туулан 18:10 цагт очиж, тус сумын Эрүүл мэндийн төвийн жолооч Б /59 настай, эрэгтай/ “Экстрайл” загварын суудлын автомашинтай тус аймгийн Ерөө сум руу өвчтөн хүргээд буцаж явахдаа автозамын хажуу руу онхолдож, автомашины бүхээгнээсээ гарч ухаан алдсан байсныг зөөвөрлөн сумын Эрүүл мэндийн төвд авчирч, хүлээлгэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн “Хужирт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 218 км-т, сумын төвөөс урд зүгт 15 км-т/ Суудлын автомашин замын хажуу руу онхолдож, автомашины бүхээгт 2 хүн хавчуулагдаж нас барсан, цогцсыг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 07.16-ны өдрийн 19:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан 19:50 цагт очиж, тус сумын Хэрх багаас Мандал сум руу зорчиж явсан “Севик” загварын суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан жолооч Н/55 настай, эрэгтэй/, зорчигч О/50 настай, эмэгтэй/ нарын цогцсыг гаргаж, сумын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Усны осол: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 111 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 31 км-т/ 07.04-ний өдөр “Сэлэнгэ” мөрний эрэг дээр 10 иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д, Н нар Экстрал загварын суудлын автомашинтай сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 07.09-ний өдрийн 15:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 07.16-ны өдрийн 06:00 цагаас мөн өдрийн 20:00 цаг хүртэл иргэн Н/50 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.16-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг: тус сумын “Сүмийн булан” гэдэг газраас “Ноён-Уул” гэдэг газар хүртэл 4 завиар 15 км-т 4 удаа, нийт 240 км-т, 2 дугаар бүлэг: “Сүмийн булан” гэдэг газраас “Ноён-Уул” гэдэг газар хүртэл нийт 50 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 07.17-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Бага түргэний хүрхрээ” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 175 км-т, сумын төвөөс урд зүгт 100 км-т/ 12 хүн “Бага түргэний хүрхрээ”-нд зугаалж байснаас 1 хүн хүрхрээн дээрээс /22 метрийн өндөр/ халтирч ус руу унаж, осолдсон тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн 07.16-ны өдрийн 06:00 цагаас мөн өдрийн 16:00 цаг хүртэл Орхон аймгийн харьяат иргэн Д /35 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.16-ны өдрийн байдлаар тус сумын Бор бургас багийн “Бага Түргэний хүрхрээ” гэдэг газарт нийт 30 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр мөн өдрийн 16:00 цагт зогсоосон.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Задгай”-д 07.12-ны өдөр 6 хүн “Туул” голын эрэг дээр зугаалж байснаас 1 хүн живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны харьяат иргэн М /19 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/-ийг 07.16-ны өдрийн 05:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 21:37 цагт тус дүүргийн 12 дугаар хорооны 2 дугаар хэсэг, Ерөнхий боловсролын 26 дугаар сургуулийн хойд тал дахь “Туул” голын эргээс цогцсыг олж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчөөр ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Нуга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ 13 хүн зугаалж байснаас иргэн Б “Эг”-ийн голд сэрүүцэхээр ороод живсэн тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 07.15-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, Орон нутгийн иргэд Орхон аймгийн харьяат иргэн Б/23 настай, эрэгтэй/-г 07.16-ны өдрийн 06:00 цагаас мөн өдрийн 21:30 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.16-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг: тус сумын Хантай багийн “Хужир нуга” гэдэг газраас “Баянголын-Адаг” гэдэг газар хүртэл 15 км-т, “Хужир нуга” гэдэг газраас “Ингэт толгой” гэдэг газар хүртэл 50 км-т завиар, 2 дугаар бүлэг: Хантай багийн “Хужир нуга” гэдэг газраас “Цэдэнбалын тохой” гэдэг газар хүртэл 8 км-т завиар урсаж, 4 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоосон. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар Орхон аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 2 автомашин, 2 завьтай 07.16-ны өдрийн 19:28 цагт очсон. 07.17-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цант багийн “Хаяаны дэрс” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 32 км-т/ Малчин Г явганаар үхэр тууж “Хэрлэн” голыг гатлах явцдаа живсэн тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 14:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн тус аймгийн Дадал сумын харьяат иргэн Г /29 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 07.16-ны өдрийн 05:00 цагаас мөн өдрийн 20:30 цаг хүртэл зохион байгууллаа. 07.16 -ны өдрийн байдлаар тус сумын Цант багийн “Хаяаны дэрс” гэдэг газраас “Салаа бургас” гэдэг газар хүртэл 40 км-т “Хэрлэн” голоор завиар урсаж, 3 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:35 цагт түр зогсоосон. 07.16-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Их хуралдай” амралтын газрын орчимд “Туул” голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 18:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн П /22 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 07.16-ны өдрийн 07:00 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 13:55 цагт тухайн иргэний цогцсыг тус дүүргийн 1 хороо “Бүдүүн чулууны гарам” гэдэг газар /осолдсон газраас 15 км-ын зайтай/-т “Туул” голын эргээс олж, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 220 км-т, Багануур дүүргээс зүүн зүгт 5 км-т/ 6 хүн “Хэрлэн” голын эрэгт амарч байснаас 1 хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 19:35 цагийн очиж, Улаанбаатар хотын харьяат иргэн М /42 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ “Хэрлэн” голын усанд сэлэхээр ороод живсэн байсан тул голын усаар 16 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 21:50 цагт түр зогсоосон. 07.17-ны өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Төөрсөн, сураггүй болсон: Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан суурин” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 260 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т 25 хүн Баян-Уул сумын “Ульхан” суурингийн орчим зугаалж байснаас 07.16-ны өдрийн 11:00 цагийн орчим Э /3 настай, эмэгтэй/ тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Цагдаагийн тасаг, Хилийн 0207 дугаар заставын алба хаагчид, орон нутгийн иргэд мөн өдрийн 15:00 цагаас Э /3 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг ажиллагааг зохион байгуулах явцад мөн өдрийн 20:00 цагт ОХУ-ын Мангут хэсгийн Бүрэн эрхт төлөөлөгчийн газраас хилийн 840 дүгээр тэмдэгт орчмоос тухайн хүүхдийг тус улсын хилчид эсэн мэнд олсон тухай мэдээллийг өгсөн. Мэдээллийн дагуу Хилийн 0207 дугаар заставын ерөнхий жижүүрээр ахлуулсан бүрэлдэхүүн хилийн бүсэд очиж, тухайн хүүхдийг 23:00 цагт авчирч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР