1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Булган, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Орхон голын хөндийгөөр 19-24 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 градус дулаан байна.
Төлөв байдал: 21-ний өдөр төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-ны өдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-ний өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 21-ний өдөр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Булган аймаг, Дашинчилэн сум. Төв багийн “Наран” хорооллын 8 дугаар гудамжны 837 тоот 07.19-ний өдрийн 09:00 цагийн орчим байшин шатсан тухай мэдээллийг 07.19-ний өдрийн 10:45 цагт хүлээн авсан.
Иргэн Т-ын 7х8 метрийн хэмжээтэй байшин шатсаныг орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 11:15 цагт гал түймрийг унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хороо, “Хонхор нуур”-ын хэсгийн задгайд өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 07.19-ний өдрийн 16:33 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 33 км замыг туулан 16:52 цагт очиж, иргэн Г-ын 4х8 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
3.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Гол, мөрний усны үер: Баянхонгор аймаг, Жаргалант сум. Өлзийт багийн “Таван жаргалан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 158 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ тус аймгийн Жаргалант сумаас Өлзийт багийн “Таван жаргалант” гэдэг газрын чиглэлд 2 автомашинаар зорчиж явсан 32 хүн “Байдраг” голын усанд боогдсон тухай дуудлагыг 07.19-ний 23:32 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх салбарын алба хаагчид 5 км замыг туулан 22:42 цагт очиход Жаргалант суманд хүүхдүүддээ нярайн вакцин хийлгээд “Таван жаргалан” гэдэг газар руу буцаж явсан 25 том хүн, 7 хүүхэд, нийт 32 хүн “Байдраг” голын салаанд усанд боогдсон байсныг завиар аюулгүй газарт гаргасан.
Уруйн үер: Өмнөговь аймаг, Даланзадгад сум. Баруунсайхан багийн 23 дугаар гудамжинд 07.18-ны өдрийн 12:14 цагаас 19:50 цагийн хооронд орсон усархаг борооны улмаас 4 айлын гэр, 1 гарааш усанд автсан тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 11:45 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 11:48 цагт очиж, иргэн Б, Ц нарын 5 ханатай 2 гэр, 1 гарааш, иргэн С, Н нарын 4 ханатай 2 гэр усанд автсан байсныг аюулгүй болгосон.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 1 дүгээр хороо, 140 дүгээр пост гэдэг газар суудлын 2 автомашин мөргөлдөж, автомашины бүхээгт 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:11 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 23:16 цагт очиж, Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлд зорчиж явсан “Приус-20” загварын суудлын автомашин Багануур дүүргээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, автомашинтай бүхээгт жолооч А/40 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тус дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.
Усны осол: Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум. Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 111 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 31 км-т/ 07.04-ний өдөр “Сэлэнгэ” мөрний эрэг дээр 10 иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д, Н нар “Экстрайл” загварын суудлын автомашинтай сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 07.09-ний өдрийн 15:09 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийн хүмүүс 07.09-ний өдрөөс 07.18-ны өдрийг дуустал 10 хоногийн хугацаанд иргэн Н /50 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр 07.19-ний өдрийн 11:00 цагт зогсоосон.
Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум. Бор бургас багийн “Бага түргэний хүрхрээ” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 175 км-т, сумын төвөөс урд зүгт 100 км-т/ 12 хүн “Бага түргэний хүрхрээ”-нд зугаалж байснаас 1 хүн хүрхрээн дээрээс /22 метрийн өндөр/ халтирч ус руу унаж, осолдсон тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 07.12-ны өдрөөс 07.16-ны өдрийг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоосон.
07.19-ний өдрийн 18:45 цагт “Бага түргэний хүрээ” гэдэг газар хүрхрээнээс 15 метрийн зайд усанд дотор чулуунд тээглэж тогтсон 1 хүний цогцос байна гэсэн мэдээллийг тухайн газарт аялж явсан иргэнээс хүлээн авсан. /Уг цогцос нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Д/35 настай эрэгтэй/-ийнх байх магадлалтай байна/. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Цагдаагийн хэсэг, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид 22:00 цагт хөдөлсөн.
Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум. Нугаар багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 220 км-т, Багануур дүүргээс зүүн зүгт 5 км-т/ 6 хүн “Хэрлэн” голын эрэгт амарч байснаас 1 хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 19:05 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 07.19-ний өдрийн 06:00 цагаас мөн өдрийн 20:30 цагт хүртэл нийслэлийн Баянзүрх харьяат иргэн М/42 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа.
07.19-ний өдрийн байдлаар Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Жаргалантын-Ам” гэдэг газраас Дэлгэрхаан сумын “Хэрлэн баян-Улаан”, “Хэцүү гацаа” гэдэг газар хүртэл “Хэрлэн” голын усаар 72 км-т завиар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:45 цагт түр зогсоосон. 07.20-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 12 дугаар хороо, “Сонгины амралтын гүүр” гэдэг газар гэр бүлийнхэнтэйгээ зугаалж явсан 1 хүүхэд “Туул” голын усанд живсэн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 15:25 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18 км замыг туулан 15:49 цагт очиж, тус дүүргийн 12 дугаар хороо “Шинэ модон гүүр” гэдэг газар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат М /11 настай, эмэгтэй/-ийн цогцос “Туул” голын усанд модонд тээглэсэн байсныг мөн өдрийн 15:57 цагт гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 17 дугаар хороо, “Зүрх” уул гэдэг газар хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тус дүүргийн харьяат иргэн Н/32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г эрэн хайх ажиллагааг “Зүрх” уул гэдэг газарт зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 07.20-ны өдрийн 02:00 цагт түр зогсоосон. 07.20-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР