Ажлын хэсэг Цагаан хад суурьшлын бүсэд ажиллаж байна

tsagaan-had-810x500-1.jpeg

Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу экспорт, импортын гол боомтыг ногоон бүс болгох зорилгоор ачаа тээврийн Цагаан хад суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсэг, Өмнөговь аймгийн Онцгой комиссын гишүүд тус суурьшлын бүсэд ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн  ПСР шинжилгээний явуулын 5 баг гарган суурьшлын бүсэд байгаа бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Түүнчлэн тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг 30 аж, ахуй нэгжийн 19 тусгаарлан ажиглах байранд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зөвлөмж өгч, урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж байгаа юм.

  Цагаан хад суурьшлын бүс рүү нэвтрэх 2 шалган нэвтрүүлэх цэг дээр шинжилгээ авах суурин цэгийг шинээр байгууллаа. Мөн ХӨСҮТ-өөс тархвар судлаач 2 эмчийг татан авч, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллуулж байна.

  Ханбогд сумын Хайрхан багийн төвд 6 цагт 150 сорьцонд шинжилгээ хийх хүчин чадал бүхий лаборатори 24 цагаар ажилладаг. Түүнчлэн аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Хилийн 0131 дүгээр анги, Автотээврийн төвөөс хяналтын 26 цэг, хөдөлгөөнт эргүүлийн 5 чиглэлд 124 албан хаагч хоёр ээлжээр 24 цагаар автотээврийн болон иргэдийн хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top