1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшиж, бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 25-27 градус дулаан байна.
Төлөв байдал: 24-ний өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26, 27-ны өдөр нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 25-ны өдрөөс нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 13 дугаар байрны 1 дүгээр давхарт цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 08:09 цагт хүлээн авсан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 08:15 цагт очиж, тус байрны иргэн Э-ийн “Таван-Улиас” цайны газрын 4х4 метрийн хэмжээтэй гал тогооны өрөөний таазны хэсэг болон эд хогшил шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, “Ухны-Ам” зуслангийн задгай Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 11.5 км замыг туулан 17:34 цагт очиж, иргэн С-ийн 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2 дугаар давхрын хана, эд хогшил шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойтын 59 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 20:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 20:44 цагт очиж, иргэн Н-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар багийн Эрдэнэтолгойн 8 дугаар гудамжинд иргэн Э-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар 07.22-ны өдрийн 16:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн 21:00 цагт хүлээн авсан. Тус сумын иргэд ажиллаж, иргэн Э-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар болон хураалгаатай гэр шатсаныг унтраасан тухай тус сум дахь Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн тухай аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Геологи багийн “Жаргалант” хорооллын 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 00:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 00:54 цагт очиж, иргэн З-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Шаргын хавтгай” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 306 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 41 км-т, Ө-50°58”12”, У-100°12”36”/ 07.22-ны өдрийн 08:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 08:36 цагт цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга, Засаг даргын орлогч болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Хонгорийн нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 147 км-т, сумын төвөөс урд зүгт 49 км-т, Ө-49°20”24”, У-106°55”12”/ 07.22-ны өдрийн 09:12 цагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 09:18 цагт цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс болон тухайн газарт нутагладаг иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн. Газар хөдлөлтийн чичирхийлэл нь Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн иргэдэд мэдрэгдсэн.
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 330 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 44 км-т, Ө-51°10”12.0”, У-100°22”12.0”/ 07.22-ны өдрийн 15:45 цагт 4.3 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 15:51 цагт цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Оёг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 317 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т, Ө-51°22”12.0”, У-100°13”12.0”/ 07.22-ны өдрийн 17:01 цагт 3.9 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 17:08 цагт цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сумын төвд мэдрэгдээгүй, тухайн газарт нутагладаг малчдад мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
4.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Гол, мөрний усны үер: Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн “Урд нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км-т, сумын төвөөс баруун зүгт 10 км-т/ 07.22-ны өдрийн 07:00 цагийн орчим түр зуурын усархаг бороо орсны улмаас 3 өрхийн 3 гэр /9 хүн/ усанд автсан тухай дуудлагыг мөн өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, 3 өрхийн 8 хүн /5 том хүн, 3 хүүхэд/, 3 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ толгой багийн “Сайр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 138 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 2.5 км-т/ 07.21-ний өдөр орсон усархаг борооны улмаас 5 өрхийн 1 байшин, 4 гэр усанд автсан тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 10:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид, Хархорин “АЗЗА” ТӨХК-ийн ажилтнууд 5 өрхийн нийт 45 хүн /том хүн 28, хүүхэд 17/, 4 гэрийг эд хогшлын хамт аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан-Ам багийн “Улаан-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 170 км-т, сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ 07.21-ний өдөр Бат-Өлзий сумын нутгаар орсон усархаг бороо орсны улмаас тус сумын Улаан-Ам багийн Улаан-Ам гэдэг газарт 6 айлын гэр, мөн Өвт багийн “Өвт” гэдэг газар 12 айлын гэр, 30 байшин, 42 хашаа үерийн усанд автсан тухай мэдээллийг 07.22-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд ажиллаж, нийт 48 өрхийн 60 хүн /24 том хүн, 36 хүүхэд/, 18 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, үерийн усанд эвдэрсэн “Орхон” голын гүүрийг сэргээн засварласан тухай мэдээллийг тус сумын Байгаль орчны байцаагч аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
5.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 220 км-т, Багануур дүүргээс зүүн зүгт 5 км-т/ 6 хүн “Хэрлэн” голын эрэгт амарч байснаас 1 хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид нийслэлийн Баянзүрх харьяат дүүргийн харьяат иргэн М /42 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.22-ны өдрийн байдлаар Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Жаргалантын-Ам” гэдэг газраас Дэлгэрхаан сумын “Хэрлэнбаян-Улаан”, “Хөхтий”, “Хэцүү гацаа” гэдэг газар хүртэл “Хэрлэн” голын усаар 93 км-т завиар урсаж, 32 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 23:21 цагт түр зогсоосон. 07.23-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн “Ар тамсаг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 56 км-т/4 хүн “Тосон” нуурын эрэгт амарч байснаас 2 хүн нуурын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 15:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 130 км замыг туулан 19:30 цагт очиж, Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 20:04 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /41 настай, эрэгтэй/, Баянгол дүүргийн харьяат иргэн Б /17 настай, эрэгтэй/ нарын цогцсыг “Тосон” нуурын 10 метрийн гүнээс гаргаж, тус сум дахь сум дундын Цагдаагийн хэсгийн даргад шилжүүлэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уул гэдэг газар Хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийналба хаагчид, ар гэрийнхэн дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17, 19 дүгээр хорооны “Цогтын-Ам”, “Яргайтын-Ам”, “Яргайтын богины-Ам”, “Жигжидийн-Ам”, “Гүнтийн-Ам” зэрэг газруудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 07.23-ны өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Өнчин толгой гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ Самарт түүхээр яваад сураггүй болсон 1 хүнийг эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг 07.20-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Төв аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид Ерөө сумын Бугант тосгонд 07.22-ны өдрийн 16:00 цагт очиж хоносон. 07.23-ны өдрийн 05:20 цагт тус сумын 2 байгаль хамгаалагч, орон нутгийн 2 хүн, нийт 8 хүн, 9 морьтой цааш хөдөлсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн “Минжийн хангай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ Самарт түүхээр яваад сураггүй болсон 4 хүнийг эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг 07.20-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Улаанбаатар хотын харьяат иргэн Т /58 настай, эрэгтэй/, У /37 настай, эмэгтэй/, Д /33 настай, эмэгтэй/, О /35 орчим настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 07.22-ны өдрийн 15:39 цагт Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Ми-171Е” загварын нисдэг тэрэг /экипажийн, Үндэсний аврах бригадын, Цагдаагийн алба хаагчид/ нийт 22 хүн бүрэлдэхүүнтэй бүлэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын чиглэлд хөөрч, мөн өдрийн 17:15 цагт “Минжийн даваа” гэдэг газар самарчдын отогт газардсан. Мөн өдрийн 17:20 цагт сураггүй болсон 4 хүнийг тус отгоос эсэн мэнд олж, тухайн иргэдийг Улаанбаатар хотод 19:30 цагт тээвэрлэн авчирч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Цас шаварт суусан: Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Урт булгийн-Ам гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 42 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 17 км-т/Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сумын чиглэлд суудлын автомашинаар зорчиж явсан 1 зорчигч “Цэцэрлэг” голын усанд автомашинтайгаа суусан тухай дуудлагыг 07.22 -ны өдрийн 16:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 42 км замыг туулан 17:45 цагт очиж, “Цэцэрлэг” голын усанд суусан 47-70 УНС улсын дугаартай “Ландкруйзер-100” загварын суудлын автомашины жолооч О /40 настай, эрэгтэй/-ийг аварч, автомашиныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР