ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр Бүгд найрамдах Франц Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Филипп Мэрлинг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болоод хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар харилцан санал солилцсон юм.
Бүгд Найрамдах Франц Улсын Гамшигтай тэмцэх газар, Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар хоорондын Хамтын ажиллагааны санамж бичигт Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад худалдааны сайд хатагтай А.М.Идракын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурснаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны эхлэл тавигдсан түүхтэй.
Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах хамтын ажиллагааны чиглэл, цар хүрээ өргөжиж, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, төрөл мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх сургалтууд зохион байгуулагдаж, эрэн хайх, аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн болон холбоо, зарлан мэдээлэх, удирдлагын төвийн чадавх сайжрах нөхцөл бүрдсэн юм.
Мөн Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлэх боломжтой болсон.
Дээр дурдсан төслөөс гадна “Иргэний аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан нь хоёр орны иргэний аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах шинэ гарц нээгдсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.