Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Өмнөговь, Ховд аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн өмнөд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд болон зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.                                               Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 25-27 градус дулаан байна.

Төлөв:25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26, 27, 28-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантайаадар бороо орно. Салхи зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийнөмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус,өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 07:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 07:42 цагт очиход иргэн О-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 12.5 км зам туулан 12:52 цагт очиход иргэн Б-ийн 9х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.  

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нарлаг багийн 130 дугаар байрны орон сууцны цонхоор утаа гарч байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 16:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчил 1.5 км зам туулан 16:56 цагт очиход иргэн У-ийн байранд хөргөгч шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан. 

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 38 км-т, Ө-51°17’24.0” У-100°15’00.0”/ 07.23-ны өдрийн 10:06 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 10:18 цагт ООГХ-ээс ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 220 км-т, Багануур дүүргээс зүүн зүгт 5 км-т/ 6 хүн “Хэрлэн” голын эрэгт амарч байснаас 1 хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид нийслэлийн Баянзүрх харьяат дүүргийн харьяат иргэн М /42 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.23-ны өдрийн байдлаар Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Жаргалантын-Ам” гэдэг газраас “Мухарын амны-Адаг”, “Буурлын булан” гэдэг газар хүртэл 49 км-т завиар мөн 45 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 07.24-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.  

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Задгай”-д /сумын төвөөс баруун зүгт 2 км-т/ Дэлгэр мөрний эрэг дээр 4 хүн зугаалж байснаас 1 хүн нь сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 07.23-ны өдрийн 17:29 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн Д /28 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 07.23-ны өдрөөс 18:00 цагаас эхлэн 1 км-т завиар 3 удаа, 1-2.5 метрийн гүнд 9 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:30 цагт зогсоосон. 07.24-ний өдрийн 06:00 цагаас дахин эхлүүлсэн.

Өндрөөс аврах: Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны “Элиганс Таун” хотхонд 12 давхар орон сууцны барилгын дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 16:58 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км зам туулан 17:14 цагт очиход Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат иргэн Н /20 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ийг эсэн мэнд буулгаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.  

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар Хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 11 дүгээр анги, 26 дугаар анги, 29 дүгээр анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, 74 дүгээр ангийн алба хаагчид, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын алба хаагчид нийслэлийн Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17, 19 дүгээр хорооны “Зүрх” уул, “Цогтын-Ам”, “Яргайтын-Ам”, “Яргайтын богины-Ам”, “Жигжидийн-Ам”, “Гүнтийн-Ам” зэрэг газруудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 07.24-ний өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.    

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Өнчин толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ Самар түүхээр яваад сураггүй болсон 1 хүнийг эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг 07.20-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Хүсэлтийн дагуу Төв аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид Ерөө сумын Бугант тосгонд 07.22-ны өдрийн 16:00 цагт очиж хоносон. 07.23-ны өдрийн 05:20 цагт тус сумын байгаль хамгаалагч, орон нутгийн иргэд явж мөн өдрийн 21:00 цагт Байшинт ууланд очиж хоносон. 07.24-ны өдрийн 06:00 цагт Өнчин толгой гэдэг газрын чиглэлд хөдөлсөн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top