Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Завхан, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с өдөртөө 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 27, 28-ны өдөр нутгийн зарим газраар, 29-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-ны өдөр нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

2.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

– Уруйн үер, усанд автсан: Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ 07.24-ний өдрийн 15:10 цагаас 15:40 цагийн орчим орсон усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, 3 том хүн, 1 хүүхэд, 2 гэр, 1 автомашин үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:00 цагт тус сумын Гүү бариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газраас /гэрээс урд зүгт 1 км-т/ Халиун сумын харьяат иргэн Р.Золжаргал /20 настай, эмэгтэй/-ын цогцсыг, 20:30 цагт /гэрээс урд зүгт 5 км-т/ иргэн Х /58 настай, эмэгтэй/-ийн цогцсыг, 21:00 цагт /гэрээс урд зүгт 4 км-т/ иргэн С /62 настай, эрэгтэй/-ын цогцсыг, 07.25-ны өдрийн 08:05 цагт “Хар толгой” гэдэг газар /гэрээс урд зүгт 9 км-т/-аас С /7 настай, эмэгтэй/-ын цогцсыг тус тус олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Ботгон гол” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км, аймгийн төвөөс урд зүгт 235 км-т/ 07.24-ний өдрийн 01:10 цагаас 10:50 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, ачааны автомашинтай 1 хүн үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 22:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллага, “Зээгт” ХХК-ийн ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07.25-ны өдрийн 13:30 цагт “3ээгт” ХХК нүүрсний уурхайн жолооч Ц/59 настай, эрэгтэй, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат/-ын цогцсыг тус сумын Өлзий булаг багийн “Ботгон гол” гэдэг газраас олж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цогтцэций, Ханхонгор, Баян-Овоо сумын Билгэх, Цагаан-Овоо, Өгөөмөр баг, Тус сумдын нутгаар 07.25-ны өдөр орсон усархаг борооны улмаас 1 айлын гэр усанд автаж, үерийн усанд автомашин суусан тухай 9 удаагийн /15/ дуудлагыг 07.25-ны өдрийн 12:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, “Эсто” ХХК, Спэйшл майнинг сервис” ХХК, “Бодь-Интернэшнл” ХХК, “Шилдэг зам” ХХК-ийн ажилтнууд тус тус ажиллаж, үерийн усанд суусан нийт 11 суудлын автомашиныг татан гаргаж, аюулгүй болгосон.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд, Борхой, 1,2,3 дугаар баг, 07.25-ны өдрийн 04:46 цагаас орсон усархаг борооны улмаас тус сумын нийтийн орон сууцны 4 барилгын орц, 2 айлын гэр, 5 айлын байшин, 1 хүнсний дэлгүүр үерийн усанд автсан тухай мэдээллийг мөн өдрийн 14:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, үерийн усанд автсан 2 айлын гэр, 5 айлын байшин, “Номуун” хүнсний дэлгүүр, 4 барилгын суурийн давхарын усыг соруулж, шуудуй татан үерийн усыг урсгаж аюулгүй болгосон.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2, 4, 6 дүгээр баг, Тус аймгийн нутгаар 07.25-ны өдөр орсон усархаг борооны орсны улмаас цэвэр, бохир усны шугамын сувагт суудлын автомашин цөмөрсөн 1, гараашийн дээвэр нурж автомашин дарагдсан 1, байшин усанд автсан 1, автомашин үерийн усанд суусан тухай 3 удаагийн дуудлагыг 07.25-ны өдрийн 18:19 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, цэвэр, бохир усны шугамын сувагт цөмөрсөн улсын дугаартай “Ландкруйзер-80” загварын суудлын автомашин, гараашийн дээвэрт дарагдсан “Приус-11” загварын суудлын автомашин, үерийн усанд суусан 3 автомашиныг тус тус татан гаргаж, усанд автсан 1 байшингийн усыг соруулж, аюулгүй болгосон.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Задгай”-д /сумын төвөөс баруун зүгт 2 км-т/ Дэлгэр мөрний эрэг дээр 4 хүн зугаалж байснаас 1 хүн нь сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 07.23-ны өдрийн 17:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн Д /28 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 07.25-ны өдрийн зохион байгууллаа. 07.25-ны өдрийн байдлаар 06:00 цагаас тус сумын “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Хилэнтийн гүүр” гэдэг газар хүртэл 10 км-т завиар урсаж, 1-2.5 метрийн гүнд 15 удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоосон. 07.26-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар Хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 11 дүгээр анги, 26 дугаар анги, 29 дүгээр анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, 74 дүгээр анги, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын алба хаагчид нийслэлийн Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17, 19 дүгээр хорооны “Зүрх” уул, “Цогтын-Ам”, “Яргайтын-Ам”, “Яргайтын богины-Ам”, “Жигжидийн-Ам”, “Гүнтийн-Ам” зэрэг газруудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 07.23-ны өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 07.24, 25-ны өдөр эрэн хайх ажиллагаа явагдаагүй.   

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Өнчин толгой гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/Самар түүхээр яваад сураггүй болсон 1 хүнийг эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг 07.20-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Хан-Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын ажилтнууд, орон нутгийн иргэд Төв аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 07.25-ны өдрийн байдлаар тус сумын “Цагаан голын-Эх” гэдэг газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:25 цагт түр зогсоосон. 07.26-ны өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баянцагаан багийн “Шанд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 70 км-т 07.25-ны өдрийн 11:00 цагийн орчим 2 хүн мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 22:36 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин Н18 настай, эмэгтэй, А /11 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 07.26-ны өдрийн 01:00 цагт эхлүүлсэн.

Цас шаварт суусан: Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн “Тарантийн хясаа ” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 220 км-т, сумын төвөөс баруун зүгт 8 км-т/ Тус аймгийн Цахир сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин “Хойд тэрхийн гол”-д живсэн тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 05:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Г-ын “Хайлюкс” загварын суудлын автомашиныг татан гаргахаар 06:11 цагт хөдөлгөөн үйлдсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top