Монголчуудын хэнэггүй зангийн балаг буюу амь авч одсон үер усны осол

9660474d138f1bd32a75327f10ee879d.jpg

П.МӨНГӨНСОР

Усанд эндлээ гэх харамсалтай мэдээ сүүлийн үед өдөр алгасахгүй шахам гарсаар байна. Ихэнх хүмүүс чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг энэхүү гэнэтийн ослын улмаас баяр наадмын өдрүүдэд гэхэд 20 гаруй хүн амь насаа алджээ. Ердөө хэдхэн хоногийн дотор гэхэд дэндүү их тоо. Үүний ард хэчнээн гэр бүл өнчрөл хагацлын хатуу зовлонг туулж буйг хэлэхэд бэрх.

Хүн бүр мэддэг хэрнээ нүүр тулахаас нааш ухааран ойлгодоггүй энэхүү сэдвийг сурвалжлахаар Сонсголонгийн гүүр дагуух Туул голыг эргийг зорилоо. Хүүхдүүд томчуудгүй шуугилдан, эргийн усанд хөлөө дүрж, ус цацан тоглож байв.

Биднийг очсон өдөр цаг агаар бүүдгэр өдөр байв. Гэсэн хэдий ч гол дагасан хүмүүсийн цуваа үл тасарна. Зарим нь майхан татан тухалжээ. Нөгөө хэсэг нь машинтайгаа ирж, хоол хүнсээ дэлгэн сууцгаасан байв.

Яармагийн гүүр, Биокомбинат, Шувуун фабрик чиглэл дэх Туул голын эргүүл хамгаалалтыг Нийслэлийн аврах ангийнхан хариуцан ажилладаг аж. Биднийг очиход тус аврах ангийн ахмад Б.Отгонбаяраар ахлуулсан завьт эргүүлийн бэлтгэл бүлэг ажиллаж байв.

Голын эрэг дээр суугаа хүмүүсийн ихэнх нь согтууруулах ундаа ууж суугаа харагдана. Дэргэд нь 7-11 насны хоёр хүүхэд нь ус руу орж гаран тоглож байв.

Сүүлийн өдрүүдэд бороо хур элбэгтэй байсан учир голын урсгал нэмэгдсэн нь илт. Голын түвшин хэдийн эргээсээ хальжээ. Тиймээс аюулгүй байдлын үүднээс гол руу орох гарцуудыг хаасан гэнэ.

“Гарц хаагаад ч нэмэргүй дээ, иргэд голын эрэгт ирээд суучихдаг. Эрсдэлтэй гэж учирлаад ч нэмэргүй, иймэрхүү хэнэггүй зангаасаа болж усанд эндэх нь олон” гэж завьт эргүүлийн жолооч, ахлах ахлагч Э.Эсэнжин халаглан ярьсан юм.

Өнгөрсөн сарын 10-аас эхлэн аврагчид ажиллаж эхэлжээ. Бороотой, салхитай өдөр хэдий ч аврагчид ажиллаж, эргүүл хийж иргэдэд анхааруулга өгч ажилладаг байна. Энэ орчмоор өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй тайван шүү, сар гаруй хугацаанд 19 дуудлага хүлээн авсан гэлээ.

Ар гэрт нь хүлээлгэж өгөх гэтэл бүгд согтчихсон байсан…

Аврагчид дуу нэгтэйгээр голын усанд амь насаа алддаг харамсалтай явдлын цаана санамсар болгоомжгүй байдал тэр дундаа архидан согтууралт нөлөөлдөг гэв.

Агаарт гарахаараа архи согтууруулах ундаа хэрэглэдэг хандлага манайханд бий. Архинд халамцахаараа усанд орж сэрүүцдэг, нэгнээ хөөргөж ус руу түлхдэг эсвэл усанд сайн гэж өөртөө барддаг нь амь насаа алдах шалтгаан болдог байна.

Хүн живэхээ хүрвэл өвдөг давсан усанд ч живчихдэг гэнэ. Ийм гүехэн усанд живдэг гэж үү гээд гайхаж байна уу. Үнэндээ усны гүнээс шалтгаалахгүйгээр амь нас эрсдэх шалтгаан олон бий.

Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүйтэн усанд ороход шөрмөс татдаг, шөрмөс нь татсан хүн хөдөлж чаддаггүй учраас живэх нэг шалтгаан болдог гэсэн юм.

Ахмад Б.Отгонбаяр сүүлд согтуу иргэнийг аварсан тухайгаа “Бид живж байсан хүнийг авраад ар гэрт нь хүлээлгэж өгөх гэтэл бүгд согтчихсон байсан” хэмээн ярилаа. Сүүлийн үед голын эрэг дагуу өсвөр насны хүүхдүүд цуглаж согтууруулах ундаа уух нь нэмэгдсэн гэлээ.

Хүүхдэдээ хайртай л бол хэзээ ч хийлдэг гудас, хөвөгч цагираг бүү ав

Дөнгөж саяхан тоглож гүйж явсан хүүхэд нь гэнэтхэн л амь насаа алдана гэдэг хэний ч санаанд орохын аргагүй. Агаарт гарч, хөгжилдөж нэг өдрийг өнгөрүүлэх гэж гарсан ч хүүхдээ орхиж түрхэн зуур нэг нэгэнтэй үг солих, утсаа оролдох зэргээр анхаарал болгоомж алдагдах төдийд л гунигт осол гардаг ажээ.

Үр хүүхдээ усанд алдсан олон гунигт тохиолдлыг харж байсан тухайгаа ахлагч Д.Төрсүлд ярилаа. Тэрбээр зургаан жил онцгой байдлын албанд зүтгэсэн нэгэн юм.


Хэдэн жилийн өмнө 8 настай хүүхэд найзуудтайгаа тоглож байгаад усанд эндсэн явдлыг Д.Төрсүлд дурсав. Аврагчид гурав хоногийн турш эрлийн ажиллагаа явуулсны эцэст хүүгийн цогцосыг олсон аж. Гэр бүлд нь хүлээлгэж өгөхөд аварч чадсангүй хэмээн хатуу үгс сонсож, буруутгагдаж байжээ. Мэдээж энэ бол маш хүнд асуудал. Иймээс эцэг эхчүүдэд таны хүүхдийг хэн ч тань шиг анхааралтай харахгүй гэдгийг хэлэхийг хүсдэг гэсэн юм.

Нэгэнт живсэн, усанд эндсэн гэдгийг мэдсээр байгаа ч зуурдын харамсалт явдлыг гэр бүлийнхэн нь хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй аж. Энэ талаар дэд ахлагч Г.Булганбаатар “Хэдий найдлага бага байсан ч эцэг эхчүүд усанд эндсэн хүүхдийг нь авраад аваад ирнэ гэж эцсээ хүртэл хүлээдэг. Голоос олсон цогцсыг нь ар гэрт нь хүлээлгэн өгөхөд царай нь хувьсхийгээд л явчихна. Ийм мэдээ дуулгах ямар хэцүү гээч” хэмээн санаа алдан ярьсан билээ.

Эцэг эхчүүд гол нуур явахдаа хийлдэг тоглоомууд худалдан авах дуртай. Худалдааны төвүүдээр өнгө өнгөөрөө, янз бүрийн хэлбэр дүрстэй эдгээр тоглоом бага насны хүүхдийн усанд осолдох шалтгаан болж байгааг аврагчид хэлж байна.

Учир нь ийм зориулалтын бус хэрэгслүүд хүндрүүлэгчгүй учир аль жин ихтэй тал руугаа хөмөрдөг эсвэл хагардаг. Хөвөгч цагираг дээрээ хүүхдээ суулгасан үедээ хүүхдээсээ алхам ч холдож болохгүй. Жаахан анзаарга алдаж урсчихвал голын урсгалыг гүйцэж барьж авахад тун бэрх. Иймээс бассейн эсвэл тогтмол усанд эдгээр тоглоомыг ашиглаарай.

Голын сайр даган буудаллах нь аюултай

Гол устай ойрхон буудаллах сайхан л даа. Гэхдээ заавал мэдэх ёстой зүйлийг иргэд мэддэггүй гэж аврагчид онцгойлон зөвлөлөө.

Голын салаа болон эрэг орчмоор майхантайгаа хонож байгаад гэнэт үерийн ус урсаж орж ирдэг тохиолдол цөөнгүй гардаг байна. Гэнэт л үерийн ус ороод ирэхээр яахаа ч мэдэхгүй майхантайгаа урсаж, гэр бүлээрээ амь алдсан гашуун түүх ч олон аж. Иймээс голын сайраас хол буугаарай.

Бас баталгаагүй гарам гарцаар гарах гэж оролдох нь голын усанд боогдох эрсдэлтэй. Энэ төрлийн дуудлага хүлээн авсан үедээ аврагчид хүнд нөхцөлд иргэдийг ус гатлуулах хэрэгтэй болдог гэлээ.

Амь нас л аварч байвал машин техникүүдийг үлдээхээс өөр аргагүй, эд хөрөнгөөрөө хохирох үйлдэл учраас л иргэдийг гарц гармаар л гар гэж байнга сануулдаг гэлээ.

Хүн нэгэнт хөл алдаж, живээд эхэлбэл яах вэ?

Хөл алдаж, сандарвал живэхэд 2-3-хан минут хангалттай аж. Гэтэл аврагчид дуудлага хүлээн авсны дараа ойролцоогоор 5-10 минутын дараа очдог гэлээ. Тиймээс хөл алдсан ч сандрахгүй байх нь маш чухал чадвар ажээ.

Сандарсан үед шөрмөс татах, бие хөших зэрэг шокийн хариу урвал үзүүлдэг нь хамгийн аюултай. Биеэ жаахан суллах төдийд хүний бие хөвдөг аж. Ямар ч тохиолдолд биеэ сул тавиад, өндийж босохыг хичээгээрэй.

Олон улсад ч сэлж сурахыг амиа аварч үлдэх гурван том чадварын нэгт тооцдог. Усан сэлэлтийн спортоор хичээллэхэд анхаарал төвлөрөл нэмэгдэж, аминд халтай нөхцөлд түргэн сэтгэх чадвар суулгадаг гэнэ. Тиймээс хүүхдийг аль болох багаас нь сэлж сургахыг аврагчид зөвлөж байна.

Ахлагч Д.Төрсүлд энэ талаар “Мэлхий байрлалаар биш юм аа гэхэд нохой самардах байрлалаар сэлээд сурчихвал хэцүү нөхцөлд тухайн хүүхэд өөрийгөө 5-6 минут усны мандал дээр хөвж, ядаж аврагч иртэл торгоож байх чадвар суралцмаар байна” гэсэн юм.

Усанд живсэн үед үзүүлэх анхны тусламж

Амьсгал авч байгаа эсэхийг шалгаж яаралтай тусламж дуудах /102, 103, 105/

Амьсгалахгүй байвал хамрыг чимхэж, ам руу хүчтэй үлээнэ. 10 секундэд 5 удаа ухаан ортол давтана.

Амьсгалж эхэлбэл хажуу талаар нь харуулж цэвэр агаар амьсгалуулна.

Толгойг гудайлган эрүүг нь өргө. Ам, хоолойд нь тээглэсэн зүйлийг гарга.

Цээжний доод хэсэгт буюу өвчүүний голд нэг гарынхаа алгыг байрлуулж нөгөө гараараа түгжиж, хоёр гараа нугалахгүйгээр цээжин дээр дарна. Амьсгал сэргэж судас лугшилт мэдрэх хүртэл үргэлжлүүлнэ.

Эх сурвалж: peak.mn

scroll to top