Тэмцээн зохиох эсэхийг Засаг дарга, онцгой комисс шийднэ

-1.jpg

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү өнөөдөр/2021.07.26/ спортын тэмцээн уралдаан зохион байгуулахаар талаар мэдээлэл өглөө.

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-Өнгөрсөн долоо хоногт УОК хоёр удаа хуралдаж, олон чухал асуудлыг хэлэлцсэн. Засгийн Газрын шийдвэрээр улс, бүс, аймаг, сумдын наадмыг хойшлуулж, ирэх жил тэмдэглэнэ гэж шийдвэрлэсэн. Тиймээс ямар нэгэн баяр наадам тэмдэглэнэ гэсэн ойлголт байхгүй. Зарим нэг гадна талбайд зохион байгуулдаг тэмцээнүүдийг явуулах хүсэлтийг Биеийн тамир, спортын улсын хорооноос ирүүлсэн. Мэргэжлийн спортын холбоод ч халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, үзэгчгүй тэмцээнээ зохион байгуулъя гэсэн саналыг ирүүлсэн. УОК-ын сүүлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд зөвхөн гадна талбайд зохиодог тэмцээнийг халдварын нөхцөл байдал, тархалтаас нь шалтгаалан зохион байгуулах эсэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгон хүргэсэн.

Өөрөөр хэлбэл, тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга нар үнэлгээ дүгнэлт хийгээд тэмцээнээ явуулах эрхийг олгоно. Тодорхой шалгуурууд бий. Жишээлбэл, мэргэжлийн холбоод заавал Биеийн тамир, спортын улсын хороонд хүсэлт тавьсан байх ёстой. Ингэхдээ халдварын хамгааллын дэглэм мөрдөх, ДЭМБ болон олон улсын спортын холбоодын тэмцээн явуулах ерөнхий шаардлагыг мөрдөнө.

Тухайн спортын төрөлдөө хамаарах тусгай шаардлагыг мэргэжлийн холбоод нь батлаад холбогдох ЭМЯ, ХӨСҮТ, Мэргэжлийн хяналт зэрэг байгууллагуудаас санал аван аймаг, нийслэлийн онцгой комисстоо хүсэлтээ хүргүүлнэ. Зохион байгуулах эсэхийг нь Засаг дарга, онцгой комисс шийднэ. Үндэсний бөхийн холбоо, уяачдын холбоо, хөлбөмбөгийн холбоо, авто мастеруудын холбоо зэрэг байгууллагууд  хүсэлтээ ирүүлсэн. Энэхүү хүсэлтийг нь Биеийн тамир, спортын улсын хороо УОК-д танилцуулсан. Наймдугаар сарын 1-нээс гэж заасан байгаа. Нийслэлийн хэмжээнд тэмцээн зохион байгуулахаар болвол НОК шийднэ. Хэрэв аймаг орон нутаг бол тус аймгийн онцгой комисс шийднэ. Дүрэм журмаа боловсруулсан, үзэгчгүй, тооны хязгаар заасан байх ёстой.

Эх сурвалж: news.mn

scroll to top