1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор, Баян-Өлгий, Дорнод, Говьсүмбэр, Говь-Алтай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, 23-25 градус дулаан байна.
Төлөв байдал: 28-нд нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн 14 дүгээр гудамжинд малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 07.26-ны өдрийн 08:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 08:25 цагт очиход иргэн Н-ын адууны 10х5 метрийн хэмжээтэй хашаа, 60 боодол өвс шатаж байсныг 1 цаг 20 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын 7 дугаар багийн 62 айлын орон сууцны байранд орон сууцны байр шатаж байна гэсэн дуудлагыг 07.26-ны өдрийн 13:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 14:01 цагт очиход иргэн Б-ийн байранд буйдан хувцасны шүүгээ шатаж байсныг 29 минут ажиллаж унтраасан. Хувцасны шүүгээнд байсан 1 удаагийн савалгаатай хэрэглээний газ дэлбэрч тухай байрны гал тогооны өрөөний цонх хагарсан.
Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.26-ны өдрийн 15:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 15:23 цагт очиход иргэн М-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингын дээврийн хэсэг шатаж байсныг 39 минут ажиллаж унтраасан.
3.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Үер: Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн “Нарийн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 246 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ Тус сумын нутгаар 07.26-ны өдрийн 14:00-14:30 цагийн хооронд усрхаг ширүүн бороо орж 1 мм тунадас буусны улмаас 4 гэр, 1 адуу, 1 автомашин үерийн усанд урссан тухай дуудлагыг 22:35 цагт хүлээн авсан. Тус Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 23:40 цагт Бодонч багийн “Нарийн” гэдэг газрын чиглэлд явсан.
Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур баг /сумын төвд/ тус сумын нутгаар 15:00-16:00 цагийн хооронд усархаг ширүүн бороо орж 5 мм тунадас буусны улмаас 18 айлын гэр, 10 хүнсний дэлгүүрийн барилга усанд автсан тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 23:05 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Задгай”-д /сумын төвөөс баруун зүгт 2 км-т/ Дэлгэр мөрний эрэг дээр 4 хүн зугаалж байснаас 1 хүн нь сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 07.23-ны өдрийн 17:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн Д/28 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.26-ны өдрийн байдлаар Хилэнтийн гүүрнээс Тосонцэнгэл сумын Тээл багийн Тэгш булан гэдэг газар хүртэл 90 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:15 цагт түр зогсоосон. 07.27-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.
Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт багийн “Холбоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 75 км, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ “Холбоо” нууранд 1 том хүн, 2 хүүхэд сэлж байснаас 1 том хүн, 1 хүүхэд живсэн тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн Е/21 настай, эрэгтэй/, Н /12 настай, эрэгтэй/ нар живсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Буянт сумын чиглэлд 18:35 цагт явсан бөгөөд 06.27-ны өдрийн 00:30 цагт очиж хоносон. 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн “Хар зүрхний хөх нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 195 км-т, сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ “Хар зүрхний хөх нуур”-ын эрэгт Өмнөдэлгэр сумын харьяат 4 гэр бүлийн 10 хүн 07.22-ны өдөр зугаалж байснаас иргэн Б-нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хамт явсан хүмүүстэйгээ муудалцаж “Хар зүрхний хөх нуур”-ын эрэгт үлдсэн бөгөөд бусад хүмүүс нь Өмнөдэлгэр сум руу яваад 07.23-ны өдөр буцаж ирэхэд үлдсэн газраа байгаагүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.26-ны өдрийн 15:30 цагт нуурын усанд живсэн байсныг олсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 195 км зам туулан 20:00 цагт хүрэлцэн очиж 20:45 цагт иргэн Б/51 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар Хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 11 дүгээр анги, 26 дугаар анги, 29 дүгээр анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, 74 дүгээр анги, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын алба хаагчид Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17, 19 дүгээр хорооны Зүрх уул, “Цогтын-Ам”, “Яргайтын-Ам”, “Яргайтын богины-Ам”, “Жигжидийн-Ам”, “Гүнтийн-Ам” зэрэг газруудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 07.23-ны өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 07.24, 25, 26-ны өдөр эрэн хайх ажиллагаа явагдаагүй.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Өнчин толгой гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ Самар түүхээр яваад сураггүй болсон 1 хүнийг эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг 07.20-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Хан-Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын ажилтнууд, орон нутгийн иргэд Төв аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б/29 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгууж байна. 07.26-ны өдрийн байдлаар 2 морины хөл гэмтэж замаасаа буцсан бөгөөд Цагаан гол, Навчтайн зоо, Навчтайн-Эх, Нурт-Өндөр гэдэг газаруудад 40 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 07.27-ны өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баянцагаан багийн “Шанд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ 07.25-ны өдрийн 11:00 цагийн орчим 2 хүн мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 22:36 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин Н /18 настай, эмэгтэй, А /11 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 07.26-ны өдрийн 01:00 цагаас эхлэн зохион байгуулж 07:35 цагт тус багийн “Баянцагааны хуудас” гэдэг газар (гэрээс нь зүүн зүгт 12 км)-аас эсэн мэнд олсон.
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Улаан шороо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 45 км, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ Иргэн А-нь 07.24-ний өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид тус сумын харьяат иргэн А /53 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байхад тухайн хүнийг нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны “Маршалын гүүр”-ний баруун талд явж байхад нь тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн эсэн мэнд олсон тухай мэдээлсэн тул 17:30 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Усанд суусан: Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн “Тарантийн хясаа ” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 220 км-т, сумын төвөөс баруун зүгт 8 км-т/ Тус аймгийн Цахир сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин “Хойд тэрхийн гол”-д живсэн тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 05:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Г-ын “Хайлюкс” загварын суудлын автомашиныг татан гаргахаар 06:11 цагт явж 220 км зам туулан 12:40 цагт хүрэлцэн очиж 14:30 цагт усанд живсэн автомашиныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР