Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 8 дугаар сарын 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг /сумын төвд/ “Энхлэн бэйкэри”-д гал гарч байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 15:17 цагт очиход иргэн Н-ийн эзэмшлийн “Энхлэн бэйкэри”-ийн хийн баллоноос хий алдагдаж гал гарч байсныг 22 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын 2 дугаар гудамжинд байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:15 цагт очиход иргэн Ц-ын 5×6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн “Баянголын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 155 км-т, сумын төвөөс хойд зүгт 17 км-т/ Иргэн Д-ын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 01:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 17 км замыг туулан 01:54 цагт очиж, иргэн Д-ын “Приус-30” загварын суудлын автомашиныг шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

3.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:  

Үер – Уруйн үер: Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн “Нарийн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 246 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ Тус сумын нутгаар 07.26-ны өдрийн 14:00-14:30 цагийн хооронд усархаг ширүүн бороо орж 1 мм тунадас буусны улмаас 4 гэр, 1 адуу, 1 автомашин үерийн усанд урссан тухай дуудлагыг 22:35 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 07.27-ны өдрийн 04:00 цагт очиж нөхцөл байдалтай танилцаж, үерийн усанд хорогдсон малын сэг зэмийг устгаж ажилласан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд, Шанд Баруун задгай, Их залуу, Уртын гол Баянзам багуудад 07.27-ны өдрийн 12:00-15:00 цагийн хооронд усархаг бороо орж 3 мм тундас буусны улмаас бага насны 2 хүүхэд, 1 том хүн, 6 гэр, 7 байшин, хашаа үерт автсан тухай дуудлагыг 07.27-ны өдрийн 16:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид мөн өдрийн 16:34 цагаас эхлэн У /7 настай, эмэгтэй/, С /3 настай, эмэгтэй/ нарыг үерийн усанд автсан гэрээс нь гаргаж, аав М-д хүлээлгэн өгсөн. Иргэн С /75 настай, эмэгтэй/-ийг аюулгүй газарт гаргаж, 152 м3 үерийн усыг мотопомпоор соруулж ажилласан.

Увс аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн “Цалгар” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 30 км-т, сумын төвөөс урд зүгт 20 км-т/ 07.27-ны өдрийн 15:00 цагийн орчим усархаг ширүүн бороо орж 18 мм тунадас буусны улмаас бага насны 1 хүүхэд мал хариулж явахдаа үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд мөн өдрийн 20:10 цагт очиж У /12 настай, эмэгтэй/-ийг тус сумын “Гүрэн хадны-Ам” гэдэг газраас “Сэртгэрийн-Ам” гэдэг газар хүртэл 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:30 цагт түр зогсоосон. 07.28-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багт /сумын төвд/ Тус сумын нутгаар 15:00-16:00 цагийн хооронд усархаг ширүүн бороо орж 5 мм тунадас буусны улмаас 18 айлын гэр, 10 хүнсний дэлгүүр усанд автсан тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 23:05 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 07.27-ны өдрийн байдлаар 13 гэрийг нүүлгэн шилжүүлж, 4 дэлгүүр, 1 хоолны газрын усыг мотопомпоор соруулж, бараа материалыг аюулгүй газарт зөөж холбогдох иргэдэд нь хүлээлгэн өгсөн. Мөн 4 км ус зайлуулах шуудуу татаж, 15 ус зайлуулах сувгийг сэргээн засварласан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Задгай”-д /сумын төвөөс баруун зүгт 2 км-т/ “Дэлгэр” мөрний эрэг дээр 4 хүн зугаалж байснаас 1 хүн нь сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 07.23-ны өдрийн 17:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэн Д /28 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.27-ны өдрийн байдлаар Урандөш багийн Өндөр-Эрэг гэдэг газраас Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хүүшийн булан” гэдэг газар хүртэл 26 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:00 цагт түр зогсоосон. 07.28-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт багийн “Холбоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 75 км, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ Холбоо нууранд 1 том хүн, 2 хүүхэд сэлж байснаас 1 том хүн, 1 хүүхэд живсэн тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн Е /21 настай, эрэгтэй/, Н /12 настай, эрэгтэй/ нар живсэн тул 07.27-ны өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж, мөн өдрийн 08:21 цагт иргэн Е, иргэн Н нарын цогцсыг Холбоо нуурын 8 метрийн гүнээс олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уул гэдэг газар Хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 11 дүгээр анги, 26 дугаар анги, 29 дүгээр анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, 74 дүгээр анги, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын алба хаагчид нийслэлийн Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17, 19 дүгээр хорооны Зүрх уул, “Цогтын-Ам”, “Яргайтын-Ам”, “Яргайтын богины-Ам”, “Жигжидийн-Ам”, “Гүнтийн-Ам” зэрэг газруудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 07.23-ны өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 07.24, 25, 26, 27-ны өдөр эрэн хайх ажиллагаа явагдаагүй.   

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Өнчин толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ Самар түүхээр яваад сураггүй болсон 1 хүнийг эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг 07.20-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Хан-Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын ажилтнууд Төв аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 07.27-ны өдрийн байдлаар Шарлангийн голын-Эх, Нуртын зүүн тал, Нуртын зүүн салаа гэдэг газруудад 5 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 07.28-ны өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top