Бид алдаа гаргах эрхгүй. Үүний тулд өдөр бүр хөгжиж, суралцах ёстой.
Зогсолтгүй үргэлжлүүл… “Хурдан удаан байх нь хамаагүй, гол нь зогсолтгүй урагшлах хэрэгтэй” Хэрвээ та зөв зам дээр байгаа бол хэзээ нэгэн цагт зорьсон газраа хүрнэ… Энэ бол агуу сэтгэгч, гүн ухаантан Күнзийн сургааль. Гэхдээ энэ үг өнөөдрийн ярилцлагын маань эзэнд зориулсан юм шиг санагдсан учраас энд иш татсан хэрэг.
Харин тэрбээр “Жанжин шугамаа алдаагүй явсан учраас л өнөөдөр дуудагдах нэр бүтэн, дутуу юмгүй сайхан амьдарч байна” хэмээн өөрийнхөө амьдралын түүхийг тодорхойлсон юм.
Түүнийг Жаргалын Дамдинсүрэн гэдэг. Дэд ахлагчаас хурандаа болтлоо Иргэний хамгаалалтын байгууллага байхаас эхлэн Онцгой байдлын байгууллагад 26 жил ажилласан түүний ажил, амьдралын гэгээн хуудсуудыг сөхөж, ярилцахаар “Онцгой мэдээ” сониныхоо хойморьт урьсан нь энэ.
–Хүн бүрийн амьдралын далайд хөл тавьсан анхны алхам бүр давтагдашгүй түүх, гэгээн дурсамжийг агуулж байдаг. Тиймээс Иргэний хамгаалалтын байгууллагад орж, ажлын гараагаа хэрхэн эхэлсэн дурсамжаас тань ярилцлагаа эхлүүлье.
-Би 1994 онд 20 хүрчихсэн хойноо цэргийн албанд татагдсан юм. Барилгын цэргийн 012 дугаар анги гэж Амгаланд байсан юм. Тэнд нэг жил цэргийн алба хаасан. Тэр үед олон сайхан аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн алба хаасны минь үр дүн энэ шүү дээ, өнөөдрийн би.
-Тэгэхээр та цэргийн албанаасаа Иргэний хамгаалалтын байгууллагад шилжсэн хэрэг үү?
-Үгүй ээ. Цэргийн албаа хааж ирээд хөдөө аав, ээж дээрээ очсон ч хөдөөгийн амьдралд төдийлөн дуртай байгаагүй юм байлгүй, хот суурин газар бараадаж Толгойтод хамаатныхаа хоёр хөгшнийд ирсэн юм. Аминдаа мэргэжлээрээ ажил олоод хийчих санаатай. Би чинь Төв аймгийн Баянчандманийн Хөдөө аж ахуйн коллежийг 1993 онд цахилгаанчны мэргэжлээр төгссөн хүн шүү дээ. Их сайхан сургууль. Тэр суруулиараа би бахархдаг юм. Гэсэн ч нийгмийн шилжилтийн үе таарч, хямрал ид эхэлж байсан болохоор сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллах гэсэн боловч ажил олдохгүй байсаар хөгшин цэрэг цэрэгт татагдсан нь тэр. Дан 18-тай залуус цэрэгт татагдаж байхад 20 хүрчихсэн хүн чинь хөгшин цэрэг байлгүй яах вэ. Ингээд цэргээс халагдаад ирсэн ч мөн л урьдын адил ажил олддоггүй байж байтал нэг амралтын өдөр хоёр хөгшний маань хамаатны нэг эгч ирдэг юм. Тэгээд намайг харснаа “Хаашаа янзын ажилгүй юм хэвтээд байгаа юм бэ. Түрүүнд ирэхэд хэвтэж л байсан, бос чи” гээд загнадаг юм байна. Тэгэхээр нь ажил төрөл олддоггүй гээд нөгөө л зовлонгоо ярилаа. Тэгсэн маргааш Орбитод Зэсвэгт хүчний 122 дугаар анги руу яваад очоорой гэдэг юм байна. Тэр эгч маань 122 дугаар ангид нярав хийдэг, нөхөр нь ахлах ахлагч цолтой жолооч байсан юм билээ.
Хэлснээр нь маргааш өглөө нь явж очоод Цэвээн эгчийг сураглаад уулзлаа. Тэр үед 122 дугаар анги ахлагч элсүүлж авч байсан юм билээ. Тэгээд тэнд бүртгүүлээд орсон. Маргаашнаас нь офирцерүүд шууд л цэрэгжилтийн бэлтгэл хийлгээд эхэлсэн дээ. Хоёр сар шахам өдөржин жагсаалын бэлтгэл хийж, тэр ангийн шалыг угааж, хогийг цэвэрлэж, хийж болох бүгдийг хийсээр тангараг өргөөд дэд ахлагч цол зүүлээ. Тухайн үед ангийн захирагч нь Будсүрэн гэж хурандаа байсан юм. Химийн мэргэжлийн хүн. Харин штабын дарга нь хошууч Намсрайжав гэж хүн байлаа. Хожим НОБГ-ын дэд даргаар ажиллаж байсан.
Тэр үед 122 дугаар анги маань ус, аврах гэсэн хоёр чиглэлээр мандан бадарч байсан үе. Нийслэлийн аврах анги нийслэлийн хэмжээнд аврах ажиллагаа явуулна. Иргэний хамгаалалтын механикжсан тусгай хороо буюу 122 дугаар анги улсын хэмжээнд уснаас эрэн хайх аврах ажиллагаа явуулна. Өдөр бүр усны дуудлагатай. Нэгийг нь очоод аваад явж байхад дараагийнх нь ирэх жишээтэй. Баавгай Байгаль, Баавгай Байгаль гэсэн хоёр нэр л сонсогдоод байна. Баавгай гэдэг нь аврах нэгдүгээр ротын захирагч, Байгаль нь хоёрдугаар ротын захирагч.
Ингээд бидний 31 хүүхдийг салаадад хуваарилахаар болоод жагсааж байгаад Байгаль даргыг ялгаад ав гэсэнд хэдэн хүүхдийг цохож дуудаад авлаа. Дараа нь Баавгай дарга бас хэдэн хүүхэд аваад долоон хүүхэд ялгараад үлдсэнд би үлдчихсэн.
Тэгсэн штабын дарга маань энэ муу долоон гологдлыг ахмад Давааням ав гэснээр хими хамгаалалтын ротод орсон доо. Тухайн үед би ч гологдол л болчихлоо доо гэж бодож байсан ч одоо бол хими хамгаалалтын ротод орсондоо баярладаг юм. Ингэж Иргэний хамгаалалтын механикжсан тусгай хороо буюу 122 дугаар ангиас ажлын гараагаа эхэлсэн дээ.
-Хоёр сар хэртэй бэлтгэл хийлгэхэд та нарт аврах ажиллагаа, хими гээд чиглэл чиглэлийн сургалт ороогүй юм уу?
-Ерөөсөө дан цэрэгжилтийн бэлтгэл хийлгэсэн юм. Ингээд салаа салаандаа хуваарилагдаад тухайн мэргэжлүүдээрээ суралцаж эхэлсэн дээ. Тэр үед чинь ДП-5, ВПГ, Кисар, ГСБ-11, АРС, ДИДА гээд дан орос нэршилтэй багаж, техникүүдийг л ашиглаж байлаа шүү дээ. Тэднийг эзэмшихийн тулд би хичээж, сайн суралцсан.
Манай ангийн захирагч өөрөө химийн мэргэжлийн хүн болохоор ангийн бүх офицерууд химийн мэдлэгтэй, цацрагийн багаж болох ДП-5, ВПГ зэргийг хэрэглэж сурсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байсан юм. Тухайн үед цалинг гараар бодоод, гарт олгодог байлаа. Тийм болохоор ангийн захирагч офицерүүдээс энэ чиглэлээрээ шалгалт авч байж цалинг нь олгоно. Химийн багажнууд сураагүй хүний цалинг олгохгүй гэнэ. Тиймээс сүүлдээ офицерууддаа мэргэжлийн зүйлсээ зааж өгдөг болсон доо. Ингээд гурван жил болоход дэд ахлагчаас ахлагч цолтой болоод байтал санаандгүй тохиолдлоор Батлан хамгаалах их сургуульд салаан даргын курст явах боломж олдсон.
-Яагаад санаандгүй тохиолдлоор гэж. Шалгаруулж авдаггүй байсан юм уу?
-Тэр үед яагаад ч юм бэ Зэвсэгт хүчний хэмжээнд салаан дарга ховордчихсон байсан юм. Манай химийн рот л гэхэд тагнуул, цэвэрлэгээ, ариутгал гэсэн гурван салаатай хэрнээ нэг ч салаан дарга байхгүй, ганцхан ротын даргатай. Тиймээс нэгдсэн журмаар салаан дарга нарыг бэлтгэхээр болоод ангиас найман хүн явахаар болтол химийн ротоос явах хүн байдаггүй. Жагсаалын дарга байсан нөхрийг дэмжээд явуулах гэтэл боловсрол нь таардаггүй. 10 дугаар анги төгссөн бүрэн дунд боловсролтой. Харин салаан даргын курст дээд боловсролтой хүн явуул гээд байдаг. Гэтэл манай ротод дээд боловсролтой хүн байдаггүй. Ганцхан тусгай дунд боловсролтой хүн байна гэсэн чинь шууд тэрийг явуул гэснээр би явах болсон хэрэг. Нэг ёсондоо коллеж төгссөн учраас би шууд сонгогдсон нь тэр. Рот дотроо хамгийн өндөр боловсрол эзэмшсэн хүн болж таарч байгаа юм/инээв/.
-Мэдээж төгсч ирээд шууд салаан дарга болсон байх. Тушаал гүйцэтгэдэг цэргээс тушаал өгдөг дарга болоход ямар байв?
-Батлан хамгаалахын их сургуульд 100 гаруй залуус зургаан сар суралцсан. Төгсч ирээд ариутгал цэвэрлэгээний салаан захирагчаар томилогдсон. Ахлагч цолоо аваад удаагүй байсан ч шууд дэслэгч цол өгөөд томилсон. Салаанд маань миний дээд үеийнхэн ч, үеийнхэн ч, шинээр ирсэн залуус ч байсан болохоор бусдаасаа ялгарч, тэднийгээ удирдах шаардлагатай болсон. Цэрэгт ч, ангид ч жагсаалын цэрэг байсан бол жагсаал командалж сурах хэрэгтэй болсон гээд олон зүйлд дахин суралцах, илүү хичээх шаардлагатай болсон учраас өөрөө өөртөө үүрэг өгөөд л зүтгэж эхэлсэн дээ.
Манай анги салаануудынхаа дунд өвлийн бэлтгэлийн уралдаан зарладаг байлаа. Ариутгал, цэвэрлэгээний салааны өрөө гэж нэг хов хоосон өрөө байх. Үүнийгээ засч тохижуулж эхэлсэн. Ариутгал цэвэрлэгээний машиныхаа багажнуудыг салгаж өрөөнийхөө хананд байршуулаад, тайлбарыг нь бичиж хадаад, нэг сарынхаа цалингаар хулдаас аваад шалаа хулдааслаж байлаа. Тэр үед ангийн дарга нар ер нь л аврахынхандаа сайн. Захирагч уурлахаараа л энэ муу химийн хэдэн юмны оронд аврахын хэдэн сайхан залуутай болох юмсан гэж загнаж л байлаа. Түүнд нь гомдож л байсан. Гэсэн ч тэр жилийн өвлийн бэлтгэлийн уралдаанд манай салаа тэргүүлж, би нэг сарынхаа цалингаар шагнуулсан.
-Магадгүй салаан захирагч болсны чинь анхны урам, хичээл зүтгэлийн чинь үр дүн байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Эхнэр хүүхэдтэй болоод, амьдрал зохиочихсон хэрнээ нэг сарынхаа цалингаар хулдаас аваад өрөөгөө хулдааслачихсан хүн чинь баярлаж байгаа юм чинь.
За ингээд ажиллаж байтал 2000 он боллоо. Офицерийн дамжаанд хүн явуулахаар болж, би өвлийн бэлтгэлээр нэгдүгээр байрт шалгарсан учраас явахаар болсон. Мөн хоёрдугаар байрт шалгарсан миний онжав Баттөгс бас явсан юм. Ингээд л бүх юм сайхан жигдрээд ирсэн дээ.
Салаан даргаар гурван жил ажиллаад Хими хамгаалалтын ротын захирагч боллоо. Тэгж байтал анги маань бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж отряд боллоо. Би отрядын сургалт, бэлэн байдал эрхэлсэн орлогч дарга боллоо. Хими хамгаалалтын салбар боллоо. Салбарын захирагч боллоо гээд 2000-2009 он хүртэл химийн салбарын бүх л албан тушаалыг хашсан даа.
-Энэ хугацаанд сайн муу, сайхан муухай, хөгтэй хөөртэй гээд олон л үйл явдал болж өнгөрсөн байх. Он цаг бүрийг нэхэн санана гэдэг амаргүй. Гэхдээ хамгийн гэгээнээр сэтгэл үлдсэн дурсамжтай мөч байвал хуваалцаач?
-Ерэн хэдэн онд Сэлэнгийн Хонин нугад том түймэр гараад манай ангийнхан явсан юм. Хонин нуга машин явах аргагүй том том үхэр чулуудтай. Түймрийн голомтдоо аль болох дөхөж буугаад л бид цаашаа алхаж байгаа юм. Өдөржин алхаад түймрийн голомтод очиход бид 53 км алхсан байсан. Тиймэрхүү ажиллагаанд аврахынхан л толгойд явна. Би ч тэднээс хоцорч муусайн химийнхэн гэж хэлүүлэхгүй гэж гүрийж алхсаар очиж байсан юм. Ингээд түймрээ цохиод сар гаруй боллоо. Хоол унд ч муутай болсон. Тэгээд ойрхон байсан айлд очиж сонин, ном өгч байгаад нэлээд олон өндөг олж ирээд, түүнийгээ чанаад хүн болгонд тараасан чинь хүн бүрт нэг оногдоод өөрт хоёр үлдэхээр нь идчихлээ. Тэгсэн хордлого болсон уу, яасан юм бэ шөнөдөө гэдэс өвдөөд, олгой ургаад балардаг юм. Манай салаан дарга ойрхон байсан алтны уурхайн захирлын машиныг гуйгаад Зүүнхараагийн эмнэлэгт намайг хүргэж өгсөн. Би ч бүүр өвдөөд үхэх нь ээ. Тэгээд хагалгаа хийлгэхээр болтол “Дамдинсүрээн, новокин байхгүй гэж байна ш дээ” гэнэ. Тэр нь яадаг юм бэ гэсэн чинь өвчин намдаадаг юм гэнэ. Би өвдөж байгаадаа болоод тэр хэрэггүй ээ, шууд хагалгаагаа хий л гэсэн. Тэгээд намайг хүв хүйтэн усанд оруулаад л хагалгаа хийсэн дээ.
-Та тэгээд мэдээ алдуулалт хийлгэхгүй хагалгаа хийлгэчихэж байгаа юм уу…?
-Тэгсэн. Хагалгаа эхлээд мэс заслын хутга хүрэхэд л өнөө айхтар өвдөөд байсан өвчин чинь арилчихаж байгаа юм чинь. Хагалгаа хийлгэсэн хүн чинь эмнэлэгтээ үлдлээ. Тэр үед Иргэний хамгаалалтын газрын дарга, хошууч генерал Дамдинсүрэн дарга түймэр унтрааж яваа хүмүүсээ эргэж очих таараад, манайхан намайг хэлсэн чинь аваад явья гээд хүрээд ирж. Гэтэл би гэдэг нөхөр хэд хоноод биеэ гайгүй болчихоор нь Зүүнхараагийн төвөөр тэнээд. Явж явж иртэл сувилагч “Хүүе ээ, чи чинь хааччихдаг юм бэ. Танай генерал чинь ирээд сураад байна. Тэр урагшаа онгоц руу оч” гэдэг юм. Палхийгээд л явчихсан. Уг нь онгоц буухыг харсан хэрнээ тоогоогүй юм. Гүйгээд очсон чинь генерал “Би чамайг авах гэж хотоос ирж байхад чи хаашаа алга болчихдог юм бэ, суу” гэж байна. Онгоцонд ороод суулаа. Тэрүүгээр өчнөөн гоё юм дэлгэчихэж, хиам энэ тэр гээд. Эмнэлгийн хоол идсэн ч өлсөөд байгаа юм чинь. Тэгтэл генерал “за миний цэрэг наашаа суу, үүнээс ид” гээд, нэр хэн билээ л гэж байна. Ахлагч Дамдинсүрэн гэхэд “за хө хоёр Дамдинсүрэн нэг нэгнээ авч яваа байх нь ээ” гэж байсан нь надад их гоё дурсамж болон үлдсэн юм.
Энэ мэт олон сайхан дурсамж бий. Армийн марш тактикийн тэмцээн гэж том тэмцээн болно. 1997 онд Өрнөх ахмадын бэлтгэснээр Иргэний хамгаалалтын механикжсан тусгай хороо Армийн марш тактикийн тэмцээнээс мөнгөн медаль авч байсан нь түүхэндээ байгаагүй амжилт байсан юм. Тэр амжилтыг бүтээлцэж явлаа. Уг нь нэгдүгээр байранд орохоор байсан ч Зэвсэгт хүчнийхэн бөөн юм болоод Иргэний хамгаалалтын механикжсан тусгай хороонд арай ч нэгдүгээр байраа алдахгүй ээ гээд бараг луйвардаж байж биднийг хоёрдугаар байрт оруулж байсан гээд яриад байвал дурсамж дуусахгүй шүү.
-Тэгэлгүй яах вэ. Хийж бүтээж, үзэж туулсны хэрээр дурсан санах, бахархан ярих зүйл олон байх нь дамжиггүй. Ингэхэд та чинь ОХУ-д Иргэний хамгаалалтын академийг төгссөн байх аа. Энэ академид та хүсэлтээрээ явсан уу, эсвэл бас санамсаргүй тохиол байв уу?
-Бас л түүхтэй. Амгаланбаяр даргын үед юм. Төв аймгийн Борнуур сумаас хойшоо Сэлэнгэ аймгийн нэлээд сумд тэр чигээрээ мөнгөн ус, цианит натритай шалаамд бараг дарагдчихсан байсан гэхэд хилсдэхгүй. Шалаам угаадаггүй айл гэж бараг байдаггүй байлаа. Тэр чинь бөөн хор шүү дээ. Миний дуулснаар засгаас 2,5 тэрбум төгрөг гаргаж тэр шалаамыг зөөх болсон юм. Төв аймгийн Борнуур сумаас хойшоо хил хүртлэх чиглэлийг би ахлаад 10 гаруй “Хово” машинтай, АРС гээд ариутгалын машинтай ажилласан. Харин урд чиглэлийг Уул уурхайн ангийн захирагч байгаа саяхан тэтгэвэртээ гарсан хурандаа Буянтогтох, тухайн үед хошууч цолтой ахлаад ажиллаж байсан юм.
Таван сараас эхлээд хавар, зунжингаа явсан. Хавраас намар хүртэл хоногийн мэдээн дээр дээд дэслэгч Дамдинсүрэнгээр ахлуулсан бүлэг тэдэн автомашинтайгаар төчнөөн м2 шалаамыг зөөлөө гэж бичигдсэн. Тэгээд л ажлаа дуусгаж ирчихээд ахлагч нарыг бэлтгэх нэг ээлж авчихаад байж байтал штабын даргын өрөөнд дуудаж байна гэхээр нь яваад ортол Залуухүү дарга ирчихсэн сууж байна. Суу, чамаас шалгалт авна аа гэснээ оросоор тачигнатал яриад уналаа. Би чинь орос хэл түй ч байхгүй. Тэр үед англи хэл заавал сурах ёстой гээд сургалтад суугаад дөнгөж л нэрээ танилцуулахтай болоод байсан юм. Гэтэл өөрийгөө танилцуул гэхээр нь “my name is….”гэж танилцуулаад л уначихлаа.
-Юунд, ямар зорилгоор шалгалт авах гэж байгаагаа дарга нар чинь хэлээгүй хэрэг үү?
-Хэлээгүй юм. Би ч асуусангүй. Тэгээд л өнгөрсөн. Тэгж яваад Пүрэвсамдангийн өрөөн ортол нөгөөх маань жаахан тиймхэн сууж байна. Одоо Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга. Тэгснээ “Өнөөдөр ОХУ-ын Иргэний хамгаалалтын академид шалгалт өгөөд нэгээр гарлаа” гэж байна. Өө тийм үү гэтэл, гэхдээ бүгдийг явуулсангүй хасчихлаа, Чамайг явуулна гэж байна гэдэг юм. Би бүүр гайхаад, өргөдөл ч өгөөгүй юм чинь гээд л өнгөрлөө. Маргаа, нөгөөдөр нь боллоо. Авгайдаа ийм сураг сонсогдож байна гээд хэлтэл “юу яриад байгаа юм бэ. Тэгвэл ёстой амьдрал сална сарнина” боллоо. Залуу ч байж дээ. Дунд охин гарчихсан. Авгай ажилгүй байсан юм. Тэгээд хоёулаа яриад академид явахгүй гэж шийдээд Пүрэвсамдандаа хэллээ. Би больё, чи яв гэж тохироод ангийн захирагчдаа очиж хэллээ. Тэр үед ангийн захирагчаар А.Батмөнх гэж хурандаа байсан юм. Би эхнэр хүүхэдтэйгээ ярилцаад академид явахгүй гэж шийдлээ, тэгээд хуваариа үхүүлж байхын оронд Самдангаа явуулья гэлээ. Дарга ч “Чи мундаг байна, одоохон” гээд Онцгой байдлын ерөнхий газрын Тамгын дарга руу шууд залгадаг юм байна. Тэр үед Тамгын даргаар Дэлээбазарын Сүхбат хурандаа байсан юм. Манай Батмөнх дарга тачигнатал инээж ярьдаг хүн л дээ. Тэгсэн залгаад ярьж байснаа дуу нь сонин болоод л, царай нь барайгаад ирснээ “Май чи, ярь” гээд утсаа өгдөг юм. Утас автал Сүхбат хурандаа л тачигнаж байна. Хэн чамайг боль, барь гэж шахаад байгаа юм бэ. Явахгүй гэвэл Батмөнхтэй чинь хоёуланг нь хална гээд л… Тэгээд Батмөнх дарга ч “би чамаас болж ажлаасаа халагдмааргүй байна. Чи зүгээр явдгаараа явж үз. Авгайг чинь маргааш ангид ажилд авна” гээд л асуудал шийдэгдчихсэн.
-Энэ бүхний учир шалтгааныг тэгээд та олж мэдсэн үү. Яагаад шалгалтад тэнцсэн хүмүүсээ хасаад таныг явуулахаар сонгосон юм бол. Хэн тийм шийдвэрийг гаргав?
-Онцгой байдлын ерөнхий газрын дарга Амгаланбаяр генерал байсан үе л дээ. Тэгээд хавраас эхлээд намар хүртэл дээд дэслэгч Дамдинсүрэнгээр ахлуулсан бүлэг гэж бичигдэж, ажилласныг минь үнэлээд намайг академид явуулах шийдвэрийг гаргасан юм билээ. Ингээд одоо Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Төмөрбаатар бид хоёр хамт академид явсан. Биднийг ОХУ-д очиход НОБГ-ын дарга, хурандаа Дашням хошууч цолтой, Энхжаргал ахмад цолтой тосч авч байлаа. Манай сургууль үнэхээр гайхалтай гоё орчинтой. Нэг жил болоход орчиндоо ч дасаад, хэл ус ч зүгширсэн. Хоёрдугаар курстээ явахдаа авгай хүүхдээ аваад явсан. Дунд охиноо тэнд нь сургуульд сургачихая гэсэн ч бараагүй ээ. Их асуудал байдаг юм билээ. Тэр дундуур юу эс болох вэ дээ. Авгайгаа дагуулаад бага сага наймаа хүртэл хийж үзсэн.
Нэг удаагийн цагаан сараар Элчин сайдын яамандаа золголт хийхээр очоод манай үндэсний группийн ахлагч Дашням маань намайг танилцуулсан чинь цэргийн аташше Моонтооны Хүрлээ гээд бригадын генерал “Өө чи, өнөө 122 дугаар ангийн химийн Дамдинсүрэн үү” гээд сефнээсээ алтан аяга гаргаж ирээд архи барьсан нь бас сайхан дурсамжийг үлдээсэн байна. М.Хүрлээ генерал өөрөө химийн мэргэжлийн хүн байсан юм билээ.
-Та Шуурхай бүлэг-105, Нийслэлийн аврах отряв хоёрыг нийлүүлээд, нийслэлийн Аврах ангийг байгуулахад анхны даргаар нь ажиллаж байсан юм билээ. Академи төгсч ирээд л томилогдож таарсан уу?
-Академиа 2011 онд төгсч ирсэн. Дамням маань багшаар, Энхжаргал маань Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргаар томилогдоод явчихсан байсан. Төмөрбаатар бид хоёрыг ирэхэд Төмөрбаатарыг Дундговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргаар томилчихлоо. Тэгээд намайг Аврах тусгай ангийн төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга гэсэн хоёр орон тооны аль руу нь очих вэ гэсэн. Гэтэл хүмүүс орлогч л бол орлогч ш дээ гэсэн юм яриад байхаар нь сураагүй юм биш, анги руу явья гээд Аврах тусгай ангийн төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан мэргэжилтнээр ажиллахаар болсон доо. Жил ажиллаад Дуламдорж дарга дээр орсон. Академи төгсч ирээд ийм ажил хийж байна аа, арай өөр ажил хиймээр байна гээд. Академи төгсч ирчихээд мэргэжилтэн хийгээд гэж хүмүүсийн хэлсэн нь ч нөлөөлсөн хэрэг л дээ. Дуламдорж дарга за өргөдлөө наанаа орхичих л гэсэн.
Удаагүй байдал НОБГ-ын дарга Уламбаяр хурандаа залгаад “за Дамдинсүрэн нийслэлийн Аврах анги гэж байгуулагдаж байна. Чамайг тэнд ангийн захирагчаар томилбол чи очих уу” гэж байна. Өө тэгэлгүй яах вэ, тэгье гэсэн. Ингэж л энэ ангийн анхны захирагчаар томилогдож ажилласан. Их сайхан хамт олон бүрдсэн. Одоо энэ Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн хөрөнгийг Уламбаяр дарга хөөцөлдөж, шийдвэрлүүлж өгснөөр шавийг нь тавиад бариулсан. Харин яг ашиглалтад орохоос сарын өмнө гэнэтийн шийдвэр гарч, өөр албанд томилогдсоноор нээлтийг нь хийж чадаагүйдээ жаахан харамсдаг юм. Доторх бүх зохион байгуулалтыг нь бодож төлөвлөөд хийчихсэн байсан юм шүү дээ.
-Тэр гэнэтийн томилгоо хаашаа байв?
-Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газарт шуурхай ажиллагааны ахлах мэргэжилтэн гэдэг орон тоонд ирсэн дээ. Төлөвлөлтийн ахлах, дайчилгаа, нүүлгэн шилжүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд байгаагүй учраас бүх л юмыг хийх болсон. Мандахгэрэл дарга өдөр нь арай гэж ажлаа амжуулж байхад орой нь баахан бичиг цаасаар дарна. Хоёр жил өдөр бүр оройны 23, 24 цаг хүргэж тарна. Ажил дээрээ хононо гэсэн давтамжаар ажиллаад “ёстой хэцүү юм байна, больё” гэж бодсон. Одоо бол хоёр гурван мэргэжилтний хийж байгаа ажлыг би ганцаараа хийдэг байж. Нэг л их ангийн захирагч, төлөвлөлтийн офицер, салбарын дарга гээд байсан хүн чинь бичиг цаасны ажилд үнэхээр улаан нооль байсан юм билээ. Тэгээд л Мандахгэрэл даргынхаа удирдлагад бичиг цаас төлөвлөж сурсан даа. Даргадаа би одоо больёо гэхээр байж бай чи гэнэ. Дарга намайг хоёр жил сургасан юм билээ. Тэгээд Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн даргаар томилуулсан. Тэнд очоод бичиг цаасны ажил овоо багасаад явж байтал Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга тэтгэвэртээ суугаад, Мандахгэрэл “Өө энэ хүнийг тавина” гэсээр байгаад би ГШУГ-ын Мэргэжлийн удирдлага зохицуулалтын хэлтсийн даргаар томилогдсон.
-Таны дараагийн хүлээж авсан томилгоо ч гэнэтийн байсан болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл Увс аймгийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд та бид хамт явсан. Тэнд бараг 20-иод хоног ажиллахад өөр тийшээ томилогдох гэж байгаа тухай хэн ч юу ч ярьж байгаагүй. Эсвэл та тийм сайн нууж чадсан юм уу?
-Бас л гэнэтийн байсан. Тэнд явж байхад Архангайн Онцгойн даргаар томилогдох гэнэ гэсэн шуум дэгдээд. Би бүр гайхаад. Буцах замдаа Архангайгаар дамжиж, хоол идэхдээ би Эрдэнэбаатараасаа санаа зовж л байлаа. Ирээд хоёр хоноод байтал Ерөнхий газрын дарга дуудаад, яваад ортол нэг цаас өгөөд “унш” гэдэг юм. Унштал Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын даргаар томилсугай гэж байна. “Мэдлээ, гүйцэтгэе” гээд л гарсан даа.
-Салаан даргаас эхлээд ангийн дарга, ОБЕГ-ын хэлтсийн дарга гээд бүх шатаар дамжиж ажиллаж. Харин аймгийн Онцгой байдлын газрын дарга болоход хэр ялгаа байв. Онцлох юм байв уу?
-Өөрийн тань хэлдгээр салаа, салбар гээд бүх шатаар дамжиж ажилласан байна. Байгалийн гамшиг, хүн, малын гоц халдварт өвчин, ой хээрийн түймэр гээд гамшгийн бүх нөхцөлд ажиллаж үзсэн байна. Мөн мэргэжлийн хувьд команд штаб, опертив тактикийн чиглэлээр академи төгсөөд ирсэн байна. Туршлага байна. Тэгэхээр дарга энэ бүгдийг мэддэг болсон юм бол одоо менежер бол гэж намайг ийш нь томилж байгаа юм байна гэж бодсон. Тэгж бодоод аймгийнхаа Онцгой байдлын газарт өөрчлөлт шинэчлэлт хийж, залуусаа сургаж, өөрийнхөө сурсныг тэдэнд сургахын төлөө бодож ажилласан. Үүнийхээ ч үр дүнд 2019 онд Говьсүмбэр аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг онц үнэлгээтэй зохион байгуулсан. Өөрийг магтаж байгаа юм биш. Мэргэжлийн удирдлагын хэлтэст ажиллаж байхдаа Б.Ууганбаяр генералтай хэд хэдэн сургалтад штабын даргаар нь явчихсан, туршлагатай байсан юм. Тэгээд яг тэр зарчмаараа төлөвлөөд, аймгаа бэлтгэсэн. Гэтэл сургуулийн удирдагч Ууганбаяр дарга ирээд гэнэтийн ослын үеийн удирдлагын системээр сургуулиа хийнэ ээ гээд хамаг юмыг маань орвонгоор эргүүлчихсэн. Даргатай ярилцтал “би чамайг мэдэж байсан юм аа” гэсэн. Гэхдээ сургууль амжилттай болсон. Дүүрэн хангалттай буюу 99 хувь гэж дүгнэсэн. Үүнийг би намайг үнэлж байна гэж бодсон.
Энэ сургуулийн дараа Бадрал генерал маань аймгийн даргыг хүлээж авч уулзаад бид Онцгой байдлын газрын даргадаа УАЗ фургон, ланд-200 өглөө. Ойрын 15 жилд шийдээгүй байсан юмаа өглөө. Та энэ хүний албан тушаалыг байрыг шийдэж өг гэсэн. Аймгийн дарга ч баярлалаа, ойлголоо гэсэн. Ингээд хуучин ч гэсэн гурван өрөө байр шийдэж өгсөн. Тэр байранд би амьдарч байгаад ирсэн. Одоо дараа дараагийн томилогдож очсон дарга нар амьдарна. Ямар ч байсан тэнд би ажиллаж, менежер хийсний үр дүнгүүд гарсан, өөрийнхөө хэмжээнд хийж бүтээсэн ажилтай гэж бодож байна.
-Иргэний хамгаалалтын байгууллагаас эхлээд Онцгой байдлын байгууллагад 26 жил ажилласан байна. Энэ хугацаанд олон ч ажилд томилогдож ажиллаж. Хамгийн мартагддаггүй ажиллагаа юу байв. Тэгж сэтгэлд үлдсэн зүйл байна уу?
-Гамшиг ослын дуудлагад зөндөө л явсан. Гэхдээ бүртгэж, тоолж байсангүй. Аврагч хүн үүнийг тоолж, бүртгэх ч шаардлага байхгүй. Би шүхрээр буугаагүй, усны гүнд шумбаагүй. Гэхдээ нэг удаа уснаас хүн аварч байсан тохиолдол бий. Уснаас эрэн хайх, аврах ажиллагаанд бүлэг удирдаад ч явж л байлаа.
Харин сэтгэлд хамгийн их юм бодогдуулж, үлдсэн дуудлага гэвэл Төв аймгийн Жаргалант суманд хятадын “ТинХун” гээд алтны уурхай байсан юм. Дээр үед Германууд ухаж байгаад орхичихсон байсныг сүүлд хятадын компани эзэмших болсон хэрэг. Энэ уурхайд нууц ажиллагаа явуулахад оролцсон минь санаанд их тод үлдсэн байдаг юм.
Нэг өдөр ажлаа тарчихаад байж байтал Онцгой байдлын ерөнхий газрын дарга дуудаж байна гэдэг юм. Юу хийлээ, яалаа гэж бэргэсээр иртэл даргын өрөөнд цагдаа, шалгалтынхан гээд олон хүмүүс байна. Тэр үед Даш генерал ерөнхий газрын дарга байсан юм. Тэгээд ороод суусан чинь нууц ажиллагаа явуулна, хэн ч хаашаа ч мэдэгдэж болохгүй гэсэн үүрэг аваад шөнөдөө химийн хэдэн залуугаа дагуулаад уурхай дээр очсон. Тэнд их хэмжээний мөнгөн ус хураасан байна гэсэн мэдээллийн мөрөөр явсан юм. Уурхай доошоогоо 90 метр гүн. Нэг муу хуучин цахилгаан шатархуу зүйлээр гүн рүү нь буудаг. Цагдаагийнхан ч “та мэргэжлийн хүн эхэлж орж, тандалт судалгааг хийж ир” гэдэг юм. Тэгээд залуусаа оруулах гэснээ болиод юу ч болоо билээ ерөөсөө л өөрөө орьё гээд шийдсэн. Хоёр хятад дагуулаад 90 метрийн гүнд ороход толгой маналзаад л шууд агааргүй орчин нь мэдэгдэж байгаа юм. Тал, тал тийшээ салбарлаад ухаад явчихсан хонгилуудтай газар байсан. Тэгээд цацраг, хорт бодис байгаа үгүйн судалгаагаа хийсэн л дээ. Эхлээд өнөө 2 хужаагаасаа хол явж байсан бол сүүлдээ сонин оргиод байхаар нь нэгнээс нь барьж явсаар байгаад дээшээ гарч ирсэн. Хүн үхэхэд амархан юм байна даа гэж бодогдож байсан.
-Сүүлд та өнөө алдарт Хонгорын хордлого дээр бас ажилласан уу?
-Ажилласан. Тэр үед Мөнхбат гэж нөхөр үхэрнээс маань гахай шиг тугал гарлаа ч билүү сенсаци дэгдээгээд. Шинжилгээний багийнхан очоод шалгаад үзсэн чинь худлаа байгаа байхгүй юу. Зүгээр л мөнгө авах гээд … Тэрийг чинь нотлохын тулд химийн хүрээлэнгийн эрдэмтдийг аваачаад зодоон хийхээс л наагуур юм болдог байлаа шүү дээ.
-Тэгвэл таны амьдралдаа баримталдаг зарчим гэвэл?
-Би нэгэнт өрх гэр толгойлоод амьдарч байгаа бол гэргий хүүхэддээ, аав ээждээ, ах дүүдээ сайн сайхныг үзүүлж харуулах ёстой, сайхан амьдруулах ёстой гэж боддог. Үүнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн.
Мөн би энэ байгууллагад өөрийнхөө хүслээр орсон. Орох эхлэлийг нь Цэвээн эгч тавьж өгсөн ч гэлээ би хичээл зүтгэлээрээ, сэтгэлээрээ өдий хүртэл ажиллаж байгаа. Байгууллагаасаа гарья гэсэн бол зөндөө л тийм шалтаг, боломж байсан. Гэхдээ би өөрийн зорилго болгож тавьсан жанжин шугамаа л барьсан. Энэ байгууллагад цаашид үр бүтээлтэй ажиллаж, хоолоо олж иднэ ээ гээд анхнаасаа зүтгэсэн жанжин шугамаа өөрчлөхийг хүсээгүй. Түүнийг минь ч тэнгэр бурхан харсан байх. Надад ямар нэгэн татлаа түлхээ байсангүй. Бор зүрхээрээ л яваа. Би чинь Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Бээлийн хошуу гэдэг удам, овгийн хүн. Манай удамд надаас өөр цэргийн хүн ч байсангүй, албан тушаалаараа надаас дээгүүр хүн ч байсангүй. Би одоо хамгийн том нь болоод байна. Жанжин шугамаа бариад явбал хүн юунд ч хүрч болдгийн жишээ гэж бодож байна. Тэгэхээр залуус маань нийгмээ дагаж хувьсахаас илүүтэй өөртөө зорилготой, түүндээ хүрэх нэг чиглэлтэй зүтгэ. Тэгвэл тэнгэр бурхан чамайг харна. Хүрэх ёстой газраа хүрч чадна гэж хэлмээр байна.
Ямар ч хүнд бурханы зурсан зураг гэж нэг юм байна. Тухайлбал, миний хувьд Дамдинсүрэн бол наймаа хийгээд баяжих хүн биш ээ, далдаак хийгээд хөөцөлдөж яваад дарга, сайд болох хүн биш ээ гээд зурчихсан. Гэхдээ сэтгэлээсээ хичээж, туйлбартай зүтгэвэл сайхан амьдарч болж байна. Хүндлэлтэй байдаг юм байна. Нэр төртэй ажилладаг юм байна. Тэгэхээр би Онцгой байдлын байгууллагын энэ сайхан зам мөрийг дагаж явсан даа бахархалтай байдаг.
–Та сая бурхнаас зурсан зураг гэж бий гэлээ. Гэхдээ тэр зураг төөргийн дагуу зөв амьдрах нь таны хэлдгээр жанжин шугамаа олохоос эхлэлтэй болов уу. Тэгэхээр та энэ жанжин шугамыг олохын тулд амьдралдаа эргэлт гаргасан сонголтуудыг хийж байв уу. Тэр сонголтууддаа харамсаж байсан тохиолдол байдаг уу?
-16 настайдаа бие дааж шийдсэн миний шийдвэр өнөөдрийн намайг бүтээхийн зөв эхлэл болсон болов уу гэж боддог. Биднийг наймдугаар анги төгсөхөд улаан шугам гэж татдаг байлаа шүү дээ. Ингээд эхний хэдэн хүүхэд нь дээд сургууль аваад явна. Үлдсэн хүүхдүүдээс 10 дугаар анги бүрдүүлэхийн тулд улаан шугам татад 30 хүүхэд анги дэвшүүлдэг байлаа. Би тэгээд 9 дүгээр ангид орохоор болсон юм. Харин ангийн маань Түмэндэмбэрэл гэдэг хүүхэд Баянчандамийн Хөдөө аж ахуйн коллежид суралцахаар болсон байсан. Бид хоёр тоглож явж байгаад хуваариа солихоор шийдээд ээждээ хэлэхэд “Чи өөрөө сонголтоо хий” гэснээр тэр хүүхэд анги дэвшин суралцахаар болж, би Баянчандманийн коллежид цахилгаанчнаар суралцсан юм. Социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжих шилжилтийн үед эхэлж байсан хэцүүхэн цаг хугацаа ч би цалинтай, хувцас хангалттай догь оюутан байлаа. Хүүхдүүд аав, ээжээсээ хоол ундны мөнгөө авдаг бол би аав, ээждээ, дүү нартаа дээл хийлгээд очдог, юм аваачиж өгдөг байлаа шүү дээ. Харин коллежоо төгсөөд мэргэжлээрээ ажиллах ажил олдоогүй учраас 20 хүрсэн хойноо цэргийн алба хаасан нь тэр. Одоо бодох нь ээ 16 настай хоёр хүү ярилцаад л өөрсдийнхөө амьдралыг тэр хоромд л эрс эргүүлчихсэн хэрэг. Магадгүй би тэр үед анги дэвшиж суралцаад, аравдугаар анги төгссөн бол одоо хаана, юу хийж явахыг хэлж мэдэхгүй байна.
Дараагийн удаад гурван байгууллага нэгдэхэд Зэвсэгт хүчнээ дагах уу, Иргэний хамгаалалтаа дагах уу гэдэг сонголт хийхэд хүрсэн. Зэвсэгт хүчнээс Жавзандулам хурандаагаар ахлуулсан ажлын хэсэг ирж бидний буу зэвсэглэмжийг хурааж авч байсан юм. Би ротын захирагч, ахмад цолтой байсан учраас гар бууны чинь гэрийг үлдээе дээ гээд өгч байлаа. Тэгээд чи нэг бол Батлан хамгаалахын их сургууль руу курсын даргаар яв, эсвэл Алтангадас одонт химийн цэргийн 119 дүгээр ангид ротын захирагчаар яв гэсэн. Талийгаач Намсрайжав хурандаа манай ангийн захирагч болсон байсан юм. Даргадаа ороод хэллээ. Тэгэхэд “Чи тэнд ротын захирагч байх, энд ротын захирагч байх ялгаа байхгүй. Наад иргэний хамгаалалт чинь цаашдаа улам сайхан болно” гэснээр би даргынхаа үгийг дагаад Иргэний хамгаалалтдаа үлдсэн юм. Хошууч цолтой байхаас нь удирдлагад нь ажилласан энэ даргыгаа би маш их хүндэлдэг.
Хүний амьдрал баялаг юм болохоор өөр олон л сонголтуудыг хийсэн байх. Гэхдээ эдгээр сонголтууд маань миний амьдралыг зөвтгөөд явсан юм болов уу гэж боддог.
Магадгүй би Цэвээн эгчийг 122 дугаар анги руу яваад оч гэхэд том толгойлоод очоогүй бол одоо аль түгээх салбар цахилгаанчин хийчихсэн ч явж байх байсан юм билүү, хэн мэдлээ.
Тэгэхээр сонголтууддаа хэзээ ч харамсаж байгаагүй. Зөв юм хийж байжээ гэж боддог юм.
-Тийм бол дараагийн сонголт чинь юу байх бол. Тийм төсөөлөл байдаг уу?
-Хэрвээ Дамдинсүрээн чи одоо энд ажиллаж болсон, одоо болно гэх юм бол сургууль уруу явна гэж боддог. Хүмүүс хорин долоо, найман жил ажиллачихаад яагаад тэтгэвэртээ суухгүй байгаа юм бэ гэдэг юм. Надад үнэндээ тэтгэвэрт суух бодол алга. Намайг Иргэний хамгаалалтын академид суралцахаар явахад манай гадаад харилцааны хэлтсийн дарга байсан Алтанчимэг хурандаа “Чи асар өндөр төлбөртэй сургуульд явж байгаа шүү. Ирээд дор хаяж таван жил тогтвор суурьшилтай ажиллана шүү” гэж байсан юм. Би тэр асар үнэтэй сургуульд сурч ирчихээд дөнгөж 10 орчим жил ажиллаад гараад явчихаж болохгүй шүү дээ. Академи төгсч ирчихээд хоёр, гуравхан жил ажиллаад гарчихсан хүмүүс байдаг юм. Би харамсдаг юм. Тэр сайхан сургуулийг төгсчихөөд ингээд гараад явчихдаг гэж. Сурсан эрдэм, эзэмшсэн туршлагаа бусадтай хуваалцах хэрэгтэй шүү дээ. Тэгээд ч би Онцгой байдлын байгууллагын уураг тархи болсон ерөнхий газарт ажиллаж байгаадаа бахархдаг. Заримдаа бүр огшино шүү дээ.
-Энэ бүх хугацаанд сонголтыг тань хүндэлж, ар талыг тань найдвартай дааж яваа гэргийгээ танилцуулаач?
-Миний хань Булган аймгийн Орхон сумын хүн. Одоогоос 20 гаруй жилийн өмнө ахлагч байхдаа танилцаад хурандаа болтлоо ханилж дээ. Эгч нь манай ангид нярав хийдэг байсан учир гэр оронд нь юм хүргэж өгөх зэргээр явж байгаад л дүү охинтой нь танилцаад, төд удалгүй нэг гэртээ орчихсон юм. Одоо бид гурван сайхан охинтой. Бага хоёр маань ерөнхий боловсролын сургуулийн сурагчид. Том охин маань харин нөхрөө дагаад Японд Америкийн цэргийн хотхонд ажилладаг юм. Нөхөр нь Америкийн цэргийн хүн. Зээ охинтой.
Хань эдгээр жилүүдэд амьдралын сайн, муу бүх л зүйлийг хуваалцаж, түшиг тулгуур, найдвартай ар тал минь болсоор ирсэн. Ар гэрт аливаа зүйл болохгүй бол би ажлаа төвлөрч хийж чадахгүй шүү дээ. Тэгэхэд хэдэн сараар яваад ирэхэд, хэзээ ч хамаагүй гараад явахад хань минь бүгдийг зохицуулаад, ар гэрийн амьдралыг бүрэн даагаад байж байна гэдэг бол яалт ч үгүй сайхан сэтгэлтэй, сайн хүн байгаа биз дээ.
-Та өөр тэгвэл хэр сайн нөхөр вэ?
– Нэг их мундаг гэж хэлэхгүй ч нэг их муу биш. Алтан дунджийн дээхнүүр л юм даа. Гэртээ байгаа үед авгайгаа жаахан унтуулчихыг бодно. Боломжтой үедээ сайхан хоол цай хийгээд тавьчихна. Гэхдээ тун ховор тохиолдоно шүү, ийм үе. Залуу байхад бүх баяраар л ээлжинд таардаг байлаа. Хүүхдүүдийнхээ эцэг, эхийн хуралд ч их ховор очсон доо. Гэхдээ сайхан түшигтэй, тулхтай байхыг л боддог. Амьдралаа ч, ажлаа ч зохицуулж чадсан юм болов уу даа.
Зарим амьдралдаа хэт анхаарлаа хандуулчихаад ажил алаад байдаг хүмүүс байдаг даа, уур хүрмээр. Гэтэл хэт ажил ажил гэж гүйгээд амьдралаа ор тас хаячихсан нэгэн ч байдаг. Үүнийг л зөв зохицуулж сурах хэрэгтэй юм. Хүний амь насыг авран хамгаална гээд тангараг өргөсөн бол тэр тангарагтаа хүрэх хэрэгтэй. Энэ нь амьдралаа орхи гэж байгаа юм биш. Амьдралдаа ч, ажилдаа ч зөв сэтгэлтэй байх ёстой. Тэр сэтгэл байвал аль аль нь сайхан явна. Жанжин шугамтай байх хэрэгтэй. Хүнд худлаа хэлж болохгүй, эсвэл би чадна, тэгнэ, ингэнэ гэж хэт бардаж болохгүй. Зарим зүйлийг чадахгүй гэж хэлж чаддаг байх, чадахын төлөө асууж мэддэг байх хэрэгтэй гэж боддог юм.
-Хүний хувь тохиол гэдэг тааварлахын аргагүй бэлэг гэдэг. Тэр дундаа хийж бүтээснээрээ гангарч амьдрах сайхан гэх нь бий. Таны хувьд хамгийн том гангараа чинь юу бол?
-Энэ сайхан цэнхэр форм. Надад сайхан хослолууд байна л даа. Гэхдээ өмсөх газар алга. Харин хаана ч энэ цэнхэр формоо өмсөөд очиход хүндлэл дагаж байдаг. Онцгой байдлын байгууллага гэдэг чинь жирийн иргэнээс улсын Ерөнхийлөгчийг хүртэл командалдаг газар байхгүй юу. Хэлдэг, ярьдаг, ойлгуулдаг байгууллага. Бид ийм сайхан байгууллагад ажиллаж байгаа учраас цагаахан мөртэй байх ёстой юм. Энэ нэр хүндийг дааж, өргөж явах ёстой. Бид алдаа гаргах эрхгүй. Тэгэхийн тулд суралцах ёстой. Залуус маань өдөр бүр суралцаж, хөгжиж байх ёстой гэдгийг санаж явах хэрэгтэй.
-Баярлалаа танд. Сонины маань зай талбай хэмжээтэй учир ярилцлагаа ингээд өндөрлөе. Санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэж, амжилт бүтээл, алдрын тавцанд нэр чинь мөнхөд дуурсаж явах болтугай.
Эх сурвалж: Онцгой мэдээ сонин