н.Ундармаа
Ус, цаг уур, орчны шинжилгээний судалгаа мэдээллийн хүрээлэнгийн инженер Ш.Тэргэлээс ирэх наймдугаар сарын цаг агаарын төлөв байдлын талаар тодрууллаа.
–Долдугаар сард ихэнх нутгаар бороо хур их орж, голууд үерлэлээ. Ирэх сард энэ үзэгдэл дахин давтагдах уу?
-Сарын эхээр агаарын температур бага зэрэг сэрүүсэх төлөв ажиглагдаж байгаа. Агаарын температурын тухайд наймдугаар сард баруун аймгуудын баруун хэсэг Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар дулаан, бусад нутгаар олон жилийн дундаж орчим байна. Хур тунадасны хувьд дээрх дурдсан бүс нутгаар бага орох бол төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд, зүүн зүгийн баруун хэсгээр хур тунадас ахиу байхаар төлөвтэй байгаа. Харин бусад нутгаар олон жилийн дундажтай ижил хэмжээнд байна. Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Бүс нутгаар нь авч үзвэл нийт дөрвөн хэсэгт хувааж байгаа.
- Баруун буюу Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгор аймаг,
- Төв буюу Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан–Уул, Төв,
- Зүүн буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар,
- Говийн бүс нутаг болох Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь–Сүмбэр зэрэг аймгууд хамаарна.
-Тэгвэл хур тунадас бүс нутгийн ихэнх хэсэг болон зарим газраар ажиглагдах үед тухайн бүсийн аль хэсэгт төвлөрч мэдээг боловсруулдаг вэ?
-Ус, цаг уур, орчны шинжилгээний газар цаг агаарын үзэгдэл нийт нутгийн 30 хувиас хэтрэхгүй зурвас газарт ажиглагдах тохиолдолд зарим газраар, бүс нутгийн 30–70 хувьд бол ихэнх нутгаар, 70 хувиас дээш нутгийн хэсгийг хамрах тохиолдолд нийт нутгаар хур тунадастай байна гэж мэдээлдэг.
Энэ сард хур тунадас нэлээдгүй орсны улмаас томоохон голуудын усны түвшин нэмэгдэж, үерлэж иргэд олноор амь насаа алдсан харамсалтай хэргүүд бүртгэгдсэн. Тиймээс цаг агаарын мэдээллийг иргэд тогтмол хүлээн авч, нөхцөл байдлыг харгалзаж салхинд гарч зугаалахдаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
-Урьдчилсан байдлаар аль аль бүс нутагт байгалийн гамшигт үзэгдэл болох, их хэмжээний бороо орох магадлалтай юу?
-Баруун аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн нутаг, Увс, Говь-Алтайн баруун, Ховдын ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дундаж орчим, хур тунадас дээр дурдсан нутгуудаар бага, Завханы зүүн өмнөд болон Баянхонгорын зүүн хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дундаж орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин нэгдүгээр арав хоногийн дунд болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 27-31°С хүрч дулаарна. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар хүйтэрнэ. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 25–29°С хүрч халахаар төлөвтэй байгаа юм. Зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө ширүүсч зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй. Говийн аймгуудын нутгаар мөн адил дуу цахилгаантай бороотой. Борооны өмнө салхи түр зуур ширүүсч 14–16 м/секунд хүрэх, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.
-Цаг агаарын урьдчилсан төлөвтэй холбоотойгоор малчид иргэдэд юуг анхааруулах вэ?
-Наймдугаар сард ихэнх нутгаар хур тунадас их орохоор төлөв ажиглагдсан. Мөн гуравдугаар арав хоног буюу сарын сүүлчээр хөрсөн дээр цочир хүйтрэлт болж болзошгүй байгаа.
Тиймээс монгол орны гол мөрний усны дундаж түвшин тухайн сарын олон жилийн дунджаас их байх ба түүний орчим байх төлөвтэй байгаа хэдий ч голын ай саваар зорчих болон байрлах айлууд сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Иргэд та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсч, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, үерт эд хөрөнгө, малаа урсгах, малтайгаа салхинд уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, аадар бороо орох үед бага насны хүүхдийг малд явуулахгүй байх нь зүйтэй.
ОЙРЫН ХОЁР ХОНОГТ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН 20-120 СМ НЭМЭГДЭНЭ
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсийн мэргэжилтэн инженер О.Бямбагэрэл:
-Долдугаар сарын 26-27-ны байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Дэлгэрмөрөн Хангайн нурууны арын Идэр, Чулуут, өврийн Байдраг, Буянт, Шаргалжуут, Увс нуурын Тэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-120 см нэмэгдсэн. Сэлэнгэ, Бэлтэс, Дэлгэрмөрөн, Идэр, Хэрлэн, Онон, Улс, Онги, Байдраг, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-80 см давсан байгаа юм. Харин Орхон, Халх голууд үерийн аюултай түвшинг 10-50 см даван хүчтэй үерлэж байна.
Өнөөдөр Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин 20 см орчим нэмэгдэх төлөвтэй байгаа. Иймд дээрх дурдсан голуудын ай сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуй нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: news.mn