1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаартогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, 24-26 градус дулаан байна.
Төлөв байдал: 30-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 31-ний өдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8 дугаар сарын 1-ний өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр 2-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 8 дугаар сарын 1, 2-ны өдөр нутгийн баруун болон зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Цэргийн хотхон”-нд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 06:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 06:37 цагт очиж, иргэн Ч-ын 7×14 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, “Төмрийн үйлдвэр”-ийн дэргэд Суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 12:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 9.5 км замыг туулан 12:49 цагт очиж, иргэн Н-ийн “Креста” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн Баянхангайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 19:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 19:42 цагт очиж, иргэн Г-ын 8х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Шарга морьтын эцэс”-ийн задгай Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 05:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 05:20 цагт очиж, иргэн Г-ийн 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
3.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Үер – Уруйн үер: Увс аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн “Цалгар” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 30 км-т, сумын төвөөс урд зүгт 20 км-т/ 07.27-ны өдрийн 15:00 цагийн орчим усархаг ширүүн бороо орж, 18 мм тундас буусны улмаас уруйн үер бууж, мал хариулж явсан бага насны 1 хүүхэд үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07.28-ны өдрийн 11:45 цагт “Шар шувуутын-Ам” гэдэг газраас Увс аймгийн Тариалан сумын харьяат У/12 настай, эмэгтэй/-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Задгай”-д /сумын төвөөс баруун зүгт 2 км-т/ “Дэлгэр” мөрний эрэг дээр 4 хүн зугаалж байснаас 1 хүн нь сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 07.23-ны өдрийн 17:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэн Д /28 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 07.23-ны өдрөөс 07.28-ны өдрийг хүртэл зохион байгууллаа. Ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр 07.28-ны өдрийн 08:45 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг дахь “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд “Хэрлэн” голын усанд 1 хүний цогцос байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 08:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан 08:36 цагт очиж, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат иргэн С /52 настай, эмэгтэй/-ийн цогцсыг “Хэрлэн” голын уснаас гаргаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Дорнод аймгийн Чулуунхороот сумын Галуут багийн “Арлын-Ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 272 км-т, сумын төвөөс баруун зүгт 32 км-т/ 8 хүн зугаалж явснаас 1 хүн “Улз” голын усанд живсэн тухай мэдээллийг 07.28-ны өдрийн 09:20 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 10:35 цагт тус сумын харьяат иргэн Ч /32 настай, эмэгтэй/-ийн цогцсыг осолдсон газраас урд зүгт 1 км-т “Улз” голын усны мандалд хөвж байсныг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн тухай Чулуунхороот сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар Хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 11 дүгээр анги, 26 дугаар анги, 29 дүгээр анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, 74 дүгээр анги, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын ажилтнууд Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17, 19 дүгээр хорооны Зүрх уул, “Цогтын-Ам”, “Яргайтын-Ам”, “Яргайтын богины-Ам”, “Жигжидийн-Ам”, “Гүнтийн-Ам” зэрэг газруудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 07.23-ны өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 07.24-ний өдрөөс 07.28-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагаа явагдаагүй.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Өнчин толгой гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ Самар түүхээр яваад сураггүй болсон 1 хүнийг эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг 07.20-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Хан-Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын ажилтнууд Төв аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 07.28-ны өдрийн байдлаар Шарлангийн голын-Эх, Нуртын зүүн тал, Нуртын зүүн салаа гэдэг газруудад 5 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 07.29-ний өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Бусад төрлийн осол: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан-Эрэг багийн 10 дугаар байрны тоглоомын талбайд бага насны хүүхэд унадаг дугуйнд хөлөө хавчуулаад гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 12:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан 12:05 цагт очиж, Г /9 настай, эрэгтэй/ зүүн хөлөө унадаг дугуйны их биений засвсар оруулж гацаасан байсныг гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 37 дугаар гудамжинд жорлонд 1 хүн унасан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 04:55 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11 км замыг туулан 05:16 цагт очиж, иргэн Г /57 настай, эрэгтэй/ жорлонд унасан байсныг татан гаргаж, нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР