Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

  Өнгөрсөн хоногт:   Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно, салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 31-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8 дугаар сарын 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 8 дугаар сарын 1, 2-нд нутгийн баруун болон зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн “Задгай”-д 115 дугаар байрны зоорийн давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 21:56 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 22:00 цагт очиход тус байрны зоорийн давхарт иргэн М хувцас, хог шатааж байсныг 9 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн Бор хошуу гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 182 км, сумын төвөөс баруун хойд зүгт 7 км-т/ Туул голын эрэг дээр 6 хүн /үүнээс 4 нь хүүхэд/ зугаалж байснаас 1 хүүхэд живсэн тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Өгөөмөр багийн “Бетон гүүр”-ээс “Улаан-Үзүүр” гэдэг газар хүртэл 13 км-т завиар, голын эрэг дагуу 5 км-т автомашинаар, 4 метрийн гүнд 7 удаа шумбалт хийж Н/9 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 14:39 цагаас эхлэн  зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 21:20 цагт түр зогсоосон. 07.30-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн “Ширээ нуруу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 4 км-т/ Хиймэл нуурын эрэг дээр 6 хүн хүн зугаалж байснаас 1 хүн живсэн тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 23:40 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид 4 км зам туулан 23:43 цагт очиход тус сумын харьяат иргэн иргэн О/25 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хиймэл нууранд живсэн тул эрэн хайх ажиллагааг 07.30-ны өдрийн 06:00 цагт эхлүүлсэн.    

Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн “Сэрүүний хаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 110 км, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/07.29-ний өдрийн 22:00 цагт “Сэрүүн”-ий нуур руу суудлын автомашин орж живсэн тухай дуудлагыг 07.30-ны өдрийн 03:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 110 км зам туулан 04:00 цагт очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны харьяат иргэн Л/41 настай, эрэгтэй/ нь тус нуурын эргээс баруун хойд зүгт 6 орчим км-т зусч байгаа аавындаа амралтаараа очсон байхдаа согтууруулах ундаа хэрэглэж нуурын усанд “Мазда” загварын суудлын автомашинтайгаа живсэн байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.  

Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Өнчин толгой гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ Самар түүхээр яваад сураггүй болсон 1 хүнийг эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг 07.20-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Хан-Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын ажилтнууд Төв аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 07.29-ний өдрийн байдлаар Өнчин толгой гэдэг газраас Хотгойн рашаан гэдэг газар хүртэл 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 

Усанд боогдсон: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн “Шижигтын хавцал” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 50 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 115 км-т/  “Шижигтын хавцал”-д иргэд автомашинтайгаа усан боогдсон тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 12:27 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Эрдэнэбүрэн сумын чиглэлд 12:30 цагт явсан бөгөөд 115 км зам туулан 15:00 цагт очиход Улаанбаатар хотын харьяат 12 хүн /үүнээс 5 нь хүүхэд/, 3 автомашинтай 07.27-ны өдөр Шижигтын хавцал-д очиж зугаалж байхад “Цамбагарав” уулын оройгоос цас нурж 7 нуур луу орсны улмаас 7 нуурын ус хальж усанд боогдсон байсныг 3 цаг ажиллаж аюулгүй газарт гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top