Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:   Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Өдөртөө 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 8 дугаар сарын 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Жаргалант сумын Загдал багийн Чандмань 1 дүгээр гудамжны 2 тоотод /аймгийн төвөөс хойд зүгт 195 км-т, сумын төвөөс хойд зүгт 24 км-т/ Иргэн Ч-ын байшин шатаж байна гэсэн мэдээллийг 07.30-ны өдрийн 07:14 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 07:20 цагт очиж, иргэн Ч-ын 8х11 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 3 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 17 дугаар гудамжинд байшингаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 14:14 цагт очиход иргэн Э-ийн 5×6 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Ар мэргэний-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 60 км-т, сумын төвөөс зүүн зүгт 80 км-т, Орхон аймгийн Баян-Өндөр сумаас баруун урд зүгт 9 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 16:56 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 17:10 цагт очиход иргэн Э-ийн 10х10 метрийн хэмжээтэй байшингийн унтлагын өрөөний хэсэг шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Рашаант сумын Аргал хайрхан багийн “Бодын гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км, сумын төвөөс урд зүгт 30 км-т/ Малчин А-ын автомашин, 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 07.31-ний өдрийн 01:55 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 01:10 цагт очиход малчин А-ын “Бонго 3” загварын бага оврын ачааны автомашин, 1 гэр шатсан байсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Могойтын-Үе” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 176 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 26 км-т, Ө-46°51’00”, У-115°37”12”/ 07.31-ний өдрийн 01:16 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 01.23 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн. 

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол – Автозамын тээврийн осол: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн “Буйрын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км-т, Бигэр сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, Наран багийн төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ автомашин онхолдож иргэн Б автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 07.30-ны өдрийн 16:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид, аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилтнууд мөн өдрийн 19:14 цагт очиход ZZ5707 загварын том оврын ачааны автомашин онхолдож, тус аймгийн харьяат иргэн Б /26 настай, эрэгтэй/ нь автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан байсныг тус компанийн ажилчид гаргаж, тус уурхайн эмч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн ЯТТ-ийн их эмч Гантөмөрт хүлээлгэн өгсөн.

Усны осол: Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн “Бор хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 182 км, сумын төвөөс баруун хойд зүгт 7 км-т/ Туул голын эрэг дээр 6 хүн /үүнээс 4 нь хүүхэд/ зугаалж байснаас 1 хүүхэд живсэн тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Өгөөмөр багийн “Туулын гүүр” гэдэг газраас “Улаан-Үзүүр” гэдэг газар хүртэл голын эрэг дагуу 7 км-т автомашинаар, усаар 13 км-т завиар, 4 метрийн гүнд 4 удаа шумбалт хийсэн. Хүч нэмэгдүүлж Үндэсний аврах бригадын алба хаагчид 07.30-ны өдрийн 17:50 цагт очиж, Өгөөмөр багийн “Туулын гүүр” гэдэг газраас Цэдэнбалийн тохой гэдэг газар хүртэл усаар 18 км-т завиар, 4 метрийн гүнд 2 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу 18 км-т мотоциклоор Н /9 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:40 цагт түр зогсоосон. 07.31-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн “Ширээ нуруу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 4 км-т/ Хиймэл нуурын эрэг дээр 6 хүн хүн зугаалж байснаас 1 хүн живсэн тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 23:40 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн О /25 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ нь хиймэл нууранд живсэн тул тус сумын 2 дугаар багийн “Далан булаг” ХХК-ийн хайрга, элс олборлох карьерийн 1 га орчим талбайтай, 5 м-ийн гүн хиймэл нууранд 1-4 метрийн гүнд 23 удаа шумбаж, нуурын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 07.31-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, “Их тэнгэрийн-Ам”-аас баруун тийш 200 метрт “Туул” голд цогцос хөвж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 07:09 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км замыг туулан 07:20 цагт очиход, “Туул” голын эрэгт нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны харьяат Д /82 настай, эмэгтэй/-ын цогцос байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгчид шилжүүлж өгсөн.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан-Ам багийн “Орхоны хүрхрээ” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 155 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т, Хархорин сумын төвөөс баруун урд зүгт 140 км-т/ 07.30-ны өдрийн 15:00 орчим 4 хүн зугаалж байснаас иргэн И нь “Орхоны хүрхрээ”-ий усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.30-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр, унтраах аврах 45 дугаар ангийн ангийн алба хаагчид мөн өдрийн 19:50 цагт очиж, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат И /21 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:25 цагт түр зогсоосон. 07.31-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 

Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн “Хатавч хөх толгой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 150 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ 07.30-ны өдрийн 16:40 цагийн орчим 3 хүүхэд тоглож байснаас 1 хүүхэд хиймэл нууранд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.30-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах аврах 21 дүгээр анги, аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд мөн өдрийн 18:15 цагт очиж, тус аймгийн харьяат Э/14 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:40 цагт цогцсыг нь хиймэл нуурын урд эргээс 4 метр, 2 метрийн гүнээс олж, тус аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид шилжүүлж өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Өнчин толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т Самар түүхээр яваад сураггүй болсон 1 хүнийг эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг 07.20-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Хан-Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын ажилтнууд 07.22-29-ний өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул Төв аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/-ын ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг 07.30-ны өдрөөс зогсоосон.

5. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:  

– Гол, мөрний усны үер: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Дэрст булан” /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ “Орхон” гол эргээсээ хальж малчин Д-ийн гэр голын усанд автсан тухай дуудлагыг 07.30-ны өдрийн 10:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 11:33 цагт очиж, иргэн С /90 настай, эмэгтэй/, О /12 настай, эмэгтэй/ О /10 настай, эмэгтэй/, Т /8 настай, эрэгтэй/ нар “Орхон” голын усанд боогдсон, малчин Д, Д нарын 2 гэр усанд автсан байсныг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

scroll to top