Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Дундговь, Орхон, Өвөрхангай, Төв, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:   Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд болон зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:   Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с. 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 4-нд нутгийн баруун хагаст, 5, 6-нд ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон Нууруудын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 7-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Их Наяд” худалдааны төвийн зүүн талд баригдаж байгаа барилгад Гал гарч байна гэсэн дуудлагыг 08.02-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 17:08 цагт очиход “Их газар” ХХК-ийн барьж буй 16 давхар барилгын баруун талын 4-16 дугаар давхрын гадна хөөсөн өнгөлгөө шатаж байсныг 25 минут, хүч нэмэгдүүлж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 7:11 цагт гарч 4.5 км замыг туулан 17:21 цагт очиж 15 минут, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 17:21 цагт очиж, 20 минут тус тус ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7 дугаар гудамжинд үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.02-ны өдрийн 13:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 14:06 цагт очиход иргэн Б-ын 7×6 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 56 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.02-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 18:05 цагт очиход иргэн Г-ын 3×2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Твийн тавер” барилгын 6 давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 08.02-ны өдрийн 20:27 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:32 цагт очиход тус барилгын 5 давхарт иргэн М-ын өрөөний тагтан дээр хөргүүр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Тэмээтэй хөшөө”-ий хажууд авто замын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.02-ны өдрийн 21:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 21:37 цагт очиход иргэн Т-ийн “Тоёота Сай” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.  

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн “Цагаан хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 86 км-т, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ “Приус 20” загварын суудлын автомашин нь авто замын хажуу руу онхолдож 2 хүн автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 08.02-ны өдрийн 09:59 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 43 км замыг туулан мөн өдрийн 10:38 цагт очиход Баянхонгор аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б-ийн жолоодож явсан /39 настай, эрэгтэй/ “Волво” загварын том оврын ачааны автомашин эсрэг урсгалд орж чиргүүлээрээ цохисны улмаас Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд иргэн З-ийн жолоодож явсан “Приус 20” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ авто замын хажуу руу онхолдож, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн Б/46 настай, эмэгтэй/, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны харьяат иргэн Ц/75 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж өгсөн. Хан-Уул дүүргийн 3 хорооны харьяат иргэн Б /39 настай, эрэгтэй/, Баянзүрх дүүргийн 4 хорооны харьяат иргэн З нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, иргэн Б-ыг ГССҮТ-ийн хүлээн авахын их эмчид хүлээлгэн өгсөн.

Усны осол: Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонот багийн “Их-Агт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 110 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ Улаанбаатар хотын харьяат 7 хүн “Туул” голын эрэг дээр амарч байснаас 1 хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, тус аймаг дахь Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б/39 настай, эрэгтэй/-ыг 08.02-ны өдрийн байдлаар 4 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 1 дүгээр бүлэг: Тус сумын Доргонот багийн “Их-Агт” гэдэг газраас “Хар бухын гол”, “Туул гол нийлсэн бэлчир” гэдэг газар хүртэл 40 км-т завиар, 3 метрийн гүнд 5 удаа  шумбалт хийж, 2 дугаар бүлэг: Их-Агт газраас Уухай гэдэг газар хүртэл 20 км-т завиар урсаж, 3 метрийн гүнд 3 удаа шумбалт хийж, 3 дугаар бүлэг: Их-Агт гэдэг газраас Уухай гэдэг газар хүртэл голын хойд эргээр 10 км-т явганаар, 4 дүгээр бүлэг: Их-Агт гэдэг газраас Уухай гэдэг газар хүртэл голын урд эргээр 10 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн  20:40 цагт түр зогсоосон. 08.03-ны өдрийн 05:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Хүч нэмэгдүүлж Үндэсний аврах бригадын алба хаагчид мөн өдрийн 21:10 цагт очиж хоносон.       

Өмнөговь аймгийн Булган сумын Булган багийн “Булган булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 95 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 1 км-т/ Иргэн Б тогтоол усанд унаж живсэн тухай дуудлагыг 08.02-ны өдрийн 11:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 95 км замыг туулан 14:00 цагт очиход Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат иргэн Б /19 настай, эрэгтэй/-ын цогцсыг тогтоол усны баруун хойд эргээс 3 метр, 4 метрийн гүнээс гаргаж, тус аймаг дахь Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид шилжүүлж өгсөн.

Голын усанд суусан: Баянхонгор аймгийн Жаргалант сумын Эмээл толгой багийн “Зэргэлдээ-Амны гарам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 5 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 163 км-т/ Иргэн Л-ийн жолоодож явсан суудлын автомашин “Байдраг”-ийн голд суусан тухай дуудлагыг 08.02-ны өдрийн 18:07 цагт хүлээн авсан.  Тус аймгийн аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 18:20 цагт очиж, тус аймгийн Хүрээмарал сумаас Жаргалант сумын чиглэлд иргэн Л-ийн жолоодож явсан “УАЗ-469” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/-ыг аюулгүй газарт татаж гаргасан.

Аврах ажиллагаа: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 72 дугаар гудамжинд нүхэн жорлонд үхэр унасан тухай дуудлагыг 08.02-ны өдрийн 12:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 8 км замыг туулан 13:05 цагт очиход 2.5 метрийн гүнтэй нүхэн жорлонгийн ухсан нүхэнд үхэр унасан байсныг татаж гарган иргэн О-д хүлээлгэн өгсөн.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Хөтөл 28 дугаар гудамжинд нүхэн жорлонд хүн унасан тухай дуудлагыг 08.02-ны өдрийн 14:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 10.5 км замыг туулан 14:25 цагт очиход 3 метрийн гүнтэй нүхэн жорлонд иргэн О /25 настай, эмэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ унасан байсныг 5 минут ажиллаж гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн ЯТТ-ийн их эмчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top