1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с. Өдөртөө 24-26 градус дулаан байна.
Төлөв байдал: 6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Орхон, Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 7-ноос нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2.Гал түймэр:
– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д савтай хар тос шатаж байна гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 06:32 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 06:40 цагт очиход хашаанд төмөр савтай хар тос шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам багийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 08:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 08:11 цагт очиход “Өгөөж билэг Сэлэнгэ” ХХК-ийн 10х15 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүрийн барилга шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн “Задгай”-д Цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 10:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 10:11 цагт очиход “Шарын гол” ХХК-ийн хашаанд цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны “Хайрхан”-ы 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 13:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 13:53 цагт очиход иргэн М-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 18:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 19:03 цагт очиход иргэн Б-ийн эзэмшлийн 10х6 метрийн хэмжээтэй агуулахын дээвэр, бараа материал шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны 17 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 01:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6.5 км зам туулан 01:44 цагт очиход иргэн Т-ын “Старекс” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Харгант багийн “Цоорхой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 3 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 03:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 03:29 цагт очиход иргэн Х-ийн 7х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Соёот” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 324 км, сумын төвөөс баруун урд зүгт 43 км-т, Ө-51°12”00” У-100°18”00”/ 08.04-ний өдрийн 16:22 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 14:30 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Автозамын тээврийн осол: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн “Бэл” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 138 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т/ 2 автомашин мөргөлдсөн тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн 5 алба хаагч, 1 автомашинтай 10 км зам туулан 13:51 цагт очиход Завхан аймгийн Улиастай сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын эзэмшлийн “Маяти-2” загварын ачааны автомашин Улаанбаатар хотоос Завхан аймгийн Улиастай сумын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн С-ын эзэмшлийн “Даево” загварын суудлын автомашинтай мөргөлдөж нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн Д /42 настай, эрэгтэй/, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат иргэн Б /48 настай, эмэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж сумын Эмнэлэгт хүргэж өгсөн.
Усны осол: Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонот багийн “Их-Агт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 110 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ Улаанбаатар хотын харьяат 7 хүн “Туул” голын эрэг дээр амарч байснаас 1 хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, тус аймаг дахь Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн Б /39 настай, эрэгтэй/-ыг 08.04-ний өдрийн байдлаар 4 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 1 дүгээр бүлэг: Тус сумын Доргонот багийн “Их-Агт” гэдэг газраас хойд зүгт “Бухын голын бэлчир” гэдэг газар хүртэл 21 км-т завиар, 3 метрийн гүнд 6 удаа шумбалт хийж, 2 дугаар бүлэг: Их-Агт гэдэг газраас Дэрст багийн Өгөөмөр гэдэг газар хүртэл 80 км-т завиар урсаж, 3 дугаар бүлэг: Их-Агт гэдэг газраас зүүн хойд зүгт Уурхай гэдэг газар хүртэл 10 км-т голын хойд эргээр явганаар, 4 дүгээр бүлэг: Их-Агт гэдэг газраас хойд зүгт Уурхай гэдэг газар хүртэл голын урд эргээр 10 км-т явганаар болон морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:40 цагт түр зогсоосон. 08.05-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн “Сүүл толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 70 км, сумын төвөөс баруун урд зүгт 13 км-т/ “Хангах”-ын голын эрэгт 2 хүүхэд тоглож байгаад 1 хүүхэд нь живсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 12:35 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн И /7 настай, эрэгтэй/-ий цогцсыг 12:35 цагт гаргасан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 13:35 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн “Улаан сайр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 145 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ Тус сумын харьяат иргэн У-нь 08.02-ны өдөр малын эрэлд явж байгаад “Өлзийт” голд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 23:19 цагт ОБЕГ-т хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд тус сумын харьяат иргэн У /20 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад морь нь Өлзийт голд үхсэн байсныг олсон. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 21:30 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 08.05-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.
Өндрөөс аврах: Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны “Шүүт” хотхоны хашаанд баригдаж байгаа 15 давхар барилгын дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 15:23 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 15:32 цагт очиход Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны харьяат иргэн А /39 настай, эмэгтэй/ 15 давхар барилгын дээврээс үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгасан.
Бусад төрлийн осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны 1 дүгээр гудамжинд 1 эмэгтэй хүн /согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/ үерийн ус зайлуулах даланд унасан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 12:04 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 12:15 цагт очиж Налайх дүүргийн иргэн Ш /43 настай, эмэгтэй/-г эсэн мэнд гаргасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай”-д Дулааны шугамын худагт 1 эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 22:05 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8.5 км зам туулан 22:26 цагт очиход нэр, хаяг нь тодорхойгүй /удаж муудсан/ эрэгтэй хүний цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР