Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Завхан, Увс, Хөвсгөл, аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 20-25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Аянга цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 27-29 градус дулаан байна.

Төлөв байдал:  7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд нутгийн зарим газраар, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 7-ноос нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн “Мөхийн-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 32 км-т/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 32 км замыг туулан 17:30 цагт очиход иргэн А-ийн “Фургон” загварын суудлын автомашин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 114 дүгээр сургуулийн хойд талд байшингаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 20:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 20:36 цагт очиход иргэн Д-ийн 4×6 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол багийн “Минжний-Ар” гэдэг газарт /аймгийн төвөөс хойд зүгт 129 км-т, сумын төвөөс зүүн зүгт 7 км-т/ Иргэн Т.Ганболдын 5х3 метрийн хэмжээтэй малын саравч 08.05-ны өдрийн 23:15 цагт шатсан тухай мэдээллийг 08.06-ны өдрийн 01:18 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд очиж, 30 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагч тус аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонот багийн “Их-Агт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 110 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ Улаанбаатар хотын харьяат 7 хүн “Туул” голын эрэг дээр амарч байснаас 1 хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, тус аймаг дахь Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б /39 настай, эрэгтэй/-ыг 08.05-ны өдрийн байдлаар 4 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 1 дүгээр бүлэг: Тус сумын Доргонот багийн “Их-Агт” гэдэг газраас хойд зүгт “Бухын голын бэлчир” гэдэг газар хүртэл 21 км-т завиар, 3 метрийн гүнд 2 удаа  шумбалт хийж, 2 дугаар бүлэг: “Бухын голын бэлчир” гэдэг газраас Бүрэгхангай сумын Дэрст багийн “Тул харайдаг” гэдэг газар хүртэл 54 км-т завиар урсаж, 3 дугаар бүлэг: Их-Агт гэдэг газраас зүүн хойд зүгт Уурхай гэдэг газар хүртэл 10 км-т голын хойд эргээр явганаар, 4 дүгээр бүлэг: Их-Агт гэдэг газраас хойд зүгт Уурхай гэдэг газар хүртэл голын урд эргээр 10 км-т явганаар болон мориор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Иргэн Б-ийн цогцсыг /осолдсон газраас хойд зүгт 75 км-т/ Бүрэгхангай сумын Дэрст багийн Тул харайдаг гэдэг газраас 08.05-ны өдрийн 15:24 цагт “Туул” голын бургасанд тээглэсэн байсныг олж, тус аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлж өгсөн.

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн “Улаан сайр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 145 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ Тус сумын харьяат иргэн У-нь 08.02-ны өдөр малын эрэлд явж байгаад “Өлзийт” голд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 23:19 цагт ОБЕГ-т хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэн У/20 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад 08.04-ний өдөр унаж явсан морь нь “Өлзийт” голд үхсэн байсныг олсон. 08.05-ны өдөр “Өлзийт” голд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус иргэний цогцсыг мөн өдрийн 19:10 цагт /осолдсон газраас баруун зүгт 3 км-т/ “Өлзийт” голын 2 метрийн гүнээс олж, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Зайсангийн гүүр”-ийн доор “Туул” голд хүн урсаж байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 13:46 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7.5 замыг туулан 14:00 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, “Яармагийн гүүр”-ээс баруун тийш 200 метр зайд “Туул” голд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны харьяат Т /12 настай, эмэгтэй/-ын цогцсыг мөн өдрийн 14:56 цагт олж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уул гэдэг газар Хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Онцгой байдлын байгууллага, нийслэлийн Цагдаагийн газрын алба хаагчид 07.19-24-ний өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Ар гэрийн хүсэлтийг үндэслэн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 08.05-ны өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г тус дүүргийн 17, 19 дүгээр хорооны Зүрх-Уул, “Цогтын-Ам”, “Яргайтын-Ам”, “Яргайтын богинын-Ам”, “Жигжидийн-Ам”, “Гүнтийн-Ам” зэрэг газруудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 08.06-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 49 дүгээр гудамжинд бага насны хүүхэд төмөр хашааны боолтын нүхэнд хуруугаа хийгээд гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 18:24 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 13.5 замыг туулан 18:46 цагт очиход Н /8 настай, эмэгтэй/ төмөр хашааны боолтын нүхэнд хуруугаа оруулж гацаасан байсныг гаргаж, аав Х-д нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top