Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгуудад бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна. 

Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно, салхи баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ, 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар,10-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нарлаг багийн “Задгай”-д “Мандал” худалдааны төвийн 3 дугаар давхарт лангуу бараа материал шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 19:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 19:46 цагт очиход иргэн Б-ын эзэмшлийн 2х2 метрийн хэмжээтэй лангуу, бараа материал шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг багийн “Задгай”-д Модон жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 23:47 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 1 зм зам туулан 23:49 цагт очиход иргэн Д-ийн жорлон шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 16:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 40 км зам туулан 16:51 цагт очиход иргэн Б-ын 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 61 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 22:45 цагт хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 9 км зам туулан 22:57 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.  

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

 Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Оег” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 31 км-т, Ө-51°21”36.0”, У-100°17”24.0”/ 08.07-ны өдрийн 22:55 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 23:03 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.    

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

  Усны осол: Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн “Гүрмийн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн зүгт 1 км-т/ Гүрмийн нуур-ын эрэг дээр 9 хүн аялж байснаас 1 хүн нь автомашины дотуур хаймар хийлж нуурын усанд сэлж байгаад салхинд туугдан эргээс холдсон тухай дуудлагыг 08.07-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 140 км зам туулан 18:20 цагт очиход тус сумын харьяат иргэн Б/40 настай, эрэгтэй/-нь живсэн байсан тул 15 метрийн тойрогт 4 удаа гүний шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулахад үр дүнд хүрээгүй тул 20:50 цагт түр зогсоосон. 08.08-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.   

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уул гэдэг газар Хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Онцгой байдлын байгууллага, нийслэлийн Цагдаагийн газрын алба хаагчид 07.19-24-ний өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Ар гэрийн хүсэлтийг үндэслэн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 08.07-ны өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны “Баянголын-Ам”, “Тахилтын даваа”, “Шижирын даваа” гэдэг газруудад 78 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:00 цагт түр зогсоосон. 08.08-ны өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Вива Сити” хотхоны хойд талд Туул голын эрэг дээр 2 хүүхэд тоглож байгаад ус руу унаж бургаснаас барьж зүүгдсэн тухай дуудлагыг 08.07-ны өдрийн 14:11 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18 км зам туулан 14:30 цагт очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн М /14 настай, эрэгтэй/, мөн хорооны харьяат иргэ М/11 настай, эрэгтэй/ нар голын эргийн бургаснаас зүүгдсэн байсныг уснаас эсэн мэнд гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

5.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:  

– Хүчтэй салхи шуурга: Булган аймгийн Гурванбулаг сумын Авзага багийн “Авзага хайрхан” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 28 км-т/ 08.06-ны өдрийн 17:00-17:40 цагт салхины хурд 25-26 м/с хүрсний улмаас 220 В-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын “СК-26” загварын 2  тулгуур багана унаж Архангай аймгийн 19 сум, Баянхонгор аймгийн 20 сум, Өвөрхангай аймгийн 19 сум, нийт 3 аймгийн 58 суманд цахилгаан тасарсан тухай мэдээллийг 08.07-ны өдөр хүлээн авсан. “Эрдэнэт-Булганы цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Хангайн бүсийн салбарын ажилтнууд ажиллаж 08.07-ны өдрийн 14:20 цагт хэвийн горимд шилжүүлсэн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top