“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа А.Алтансүхийг урьлаа. Тэрээр 1995 онд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангиас гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхэлж, Онцгой байдлын байгууллагад 26 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангид салааны захирагч, Дархан-Уул аймгийн ОБХ-т Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ОБГ-т Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ОБГ-ын Дархан сум дахь Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн ангийн захирагч, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын төлөвлөлт, бэлэн байдал, улсын хяналт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2019 оноос өнөөг хүртэл СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байна.
– Солонгын 7 өнгөнөөс өөрийгөө аль өнгөтэй зүйрлэх вэ? Яагаад энэ өнгөтэй зүйрлэх болов?
Хөх өнгө. Эрт дээр үеэс бидний өвөг дээдэс цэлмэг хөх тэнгэрийг шүтэж, мөнх хөх тэнгэртэй ажил, амьдралаа даатгаж ирсэн уламжлалтай. Нөгөөтэйгүүр Онцгой байдлын алба хаагч бид мөнх хөх тэнгэрийн өнгөтэй хувцсаар гоёж түмэн олондоо танигдсан болохоор хөх өнгөөр өөрийгөө тодорхойлно.
-Мэргэжлийг нь эзэмшээгүй ч хийж үзэх юмсан гэж боддог мэргэжил юу вэ. Яагаад?
Багш. Багш хүн бол бусдад сурсан мэдснээ хуваалцаж, түгээн дэлгэрүүлдэг сайхан энергитэй, гэгээн мөртэй ажил. Аав, ээж хоёр маань энэ мэргэжлээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан болохоор илүү ойрхон, дотно санагддаг.
-Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Цэргийн хүн болох багын мөрөөдлөө биелүүлсэн. Цагдаагийн академийг Галын техникч, “Их Засаг” Олон улсын сургуулийг эрх зүйч, ОХУ-ын Онц байдлын яамны харьяа Иргэний хамгаалалтын академийг цэргийн анги нэгтгэлийн удирдлагын магистр мэргэжлийг эзэмшиж, цэргийн хүний амьдралаар 26 жил амьдарч байна. Тийм болохоор миний мөрөөдөл өөрчлөгдөөгүй. Үлээвэр хөгжим, даралтад, утсан хөгжмүүдийг авьяаслаг чадварлаг хөгжимчид, амьд хөгжмийн хамтлагтай хамтраад тоглож үзэх юмсан гэсэн мөрөөдөл гэхээс илүүтэйгээр нууцхан нэг хүсэл юм уу.
–Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтад хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол….?
Тухай ажилтныг юу хийж чаддаг, ямар чадвартай боловсон хүчин бэ гэдгийг харуулах хамгийн том боломж гэж боддог. Иймд удирдлагаас өгсөн ямар ч үүрэг даалгаврыг хурдан шуурхай, сэтгэлээсээ хийж байвал тухайн алба хаагчийн амжилтад хүрэх үндэс л гэж хардаг даа.
-Магтаал шүүмжлэл хоёрын аль нь таныг хурцалдаг вэ?
Шүүмжлэл. Хүн болгон алдаа гаргадаг шүү дээ. Шүүмжлэл гэдэг бол хүнийг алдааг ухамсарлуулах, хийсэн үйлдлээ дахин бодох, үнэлж цэгнэх, өөрийгөө дайчлах сэдэлжүүлэлт байдаг. Онцгой байдлын байгууллагын үе, үеийн олон сайхан чадварлаг удирдагч нар, алба хаагч нартай мөр зэрэгцэн ажиллаж байхдаа тэднийхээ магтаалд урамшин, шүүмжлэлд илүү хурцлагдаж, гаргасан алдаагаа давтахгүй юмсан гэж хичээж явна даа.
– Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?
Аз жаргал гэдэг бол хайр дүүрэн халуун, дулаан уур амьсгал, сэтгэлийн амар амгалан. Иймдээ ч миний аз жаргал миний гэр бүл. Гэр бүлээсээ аз жаргалыг мэдэрдэг. Харин юунаас, хаанаас аз жаргалыг мэдрэх нь хувь хүний сонголт шүү дээ.
– Таны бахархал?
Онцгой байдлын алба. Монгол Улсын Онцгой байдлын алба нь нэгдсэн тогтолцоонд шилжээд 17 жилийн нүүрийг үзэж байгаа ч үе, үеийн чадварлаг удирдагч нарын сайн менежментийн ач тусаар богино хугацаанд өргөжин тэлж, эрх зүйн орчин маш сайн бүрдэж, техник, тоног төхөөрөмжийн хангалт сайжирсан. Мөн бидний хийж, бүтээж байгаа зүйлс олон түмэнд үнэлэгдсэн алба болж чадсан гэж боддог. Ийм сайхан өргөжин тэлж яваа, хүн ардынхаа аюулгүй амгалан байдлын төлөө амиа үл хайхран зүтгэдэг Онцгой байдлын албаны эд эс нь болж яваадаа бахархаж явдаг даа.
– Таныг цэргийн хүнээс гадна өөрөөр юу гэж тодорхойлж болох вэ?
Аав хүн, хань хүн гэж тодорхойлох байх.
Эх сурвалж: Онцгой мэдээ сонин