1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
Төлөв байдал: 11-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 11-нээс нутгийн өмнөд хэсгээр халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Гурван шар” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 15 км, сумын төвөөс хойд зүгт 10 км/-т 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.09-ний өдрийн 18:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 19:05 цагт очиж иргэн Д-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.09-ний өдрийн 22:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 22:50 цагт очиж иргэн Р-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн “Гүрмийн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн зүгт 1 км-т/ “Гүрмийн нуур”-ын эрэг дээр 9 хүн аялж байснаас 1 хүн нь автомашины дугуйны дотуур хаймар хийлж нуурын усанд сэлж байгаад салхинд туугдан эргээс холдсон тухай дуудлагыг 08.07-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид иргэн Б /40 настай, эрэгтэй/-нь живсэн байсан тул 08.09-ний өдөр 3-4 метрийн гүнд 9 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 20:00 цагт тус нуурын баруун урд талын эргээс цогцсыг олж, сумын Цагдаагийн хэсгийн цагдаад шилжүүлэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар Хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 08.09-ний өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г Сонгинохайрхан дүүргийн баруун салааны эцэс “Богд-Овоо”, “Богдын-Ам”, “Баян-Уул”-ын ам, “Баян-Уул” амралт, “Нарс” зуслангийн арын уул зэрэг газруудаар 9 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:00 цагт түр зогсоосон. 08.10-ны өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР