1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймагт хур тунадас орсон бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар үүл багасна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Халх голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө 24-26 градус дулаан байна.
Төлөв байдал: 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.10-ны өдрийн 14:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 14:26 цагт очиход иргэн Б-гийн “Санта Пе” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.10-ны өдрийн 18:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 18:21 цагт очиход иргэн Э-гийн 5 ханатай гэр шатсаны улмаас 7х6 метрийн хэмжээтэй байшин, 6х5 метрийн хэмжээтэй граж тус тус өртөн шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д Туул голын усанд 1 эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 08.10-ны өдрийн 05:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 17 км зам туулан 05:22 цагт очиход тус дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн Б /53 настай, эрэгтэй/ нь Туул голд живж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн “Зүүндалан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ хиймэл нууранд 1 хүн живсэн тухай дуудлагыг 08.10-ны өдрийн 16:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 200 км зам туулан 18:23 цагт очиход “Говийн шилмэл зам” ХХК-ийн нүүрс угаах үйлдвэрийн хиймэл нууранд тус компанийн ажилтан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат иргэн Н /22 настай, эрэгтэй/ живсэн тул хүч нэмэгдүүлэн ажиллахаар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын алба хаагчид 08.11-ний өдрийн 05:00 цагт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын чиглэлд явсан.
Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 08.10-ны өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г Сонгинохайрхан дүүргийн баруун салааны эцэс “Богд-Овоо”, “Богдын-Ам”, “Баян-Уул”-ын ам, “Баян-Уул” амралт, “Нарс” зуслангийн арын уул зэрэг газруудаар 9 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:00 цагт түр зогсоосон. 08.11-ний өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР