Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-29 градус дулаан байна.

Төлөв байдал: 13, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2/Б хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.11-ний өдрийн 21:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 21:42 цагт очиход эзэнгүй 4х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтрааж, тус дүүргийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн “Зүүндалан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ хиймэл нууранд 1 хүн живсэн тухай дуудлагыг 08.10-ны өдрийн 16:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, Үндэсний аврах бригадын алба хаагчид 08.11-ний өдрийн 09:53 цагт очиж, нүүрс угаах үйлдвэрийн хиймэл нууранд компанийн ажилтан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат иргэн Н /22 настай, эрэгтэй/ живсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:30 цагт тус иргэний цогцсыг нуурын 11 метрийн гүнээс олж, тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлж өгсөн.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Бухын цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 285 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 65 км-т/ 1 хүн тогтоол усанд сэрүүцэхээр ороод живсэн тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид 65 км замыг туулан 21:45 цагт очиход иргэн Э /34 настай эрэгтэй/ тогтоол усанд сэрүүцэхээр ороод живсэн байсан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:50 цагт түр зогсоосон. 08.12-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Найрамдлын хэсэг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 172 км-т, сумын төвөөс урд 5 км-т/Хараа голд 2 зорчигчтой автомашин суусан тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 11:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 11:30 цагт очиход Хараа голд иргэн Б-гийн жолоодож явсан “Ниссан Эдива” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ суусан байсныг аюулгүй газарт татаж гаргасан.        

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 08.11-ний өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г Чингэлтэй дүүргийн 17, 19 хорооны “Зүрх-Уул”, “Яргайт”, “Яргайтын богино” зэрэг газруудаар 11 км-т явганаар, 42.5 км-т автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:00 цагт түр зогсоосон. 08.12-ны өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top