Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-23 градус, говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн баруун хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 17-ноос баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн “Салхитын мөнгөний уурхай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 71 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ “МН жойн” ХХК-ийн “Атлас кобко Л6” загварын өрөмний автомашины хөдөлгүүрийн хэсэг 08.11-ний өдрийн 15:40 цагт шатсан тухай мэдээллийг 08.12-ны өдрийн 08:39 цагт хүлээн авсан. Уг гал түймэрт иргэн Г /21 настай, эрэгтэй/ өртөж 2 гар, хүзүү хэсэг түлэгдсэн. Аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын алба хаагчид 08.12-ны өдрийн 11:00 цагт очиж ажилласан.

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатансуудал багийн Уранхайрхан хороололд 5 ханатай гэр 08.11-ний өдрийн 14:25 цагийн үед шатсан тухай мэдээллийг 08.12-ны өдрийн 11:15 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан сумын Засаг даргын тамгын газрын ажилчид, Зэвсэгт хүчний 103 дугаар салбарын алба хаагчид иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 1 цаг 35 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн “Хүхээгийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 23 км, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км/-т автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.12-ны өдрийн 18:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 23 км замыг туулан 18:59 цагт очиж Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын чиглэлд зорчиж явсан иргэн Г-гийн “Тоёота Стима” загварын автомашин шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн “Хар-Усан тохой’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 190 км, сумын төвөөс баруун урд зүгт 10 км/-т иргэн Г /2 настай, эрэгтэй/ 08.12-ны өдрийн 16:00 цагийн орчимд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 08.12-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, тус сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс 2 км радиуст эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, гэрээс нь хойд зүгт 600 м-т “Цагаан чулуут” гэдэг газар Хожуул гол /80 см гүн, 5 м өргөн/-оос 17:24 цагт Г /2 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж, тус сумын цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Уулын осол: Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Рашаантын хүрхрээ’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км/-т Зэрэг сумын харьяат 3 иргэн “Их хүрхрээ” рүү рашаан уухаар явж байгаад 1 хүн нь гэмтсэн хаднаас буух боломжгүй болсон тухай мэдээллийг 08.12-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 22:08 цагт “Рашаантын хүрхрээ’’ чиглэлд хөдөлгөөн үйлдэж 100 км замыг туулан 23:45 цагт тус хүрхрээний харалдаа уулын бэлд очсон. Цааш явганаар дахин 5 км орчим явна. Нэмэлтээр Манхан сумын Эрүүл мэндийн төвөөс эмч, сувилагч 08.12-ны өдрийн 23:58 цагт “Рашаантын хүрхрээ’’ чиглэлд хөдөлгөөн үйлдсэн.    

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул’’ гэдэг газар хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс 08.12-ны өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г Чингэлтэй дүүргийн 17, 19 хорооны “Зүрх-Уул”, “Яргайт”, “Яргайтын-Ам” зэрэг газруудаар 15 км-т явганаар, 45 км-т автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:00 цагт түр зогсоосон. 08.13-ны өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн “Цагаан бургасны тархи” гэдэг гэзар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км/-т иргэн Г /15 настай, эрэгтэй/ 08.11-ний өдрийн 13:00 цагийн орчим морьтойгоор малаа хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 00:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс 08.13-ны өдрийн 05:30 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт багийн Харцатын голын “Цагаан-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 145 км-т, сумын төвөөс урд зүгт 1 км-т/ иргэн У /48 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлтэй/ 08.12-ны өдрийн 07:00 цагт гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 08.12-ний өдрийн 10:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс 08.12-ны өдрийн 11:20 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 12:17 цагт тус багийн Идэрийн голын “Цутгалан” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 8 км/-аас У /48 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлтэй/-ийг усан дотор биеийн тал хүртлээ орсон байсныг эсэн мэнд олж сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт багийн “Ховд голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км, сумын төвд/ иргэн А /25 настай, эрэгтэй/ 08.12-ны өдрийн 14:00 цагийн орчим загасанд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 06:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 07:00 цагаас иргэн А /25 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. /Ховд голын эргээс тухайн иргэний авч явсан загасны уурга, хутга, уут, барьсан загас зэргийг олсон./

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top