Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 18,19-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 17-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 08.16-ны өдрийн 00:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 00:08 цагт очиж 3х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Давааны 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 10:09 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 10:18 цагт очиж иргэн Т-гийн 5 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн “Замын-Үүд боомтын 3-ын хаалт” гэдэг газар /аймгийн төвөөс 214 км, сумын төвд/ иргэн Э-гийн ачааны автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 15:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:31 цагт очиж иргэн Э-гийн “Норд Бенз” загварын ачааны автомашины чиргүүлийн хойд талын давхар дугуй шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 19:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 17 км замыг туулан 20:05 цагт очиж иргэн У-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багт айл шатаж байна гэсэн тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 21:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 22:05 цагт очиж иргэн И-гийн 5 ханатай гэр, 4 ханатай 2 гэр шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 21:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 22:05 цагт очиж иргэн А-гийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Хонгор суманд /аймгийн төвөөс урд зүгт 25 км, сумын төвөөс урд зүгт 10 км/-т автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 23:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 35 км замыг туулан 23:55 цагт очиж иргэн Б-гийн “Митсүбиши Супергреат” загварын автомашин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Арвижих” багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.16-ны өдрийн 04:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 04:17 цагт очиж иргэн Н-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Баянчандмань сумын Замт багийн “4 дүгээр хороо” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 111 км, сумын төвөөс зүүн зүгт 1 км/-т Сүүжийн 1 дүгээр гудамжинд эзэнгүй айлын байшин шатаж байна гэсэн мэдээллийг 08.15-ны өдрийн 21:33 цагт хүлээн авсан. Тус сумын иргэд иргэн А-гийн 8х9 метрийн хэмжээтэй байшин, 7х7 метрийн хэмжээтэй гарааш, Сонато-6 загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Таван толгойн” гүүрний баруун талд хиймэл нууранд 2 хүн осолдсон гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 20:01 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 27 км замыг туулан 20:35 цагт очиход оршин суугаа хаяг, нэр нь тодорхойгүй /36 настай, эмэгтэй/, /15 настай эрэгтэй/ нар нь тус хиймэл нуурт осолдсон гэсэн мэдээллийн дагуу нуурын мандал дээгүүр 2 цаг 25 минут эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:04 цагт түр зогсоосон. 08.16-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс 08.15-ны өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Хар шороо”-ны ам, “Найрамдал” зуслан зэрэг газруудаар 12 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:00 цагт түр зогсоосон. 08.16-ны өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт багийн “Ховд голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км, сумын төвд/ иргэн А /25 настай, эрэгтэй/ 08.12-ны өдрийн 14:00 цагийн орчим загасанд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 06:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн иргэд, ар гэрийн хүмүүс 08.15-ны өдөр иргэн А /25 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-г “Ховд” голын 2.5 метрийн гүнд 12 удаа шумбаж, голын эрэг дагуу “Харгант” гэдэг газраас “Долоон гаталга” гэдэг газар хүртэл 17 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.16-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн. /”Ховд” голын эргээс тухайн иргэний авч явсан загасны уурга, хутга, уут, барьсан загас зэргийг олсон./

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top