Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Улз, Халх голын хөндийгөөр 19-24 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд баруун аймгуудын нутaг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 18,19-нд зарим газраар 13-15 м/с, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн өмнөд хэсгээр халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 17-ноос нутгийн баруун хэсгээр, 18-нд нийт нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 08:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 08:56 цагт очиход иргэн О-гийн 10×8 метрийн хэмжээтэй байшингийн унтлагын өрөө шатаж байсныг 44 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустайн зуслангийн Задгайд байшингийн цахилгааны утас шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 11:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан 11:15 цагт очиход иргэн С-ийн 8х6 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дотор эд хогшил шатаж байсныг 25 минут, хүч нэмэгдүүлж 11:17 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 11:35 цагт очиж 40 минут ажиллаж тус тус унтраасан.     

Налайх дүүргийн 4 дүгээр хороонд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 11:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 12:01 цагт очиход иргэн М-ийн 1 бухал өвс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 13:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 15.5 км замыг туулан 13:34 цагт очиход иргэн Г-гийн 10х5 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.   

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хөхөө багийн “Дархин толгой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т, Хатгал тосгоноос зүүн урд зүгт 20 км-т/ иргэн Ш-ийн 5 ханатай гэр шатсан тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 01:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид 01:05 цагт хөдөлгөөн үйлдсэн. Уг гал түймэрт тус аймгийн Ринченлхүмбэ сумын харьяат иргэн Ш /47 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус тосгоны Цагдаагийн тасагт шилжүүлж өгсөн.

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багт /аймгийн төвөөс хойд зүгт 112 км, сумын төвд/ иргэн Б-ийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 08.15-ны өдрийн 02:45 цагт хүлээн авсан. Иргэн Д-гийн 5 ханатай гэр шатсаныг тус сумын Цагдаагийн хэсгээс аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Минж үржүүлэгийн гарам”-аас баруун зүгт 500 метрт “Туул” голд 4 хүн загасчилж явахдаа 1 хүн живсэн тухай дуудлагыг 08.14-ний өдрийн 20:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 26 км замыг туулан 20:42 цагт очиход Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /33 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ “Туул” голд живсэн тул “Минж үржүүлгийн гарам”-аас “Могойт дэнжийн гүүр” хүртэл 5 км-т завиар урсаж 12 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:40 цагт түр зогсоосон. 08.15-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн “Хар тэрмэс” гэдэг гэзар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 135 км-т, сумын төвөөс урд зүгт 54 км-т/ 08.14-ний өдрийн 22:00 цагийн орчим 4 хүн зугаалж явснаас 1 хүн Хяргас нууранд хийлдэг гудастай сэлж явахдаа унаж живсэн тухай дуудлагыг 08.14-ний өдрийн 22:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид тус аймгийн харьяат иргэн Т /28 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ Хяргас нууранд хийлдэг гудастай сэлж явахдаа унаж живсэн тул эрэн хайхаар 08.15-ны өдрийн 02:45 цагт очиж, нуурын баруун урд эргээс 35 метр, 6 метрийн гүнээс тус иргэний цогцсыг мөн өдрийн 07:35 цагт олж, тус аймаг дахь Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлж өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс 08.14-ний өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г Сонгинхайрхан дүүргийн 21 дугаар хорооны “Улаан чулуут”-ын төвлөрсөн хогийн цэг, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны “Цагаан даваа”-ны төвлөрсөн хогийн цэг зэрэг газруудаар 18 км-т явганаар, 52 км-т автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:00 цагт түр зогсоосон. 08.15-ны өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт багийн “Ховд голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км, сумын төвд/ иргэн А /25 настай, эрэгтэй/ 08.12-ны өдрийн 14:00 цагийн орчим загасанд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 06:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн иргэд, ар гэрийн хүмүүс иргэн А /25 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-г “Ховд” голын 1 метрийн гүнд 17 удаа шумбаж, “Шар нуур” гэдэг газраас “Долоон гаталга” гэдэг газар хүртэл 17 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 08.15-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн. / ”Ховд” голын эргээс тухайн иргэний авч явсан загасны уурга, хутга, уут, барьсан загас зэргийг олсон/

4.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Уруйн үер: Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн “Их булаг” хороололд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 86 км, сумын төвд/ 08.14-ний өдрийн 22:00-23:30 цагийн хооронд орсон хүчтэй аадар борооны улмаас уруйн үер бууж гэр, хашаа, байшин усанд автсан тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 00:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 51 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 08.15-ны өдрийн 02:02 цагт очиж, 5 гэр, 5 байшин, 1 үйлдвэр, 2 хүнсний дэлгүүр, 1 давхар буудлын усыг соруулж, ус зайлуулах шуудуу татаж ажилласан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top