БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

sited-GJ1A3698.jpg

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсаас  Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын чадавхыг дээшлүүлэх чиглэлээр хэлэлцэж, санал солилцсон юм.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд 2017 онд нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталсанаар “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл” биелэлээ олох нөхцөл бүрдэж, Онцгой байдлын байгууллагын Гал түймэртэй тэмцэх техник тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөлд 3.0 сая, Гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт II шатлалын эмнэлгийн төслийг 6.5 сая еврод хэрэгжүүлэхээр тус тус баталсан юм.

Түүнчлэн 2018 онд Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар гал унтраах үндсэн албаны автомашин 13, шуурхай албаны автомашин 1, нийт 14 автомашин төв, орон нутгийн Онцгой байдлын газруудын Гал түймэр унтраах, аврах ангиудад үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Дашрамд дурдахад БНПУ-ын Засгийн газрын тэтгэлэгтэйгээр Онцгой байдлын байгууллагын 16 алба хаагч тус улсад мэргэжлийн сургалтад хамрагдаж байгаа юм. Уулзалтын үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг  БНПУ-ын Элчин сайдын яамнаас академик болон бусад урт, богино хугацааны сургалтуудад манай алба хаагчдыг хамруулна гэдэгт найдаж буйгаа уламжилсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top