Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүсэж 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газраар 19-24 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно, салхи зүүн өмнөөс 5-10 м/с, шөнөдөө 15-17 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 18,19-нд нутгийн зарим газраар, 21-нд нутгийн баруун хэсгээр 13-15 м/с, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.16-ны өдрийн 13:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 13:36 цагт очиход иргэн Д-гийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.16-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 18:49 цагт очиход иргэн Б-гийн “Лексус-G450H” загварын автомашин шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.                                          

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.16-ны өдрийн 18:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 19:06 цагт очиход иргэн Б-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.    

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 05:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 05:10 цагт очиход иргэн Х-гийн “Сонато-6” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.                                                                                       

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Таван толгойн” гүүрний баруун талд хиймэл нууранд 2 хүн осолдсон гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 20:01 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 27 км замыг туулан 20:35 цагт очиход Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат иргэн С /36 настай, эмэгтэй/, С /15 настай, эрэгтэй/ нар нь хиймэл нуурт живсэн тул нуурын мандал дээгүүр 2 цаг 25 минут эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:04 цагт түр зогсоосон. 08.16-ны өдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлэн 09:43 цагт С /15 настай, эрэгтэй/, 11:50 цагт С /36 настай, эмэгтэй/-ийн цогцсыг тус тус гарган тус дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн “Гахайн давааны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 2 км-т/  “Дэлгэр” мөрөнд 1 эрэгтэй хүний цогцос байгаа тухай дуудлагыг 08.16-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2 км зам 12:19 цагт очиход тус сумын харьяат иргэн Д /31 настай, эрэгтэй/-ы цогцсыг уснаас гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.  

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс 08.15-ны өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Хар шороо”-ны ам, “Найрамдал” зуслан зэрэг газруудаар 12 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:00 цагт түр зогсоосон. 08.16-ны өдөр эрэн хайх ажиллагаа явагдаагүй.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт багийн “Ховд голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км, сумын төвд/ иргэн А /25 настай, эрэгтэй/ 08.12-ны өдрийн 14:00 цагийн орчим загасанд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 06:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн иргэд, ар гэрийн хүмүүс 08.16-ны өдөр иргэн А /25 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-г “Ховд” голын 5 метрийн метрийн гүнд 10 удаа шумбаж, голын эрэг дагуу “Шар нуур” гэдэг газраас “Долоон гаталга” гэдэг газар хүртэл 20 км-т явганаар болон завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 08.17-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

Шаварт суусан: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн “Жарангийн гол” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 3 км-т/ачааны автомашин шаварт суусан тухай дуудлагыг 08.16-ны өдрийн 10:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:15 цагт очиж иргэн А-гийн “Порланд” загварын ачааны автомашиныг татан гаргасан.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top